126 1535efaac15ffde20fd42c3f2c8dbfe96215be6c3beda752cc3e659351102965
Гэгээн нэхэл
Зохиолч:Д.Оюунгэрэл
Нийтэлсэн:
2016-05-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Гэгээн нэхэл
Д.Оюунгэрэл

Тооноор гэгээ ормогц ухасхийн босож хувцаслаад чимээ гаргахгүйг хичээн зуухны тагийг сэмхэн авч тогоо тавилаа. Хөгшин ээж их сэргэг унтдаг хүн болохоор би чүдэнз зурахдаа ч эмээнэ. Зүүн талын орон дээр хөнжилдөө шургаад унтаж байгаа хөгшин ээжийг хөдлөх нь үү гэж үе үе хяламхийсээр аргал ноцоож цай үйчхээд, өчигдөр хөөрүүлж загсаасан тогоотой сүүг эвтэйхэн өргөж дөрвөлж дээр тавихдаа өрмийг нь хагалчихгүй гэж их л хичээнэ. Яндан халахаас өмнө өрхөө таталгүй горьгүй. Хаалга нээгдлээ л бол хөгшин ээж сэрлээ гэсэн үг. Харин өглөө бүр нуугдаж босоод гал түлчихдэг надад урам өгөх гэсэндээ хөгшин ээж минь сэрүүн хэрнээ хөшсөн биеэ ч тэнийлгэж чадахгүй хөдөлгөөнгүй хэвтдэг байсан болов уу гэж одоо бодогдоно. Ингэж миний өглөө эхэлнэ. Саахалтаас аргалын цэнхэр утаа үүрийн гэгээтэй уралдан чанх өөдөө цойлсоор үүлэнд хүрэхийг тэмүүлэх нь өнөө өглөө салхигүйнх. Хойд хотын эгч нараас хоцролгүй утаа май болж амжсандаа маадайтал инээмсэглэж, дүү нараа дуудаж сэрээгээд нарыг угтлаа.

Хайрханы ар шилээс атгасан шагай шиг бөөгнүүлсэн адуугаа буулгаж айсуй нагацаа хараад хоолойн өвчнийг эмнэх санаатай өглөөний шүүдэр өшигчин хөл нүцгэн таваргаж яваа би чөмөг тасхийм хүйтэнд үнээний шээсэнд хөлөө бүлээцүүлсэн шиг дов дамжин гуугачин харайна. Сарлаг хөөрүү амьтан болохоор ганц сайхан гүүглэж орхиход сүүлээ модойтол өргөөд зэл зүглэн сагсайтал давхилдаж гардаг сан. “Сарлаг шиг сагсуураад” гэж Санжид гуайн дунд хүүг хөгшид зэмлэх нь оргүй ч үг биш юм. Сагсуурах сагсуурахдаа бүр морины хоёр тал руу гуйвлаад нударгаа газар чирэн давхиж сүрийг үзүүлдэг тэр идэрхэн эрд архи өгөх айл энэ хавьдаа үгүй болохоор айрганд халчхаад тэгж явдаг юм сан уу, хэн мэдлээ. Сарлагтай нутгийн хүү гэсэндээ хөөрүү л дамшиг байж дээ. Харин нутгийн өвгөд номхон морьтой зөөлөн шогшуулсаар намбатай нь аргагүй уяан дээр бууна. Яг л уул шиг. Дүгнэн хайрхан шиг нутгийн өвгөд. Үрчлээ нь жалга судаг шиг, сахал нь армаг тармагхан бударгана шиг. Оочсон аяга тагш шимийн ундаандаа олон таван үггүй намбалаг өвгөд. Эхний айлын тавгийн ёотонг өвөртлөөд дараагийн айлын багачуулд тарааж явдаг өвгөд буугаад мордоно.

