108 bca5878050c80029559b01e7bc071a4b1540e0e9e3eb8196c3f267aa4c662d75
Очир эрхшээгч
Зохиолч:Б.Батрэгзэдмаа
Нийтэлсэн:
2016-04-26
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Очир эрхшээгч
Б.Батрэгзэдмаа

Очир эрхшээгч сэтгэл эрхшээсэнгүй.

Худалдаанд гарахаасаа өмнө хувьсгал хийсэн бүтээл болж гэж цоллуулаад эхэлсэн (https://www.youtube.com/watch?v=C0mEqQoB3mg) “Очир эрхшээгч” романыг уншиж дүүргэлээ. Тэр их магтаал хүлээлтийг маань тэнгэрт нисгэчихэв үү ? Эсвэл ... Сайн ном уншсаны дараа төрдөг тэр өег, хангалуун сэтгэгдэл бус урам хугарсан, хууртсан мэдрэмж төрж байгаа нь харамсалтай.

Мартагдах шахаад байсан бурхны шашин эргэн сэргэж шүтлэгтэн, санваартан олширч байгаатай холбогдуулан иймэрхүү сэдэвтэй ном зохиолууд чамгүй олширч байгаа. Би өөрөө бурхан шүтээн гээд учиргүй залбирч шүтдэггүй ч хааяадаа хийморийн сан тавиулчихдаг, жилдээ нэг засал хийлгэдэг, цагаан сараар тарни умшаад зүгээ гаргачихдаг, шөнө орой жаахан жийрхвэл эмээгийнхээ зааж өгсөн хэдэн маань мэгзмийг хазгай муруй хэлэхчээн болдог "хуурамч" буддист хүн. Өөрийнхөө мэдсэн сонссоны хүрээнд буддын шашныг амьдрал болоод шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин гэж би үздэг. Эцэг эхийн маань шүтлэг ч үүнд нөлөөлдөг байх. Зохиогч “Очир эрхшээгч” романаараа үүнийг л өгүүлэхийг зорио юу хэмээн мунхаглана. Гэвч буддын шашин, үйлийн үр, урд, хойт нас зэргийг хэтэрхий чамин сүлжих гэж хичээгээд учир нь олдохгүй орооцолдоон болгоод хаячихаа юу гэж санагдлаа. Харин би шашин, гүн ухаан, нүгэл буян, сүнс сүүдрийн талаар шүүмжлэхүйц хэмжээнд мэдэхгүйн дээрээс сонирхохгүй учраас утга агуулга хийгээд уншигчдад хүргэх гэсэн мессеж зэргийг түр хойш нь тавиад зохиолчийн ур чадвар, бүтээврийн талаас сайнгүй зохиол болсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн шалтгаанаа дор тайлбарлахыг оролдлоо.. Ер нь сүүлийн үед сэтгэлгээний гэдэг нэрээр уран сайхангүй, утга уянгагүй, үйл явдалгүй муухан номоо хаацайлдаг болоо юу гэж хар төрж явдгаа хүрд эргүүлэх боломж олдсон дээр нь хэлээд авъя.

1. Уран зохиолд адилтгал зүйрлэлийг оновчтой зөв ашиглавал хүнд өмссөн хувцас нь зохисон юм шиг сайхан чимэг болж өгдөг. Харин буруу зүйрлэл хэрэглэвэл эсрэгээр эргэх нь мэдээжийн хэрэг. Харамсалтай нь энэ ном 2 дахь тохиолдолд багтаж. Тухайлбал:

“Эндрю тэр хөлдүү устай торх шиг авгайд маш муу байв.”(60-р тал) Ус хөлдвөл мөс болно. Тэгээд ч мөстэй торх ч бай, хөлдсөн устай торх ч бай аль аль нь оновчгүй зүйрлэл гэдэг нь илт. Эсвэл зүгээр л торх шиг авгай гэвэл төсөөлөхөд сэтгэлд илүү бууж байна.

“Фабио Цохисон цөцгий шиг сэнгэнэж байгаа биз? гэхэд, сэнгэнэх гэдгийг чи шар айраг ч юм уу хийжүүлсэн ундааны хамар руу ордог шигийг хэлээд байна уу? гэж Эндрю Фабиогоос асуужээ. Фабио тэрийг чинь үнэр сэнгэнэх гэхгүй. Хийжүүлсэн ундааныхыг бол хамар цоргих гэнэ. Сэнгэнэн үнэртэх гэдэг бол өөр хамарт унгас үнэртдэг шиг цочмог үнэртэхдээ ялгаагүй гэсэн үг гэсэн юм.” (61-р тал)
Унгас сэнгэнэнэ гэдэг бол дэндүү, бүр дэндүү муу зүйрлэл. Эсвэл зохиолч маань сэнгэнэх гэдэг үгийн талаар тун буруу ойлголттой бололтой. Салхи, гаа мэтэс л сэнгэнэн үнэртэнэ үү гэхээс унгас бол сэнгэнүүлэх тохиромжгүй үг. Унгас сэнгэнэж хамар цоргихыг уншаад жүжигчин Сосорбарам нэг шог гараан дээрээ “Адууг бол давхиулна, цогиулна, алхуулна. Аа харин тэмээг бол яахав? Жонжуулна, бас тэшүүлж болно. Во во во. Гэтэл үхрийг яахав? Залгануулдаг мэдэв үү.”гэж хэлдэг санаанд орж байлаа. Хийжүүлсэн ундааны хувьд бол хамар руу орвол цоргихоос илүүтэйгээр шархируулах байлтай.