Нар ханын толгойд буухад үнээгээ саачхаад хувин дүүрэн сүү мэлтэлзүүлэн алхахад аймгаас хааяа ирдэг аав ээждээ харуулах хүсэл эрхгүй төрж байна. Чихэр шиг магтаалаар үргэлж хөөргөдөг хөгшин ээж минь хувингийн амсраас доош дандаа л сөөм хэрийн зайд хүрдэг сүүг өглөө бүр харах мөртлөө “Яасан их сүү вэ, миний хүү” гэнэ. Яаж ч халгисан цагаан идээг цалгиаж болохгүй. Газар дуссан сүүг магнайдаа хүргэж аргаддаг, горхи шандад цагаан, улаан идээ хүргэхийг цээрлэж, сүүн дээр хар цай хийдэггүй ёсыг багаас сургана. Өвөр Монголын Одон телевизийн ойн баяраар 2006 онд Хөх хотод зочлох далимаар Бээжингийн төв радиод нэвтрүүлэгчийн алба хашдаг, “Чандмань эрдэнэ” буюу Нурмаа охины дууг зохиосон Эрхэмбаяр гуайтай ярилцаж суутал хоолон гэрийн үйлчлэгч охин үзвээс монгол хүн байтлаа тал аяга сүүтэй цайн дээр минь хар цай нэмэх шахаж билээ. “Сүүтэй цайн дээр хар цай хийдэггүй юм” гэхэд минь зүүн зүгийн гаралтай тэр охин ойлгоогүй нь илт. Харин Эрхэмбаяр гуай тэр үдэш ерөөлийн үг хэлэхдээ надад их л талархаж буйгаа илэрхийлээд, “Монгол заншлаа гээсэн энэ үйлчлэгч охины өмнөөс их ичлээ” гэсэн сэн. Тухайн үед ч би додигор маягийн амьтан сууж байсан байх даа. Гэтэл би монголчууд ийм цээртэйг өөрийн хүүхдэд хэлсэн бил үү?

Нар хоймор голлохоос урьтаж сүү хөөрүүлж, ааруулаа зүсэж тавьчхаад илүү гэрт тогоо нэрж гарна. Одоо би тоглоом наадам хийж, “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр байсан юм шүү” гэдэг ч огт тийм биш ээ. Илүү гэртээ нэг зуухтай, их гэртээ хоёр зуухтай гал тогооны бяцхан эзэгтэй намайг тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байсан гэхээсээ ажил хөдөлмөрт суралцан монгол хүн болж байсан гэвэл илүү зохилтой. Тогоо нэрэх зуур ном унших зав олддог болохоор илүү гэрээс хамраа ч цухуйлгалгүй бага үдийг барна. Буурал аав минь намайг “Дураа хүрвэл босоо тэмээн дээгүүр ч харайна” гэдэг сэн. Үнэндээ энэ нь “Дургүйгээ хүрвэл энэ сээмгэр юу ч хийхгүй” гэсэн үг л дээ. Хүнийг ингэж онож хэлнэ гэж бас байна. Сэтгэлд нэг содон санаа төрмөгц, тэр нь хөгшин ээжийг баярлуулахаар л юм байвал яаж ийгээд хийчхийг зорино. Яг хэрэг дээрээ баярлуулахыг бодсон уу, эсхүл магтуулахыг боддог байсан уу гэдгээ одоо үл ялгана. Хүсэл төрвөл хотны унгас түүж түүдэглээд үнээний тушаа томоод тавьчхаа мэднэ. Буруу солгой ялгаагүй эргүүлж харин их сайн томно гээч. Мэдээж хөгшин ээждээ магтуулна. “Юмханаар юм хийх чинь айхтар хүний шинж дээ” гэж ирээд л хөөргөж өгнө дөө намайг. Муу унгасаар томсон дээс юу болох вэ дээ, арав хонохгүй л тасраад уначихдаг юм. Тасраад унахад нь л, “Миний хүү тэр тампуунаас хялгас аваад томчихвол арай бөх” гэнэ. Харин ч нэг томмооргүй дээ. Миний сэдсэн санаа биш болохоор тэр дээсийг л томомгүй санагдана.

Үдэд будаатай цай чануулж өрөм хийж уучхаад хойморт хэвтээд номоо уншина. Тэнгэр цэлмэг байвал тооноор номин цэнхэр тэнгэрийг харах сонихон байдаг сан. Нэг удаа бүр өдрийн од харсныг яана. Үүлгүй тунгалаг тэнгэрт хорол тоонын баруун урд ховилд буюу цагийн зүүгээр бол 7 цагийн биетэйд гялалзан үзэгдэх тэр одыг би харсан юм. Тооныг гэр дотроос биш яагаад гаднаас нь төсөөлж бичиж байгаагаа сайн ойлгохгүй л байна. Уншигч эрхэм та ч бас ингэж ойлгосон гэдэгт би итгэлтэй сууна. “Хувьтай хүн л өдрийн од хардаг” гэж хөгшин ээж тэгэхэд надад хэлсэн юм даг. Хонь саахаас өмнөхөн хөгшин ээжийг жаахан дугхийх зуур самбаачилж элдвийн санаа сэднэ. Энгэр нь саалинд дагтаршсан хормогчийг нь угааж нэг үзнэ. Урдаа битүү, ардаа задгай, ханцуйлж углаад шилэн хүзүүн дээрээ уяаг нь зангидчихдаг, чернилэн ягаан өнгөтэй даалимбан хормогч. "Сарлагийн савагт төмөр сэнж орооцолдоно" гээд оронд нь суран оосор хийсэн хувинг авч дотор гадаргүй зүлгэж нэг цэвэрлэнэ. Ёроолдоо “Сделано в СССР” гэсэн бичигтэй 8 литрийн төмөр хувин. Гадаад бичигтэй хэдхэн эдлэл хөгшин ээжийнд байдаг нь энэ хувингаас гадна суваг тохируулдаг том жижиг хоёр радио, оёдлын машин, авдар дээр тавиад унинд дэмнэж уясан хоёр толь, багананд өлгөсөн жижиг дугуй толь, хонь хяргахаар гаргаж ирдэг сүрхий иртэй хайч, бас өөр хүнд ер өгдөггүй үйлийн хайч нь байлаа.

Хонь саах гэж хэрэндээ л бужигнасан ажил болно. Хонь холбох болоход хотны нөмөрт шилбүүр бариад хорьж зогсоо хүүхдүүд ч, хонь хөөх бид ч хоньтойгоо цуг өтөг бууцтай бужигнана. Хонь ер нь томхон биетэй байсан бол хүнд дийлдэхгүй адгуус байх биз. Хөгшин ээж минь мал цохиж түншиж байгаа хүнд ясны дургүй сэн. Харин өөрөө нэг удаа хонь шанаадаж байхыг нь би харсан юм. Хургаа голсон зусгийг тургилан аргадаж аялгуулж овоо сууснаа гэнэтхэн босож ирээд ханцуйгаараа гараа жийрэглэснээ тэр муу зусгийг шанаадаж билээ, хөөрхий минь. Аргаа барсан хэрэг л дээ.