2. Зарим монгол ном зохиолууд гадаад хэлээр уншиж байгаа юм шиг түг таг гээд нэг санаанд бууж сэтгэлд ургаж өгөхгүй болсон нь залуучууд маань монгол хэлээ мэдэхээ байсантай холбоотой гэж ойлгодог. Гадаад хэлний өгүүлбэрийн бүтэцтэй, хэдхэн үгэн дотор эргэлдсэн, баахан адилхан төгсгөлтэй өгүүлбэр зэргийг харахад муухан орчуулагчийн хийсэн ажил л гэлтэй. Очир эрхшээгч ч үүнийг тойрсонгүй. Оновчгүй найруулсан, утга авцалдаагүй өгүүлбэрүүд чамгүй олон тааралдана.

“Хар хургыг өрөвдөн өөрлүүгээ дуудах гэтэл даяанч болон хувирч нэгэн хурга болон хувирав гэнэ.”(115-р хуудас) Хар хурга хувираад хурга болчихов уу даяанч болчихов уу?
“Өвгөн лордын сүнс гал бадруулан өрөөнд буух улаан сахиуснаас сүнс нь хальчих шахан айхад гэгээнтэн өвгөн лордын сүнсийг тайвшруулсан юмсанж.”(343-р хуудас.)
Юм учиртай тэр нь учиртай, учир нь учиртай л гэдэг. Үүн лугаа хүн сүнстэй, сүнс нь сүнстэй байдаг бололтой.

3. Үгийн сонголт сайн бус, заримдаа үгэн дээр янз бүрийн нөхцөл дагавар залгаж монгол хэлний үгийн санд байхгүй үг бүтээж хүртэл ашигласан нь монгол хэлний үг бүтэх ёсыг хайр найргүй гишгэчсэн лугаа адил. Б.Лхагвасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр нэгэн удаа зохиолч хүн гэдэг бол эх хэлний манаач байх ёстой гэсэн утгатай үг хэлж байсныг би санаж байна. Харин энэ манаач шиг биш хил зөрчигч шиг аашилсан номонд яагаад тэгж их саймширсныг гайхаж суух.
“Улаан уулын даяанч урт сахлаа илбээд зальжингуй нүдээр инээмсэглэж, “Хөх хүмүүн хоёул үүл хөлөглөнө өө” гээд өөрийн нь гараас татаж дэргэдээ зогсоов.”(363-р хуудас). Зальжин хүн, залирхаг харц гэх мэт үгс бий. Харин зальжингуй гэж юу л бол доо.

4. Утга найруулгын болоод логикийн хувьд алдаатай өгүүлбэрүүд хуудас бүрт тааралдана. ”Урьтаар нэг зүг эхлээд явъя.”“Удтал удаан хэвтэв.”“Нэг алхлав” гэх мэт.
“Нэгэн навсгар цоорхой гэж жигтэйхэн нэгэн бор гэрийн тоонон дээр ирээд тогтов. Даяанч тооно өөд өнгийхөд нь дуурайлаа.”(365-р хуудас) Эхний өгүүлбэрт нэгэн гэдэг өгүүлбэрийг хоёр давтах шаардлагагүй. Дараах өгүүлбэрт гэрийн тоонон дээр суучихаад өөдөө тооноруу өнгийнө гэсэн нь давхар тоонотой гэрт байгаа юм шиг болжээ. Энэ мэт үг өгүүлбэрүүд нь зохиолчийн болоод редакторуудын хэтэрхий хайнга, хариуцлагагүй хандсаныг гэрчилнэ. Энд бас зөв бичих дүрмийн алдааг огт тооцоогүйг санах хэрэгтэй. Жишээ болгож авсан өгүүлбэрүүд нь огт засваргүй, номноос тэр чигээр нь хуулж бичсэн өгүүлбэрүүд тул үг үсгийн алдаа нь ямархуу вэ гэдгийг тэндээс шууд харах боломжтой юм.

Мэдээж хэрэг бүх зүйл сайн, муу 2 талтай байдаг болохоор магтмаар зүйлс ч бас байсныг хэлэх хэрэгтэй. Тэр олон цэцэгсийг монгол, латин нэрээр хоёулангаар нь бичиж төсөөлж болохуйц тун боломжийн дүрсэлсэн нь чамгүй судалгаа хийснийг харуулж байна. Мөн биг бен, европчуудын хийсэн шамбалын талаарх эрэл хайгуул зэргийг ч энд дурдах нь зүйн хэрэг. Буддын гүн ухаан гэдэг бол бичихэд байтугай уншихад ч хүнд сэдэв. Тэр тусмаа ийм хэмжээний роман бичнэ гэдэг яавч хурууны үзүүр төдийгөөр дөнгөчих хялбар ажил биш. Хөдөлмөрч хүн роман бичдэг, авьяастай хүн өгүүллэг бичдэг гэлцдэг. Энэ нүсэр роман бичихэд гаргасан зохиолчийн хөдөлмөрийг хэдий үнэлж байгаа ч дараагийн удаад давтахгүй байгаасай хэмээн үүнийг бичлээ.

Муу махаа гуриланд ороож
Муухай хүүхнээ торгонд ороодог дотор газрын аргаар муухан номоо магтаалаар баринтагласан нь бодох нь ээ маркетинг хэмээх наймааны ухаан буй заа.

Нийт сэтгэгдэл : 0