Хонины сүү хөөрүүлж тавьчхаад гурил элдэж оройн хоолоо бэлдэнэ. Борцоо үдийн өмнө нүдээд дэвтээчихдэг юм. Хааяа будаатай хоол хийх ч “Сэрүүднэ” гээд хөгшин ээж тун таагүй. Аймаг, хотын гийчдийн авчирдаг чихэр боов ч яах вэ, харин борцтой шөлөнд талх дүрээд идэх үнэхээр янзтай сан. Авга ахынх зуны саруудад аймгаас ирж айл бууна. Аав ээж хоёр ч амралтаараа ирнэ. Сааль элбэлцэх хүнтэй болно гэсэн үг л дээ. Ер нь саалинд тэгтлээ түүртэхгүй ч шумуултай, эсхүл бороотой үед хэцүү. Харин хөгшин ээжийг сааль сүүтэй ноцолдсоор 70 хүрлээ гэж тэр үед хүмүүс их гайхдаг байлаа. Гэхдээ бүр 90 хүрсэн л дээ. Нэг өдөр үнээ тугал нийлж байгаа дуулианаар гүйгээд гартал хамгийн түрүүнд хөгшин ээж хэрэндээ хурдлаад шогшиж явна. Араас нь том авга, нэлээд хойно аав маань гүйж явдаг байгаа. Ээжийгээ майжийтал гүйж явахыг харсан авга ухасхийж, нөгөө хоёрыг үзээд өөрөөсөө ичсэн аав минь ингэж гүйсэн хэрэг гэнэ лээ. Үхэр тугалаа ялгаад уячихсан хойно аав авга хоёр уухичин амьсгаадсаар байхад хөгшин ээж минь хээв нэг тогжийтол алхаж байсан сан.

Тогоо нэрсэн аарцаа шүүж тавьсныг шахаж орхиод гүүн зэл рүү тав дахь саамандаа алхана. Хөдөөний ажил мундахгүй ч найр наадмаа яалаа гэж мартах билээ. Нар зөв тойроод л дуулаад байдаг хурим найрыг эдүгээ би өөр үндэстэн дунд үзээгүй л яваа юм. Айл саахалтын эгч нар луун хээтэй саатай торгон дээлээр жигдрээд зүүн талын орон дээр эгнэчихсэн, нэг өнгийн уруулын будгаар хэрэндээ бүгд гоёод ам хамраа дарж инээлдэн суудаг даа. Тийм цэвэр ариухан, хиргүй тунгалаг үдэшлэг ахиж надтай таараагүй юм даг. Саалиа хаяад үхэх нь үү гэгчээр наадам үзэх хувь надад бол олдохгүй. Харин нагац ах эхний сааман дээр гүү татаж өгчхөөд, мориныхоо дэлийг ахин нэг нямбай шалгаад нутгийн ах нартай нийлж сумын төв рүү хатируулна. Тэр зуны наадмаар нэг хөгжилтэй явдал тохиосон нь нагац ахын хайнга зангаас болсон хэрэг. Сахлаа зулгааж байснаа “Алив чи олигтойхон хэд татаатах” гэж надад чимхүүрээ атгуулсан ч төдхөн эхнэрийнхээ угзарган дуунаар гүүн зэл рүү харайсан юм. Бэр эгч наадамд явахгүй болохоор бухимдангуй байгаа нь тэр. Гүү сааж гүйцмэгц нагац маань юун сахал үс анхаарах манатай, ер нь ч өөрөө бор хар зүстэй хүн тул хүнд анзаарагдаагүй юм сан уу, сумын наадамд тал сахалтай явчхаад ирж билээ. Нагацын паян барагдах биш. Айлын найран дээр аяны дугараа ирэхэд:

“... Хадмын хаяа түшсэн миний

Харцыг яагаад татаад байна даа...” гэж ирээд л хангинуулж байсан удаатай.

Оройн саалиндаа үнээд уван цуван ирнэ. Сарлаг зэлэндээ хүрээд ирдэг байтал монгол үнээ, хайнагийн үнээ бол бараагаа харуулсан шиг ээ голын цаахна идээшилж л зогсоно. Оройн сүүг шүүж сэрүүн газар хонуулаад маргааш өглөө хөөрүүлнэ. Харин шөнөжин бороо орж хоноход өглөө нь сарлагийн үнээ сүү ихтэй болсон байдаг. Хөгшин ээж “Шир нь дэвтээд тэр дээ” гэнэ. Миний нэр дээр Хулгар гэх нэртэй хайнагийн хүрэн алаг үнээ байх. Бяруу байхдаа чихээ хөлдөөгөөд хулгар болчихсон гэдэг юм. Үр төл муутай, хөх дэлэн хатуутай Хулгар минь өөрөө бол жигтэйхэн лухайсан амьтан байв даа. Бэр эгч л дэлэнг нь шувтарч дийлнэ. Гурав ивэлгээд сууж сууж босож ирэхэд нь 8 литрийн орос хувингийн талаас дээш сүү мэлтийж байдаг сан. Хайнагнаас унасан төлийг ортоом гэнэ. Өвлийг давдаггүй хэдэн тугалаас нь нэг охин, цөөн эр ортоом л мал болсон юм даг.

Гүүгээ сааж адуугаа гилчхээд айраг бүлнэ. Хэн дуртай нь бүлүүр хөдөлгөөд болчихдог эд биш болохоор айраг бүлэхэд бас суралцах хэрэгтэй. Ер нь хөгшин ээж бидэнд “Юу ч сурсан эрдэм”, “Саваагүй хүн ихийг сурдаг” гэхчлэн захьдаг байсан нь одоо л гуч гаран насанд минь дөнгөж толгойд буух юм даа. Намар оройн айраг зуныг бодвол хэдхэн цагийн дотор исээд нуугина. Айраг сөгнөж тавиад шөнөжин хуруу гаргаж наадах үе цөөнгүй. Намар дөхөхөөр эрхгүй хаврыг санана. Шандны даваагаар давж усны шувуудтай цуг ирсэн бодогдоно. Ингээд давахад оюу өнгөт торго шиг ногоон хөндийд танан цагаан гэрүүд ярайлдаад, асгасан сувд мэт хонин сүрэг энд тэндгүй налайж, адуу мал нь багшранхан бэлчиж угтдаг сан. Хүүхдийн нүдний болор тунгалаг болоод бага насанд тод хардаг уу, юутай ч тэнгэр бол тод цэнхэр, үүл нь сэвгүй цагаан, солонгыг долоон өнгөөр зүйрлэшгүй сайхан урласан харагддаг даа. Бас борооны дараа сэргэсэн талын нойтон өнгө нь, уяан дээр биеэ шилгээн хөл солбих “гахай” хээрийн хондлойд ойх нарны туяатай нэгээхэн агшинд сүлэлдээд, тийм гээд хэлчхэж боломгүй дурсамж тархинаа хадаж үлдээсэн нь чийгтэй үнэр юм санж. Хөгшин ээж минь хэлэхдээ багад нь сар их том байсан гэдэг сэн. Бид шоолж хөхрөлдөнө. “Та сайхан хүүхэн байсан уу?” гэхээр “Хэрэггүй ч амьтан байгаагүй юм аа” гэчихнэ.

Лааны гэрэлд номоо уншаад, лаа унтраахад зулын гэрэлд мөн л шагайсаар сууна. Өдөр нь сүү саалиас гадуур хонь эргүүлж адуу хураах, бяслаг шахаж ээзгий буцалгах, сур элдэж нэхий нухах ажлын хажуугаар аргал түүж, чулуун гэрээ эргэж амжина. Бүрэн тавилгатай гэрээ тойруулсан таван хошуу малтай, гэр дүүрэн зочин гийчнээ цай ундаар дайлсан эзэгтэй байв аа, би. Аргал түүнгээ шинэ тавилга харж л явах. Айлын шар охинтой аргал хомоол түүнгээ элдэв сониныг хамж шимэн ярина. Гэрт дуулдах томчуудын яриаг сонсох эрхгүй ч чихний үзүүрт дуулдсан бүхнийг хуваалцан ярихдаа би зурагтаар гардаг эгч болж тоглоно. Ганцаараа явсан ч тэгж л тоглоно. Харин сэтгүүлч мэргэжил эзэмшсэн хойно энэ бүхнээ нэг хэсэгтээ мартчихсан тууж явсан л даа.

Дугуй нуурын ангир нугас нуугилдаад намар айсуй. Нуурын усанд тольдон суухад тэр хүү бодогдоно. Нүдэнд дулаахан, томоотой нь дэндсэн гэмээр тэр хүү үдэш хотны захад гурван удаа уулзахдаа юу ч ярихгүй шахам суусныг бодоход их л зориг гаргаж захиа хүргүүлсэн байж таараа. “Халтар царайт”-ыг тэднийд очиж үзнэ гэсэн нэг догдлолтой боллоо. Бэр эгч бидэн хоёр алхаатай хар морьдоор ижилсэж очоод сүүдэр ший үзнэ. Битүүхэн догдлолтой өнгөрүүлдэг үдэш бүхэн сайхан. Даанч айлын уяан дээрээс хөдөлмөгц амаа аван хазаар даран давхидаг хар морины учрыг би ер олдоггүй сэн. Бодож үзвээс айл хунарын хүмүүс намайг чавхны чулуу шиг ийн харван одоход их л гайхдаг байсан биз. Тэр хүү бусад идэр залуус шиг онгироо хөөргөн зангүй. Гүү барихад уурга суналзуулан урдуур хойгуур хөндөлсөж байсангүй. Айл хэсэж амны зугаа гарган марсайж явахыг нь ч ер үзээгүй юм. Хонь хяргах, ноос савж эсгий татах гээд дундаршгүй мэт их ажилд ирж туслах ч мэндийн зөрөөгүй яваад өгнө. Их л бүрэг хүүхэд байж дээ. Харин шувуудтай хамт буцахад минь гуниглаа болов уу? Найман намрын дараа ахин нэг уулзахдаа нялх охины минь сэвлэгийг удаан гэгч үнэрлэснээ гэрийн хоймроор нар зөв тойроод гараад явчхаж билээ. 

Өдөр тутмын амьдрал нь давтагддаг гэж хөдөөний амьдралыг хөөрхийлдөг хүмүүстэй хэзээ ч санал нийлэхгүй. Хөгшчүүдээс амьдралын эгэл ухаан, ажил хөдөлмөр сурч, байгальтай ойр, амьтан ургамалтай ойр, МОНГОЛ хүн болж өсдөг юм. Хүүхдээ би хөдөөний амьдралд ойртуулахгүй л яваа бөгөөд туйлын буруу гэдгийг уг нь мэддэг билээ. Хаваржаанаас зуслан, тэндээсээ намаржаанд буух нүүдлийн амьдралаас одоо ч миний амьдралд тусаж хоцорсон байж мэдэх нэг зуршил байдаг нь, хэдэн тавилга сэлтээ ганц сар бололгүй байрыг нь солихоор түрж гүйгээд хань нөхрөө гайхашруулдаг явдал юм. Тэр минь хотын хүн болохоор тэр үү, намайг огт ойлгодоггүй бөгөөд “нүүдэлчин ген”-тэйгээ эвтэйхэн холбоод тайлбарласнаас хойш гайхахаа больсон доо.

Зуны амралтаа хөдөө өнгөрөөдөг хүүхэд нас минь тэртээд хоцроод эдүгээ чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй хотын амьдралд нэгэнт дассан би гээч хүн багын дадал зуршил, сурсан мэдсэнээ гээчихгүй санаатай хэрэндээ л эргэн хургаж бодолдоо аргамжаатай явна. Ширдэг дүүрэн богийн шагай тарааж тоглохдоо онх буусан шааг дахин орхидог нь хожим нэмэр болсон уу, юутай ч амьдралд ямар нэгэн онх буух үед бушуухан шодоод шийдчихдэг юм. Харин “гахай” хээрийнхээ аргайг хадгалж үлдэх сөхөө тэр үед байгаагүй бөгөөд өвөлжин идсэнээ мэдэлгүй хавар нь унах санаатай хайгаад явж байсан тэнэгхэн охин байлаа. “Гахай” хээр гэж. Хүүхэд мордохоор явна гэж үгүй хонины хашин хээр морь. Тэгсэн атал нагацын баруун хөл эмээл дээгүүр давав уу үгүй юу, ухасхийгээд л пөөвийтөл цогиж гардаг хачин этгээд санаатай амьтан байж билээ. Зуны гурван сарыг зугаатайхан барчхаад Арвайхээртээ ирэхэд хэсэгтээ арагш нэг л сэтгэл хоргодонгуй байдаг сан. Урьд оройдоо монголын бух шиг муухай орилж баахан агсам тавьчхаад маргааш өглөө нь хувин санжигануулаад үнээ саачихсан шогшиж явдаг айлын ахын гэмшил, том том эрвээхий нисэлддэг арын давааны ойд түүсэн самрын сайхан үнэр, зундаа баргийн машин туулж гардаггүй харгиа өргөн гол, тэр голын шаварт суусан болгоныг чирч гаргадаг тэрэгний хэдэн данхгар хайнаг ч санагдаад. Намар болохоор шавшаад салдаггүй усан борооноор Алтангэрэл судраа барин гэрээ тойрч гороолдог эмгэн буурал хөгшин ээж, борооны усыг даялуулах санаатай гэрийн хаяа тойруулж дүүгийн минь ухаад орхисон жижиг шуудуу, дараа хавар болтол хураагаад орхисон чулуун гэр... Бүгд бодогдоод. Бидэнд ахиухан ааруул хурууд базаах гэж сааль алдахгүйг боддог хөгшин ээжийгээ зүүрмэглэх зуур хонь хургаа нийлүүлчих санаатай жалга гуу даган мярааж явснаа бодохоор ичих ч шиг. Ангийн найзууд зусланд амарч, хот хүрээ газар паркад тоглоод амтат мөхөөлдөс идсэнээ, гоё өнгөт зураг даруулснаа гайхуулна. Харин би одоо л хүүхэд насаа нөхөх гэдэг үү, хаа газар очихдоо паркад нь заавал тоглож үздэг юм. Балчирхан хонгор насны минь дурдатгалд томхон орон зай эзэлдэг хөдөөний эгэл бор амьдралдаа эргээд нэг очих сон. Ээж аав хоёр минь тэтгэвэртээ суугаад хавраас намартаа хөдөө сууя гэхэд нь хотод авчирч жаргаадаг хүн болж сүржигнэн байснаа гэнэт сая болихоор шийдэв. Хүүхдийнхээ төлөө үүнийг зөвшөөрөх хэрэгтэй юм санжээ.

Баянборх овогт Дэлгэрсайханы Оюунгэрэл

Нийт сэтгэгдэл : 6
Picture
2017-03-17 01:34:36

Ямар сайхан юм бэ, бүр яг л хөдөө нутагтаа очоод ирсэн юм шиг л санагдлаа. Үнэхээр их таалагдлаа! Малчдын минь эгэл жирийн өдрүүдийн сайхныг биеэрээ мэдрэхгүй л бол хэрхэн ойлгож суралцах билээ!! Үнэхээр л малчдын амьдралаас сурах зүйлс их шүү дээ. Нүүдэл суудал хийхдээ ч буурин дээрээ хогоо үлдээдэггүй байгаль дэлхийгээ хайрладаг энэ сайхан ёс заншлаа амралт, аялал зуучлалдаа нэг шингээдэг ч болоосой доо!

Picture

Гялайлаа.

Picture
2016-08-24 05:02:34

Eee dee,setgeld yasan ch oirhon zuraglal ve.bur nudend haragdtal bichjee.Iim amidralaas l ene nasand heregtei jaahan borog yum uldej hotsordog yumsan uu daa.Buur neg setgel huvulzchihlee bna,bayarlalaa mongol busgui mini,ulam ih amjilt husiye!

Picture
2016-05-05 02:26:59

Зарим нэг хүн сэтгэгдлээ устгаад хаячих юм ккк. Харилцан яриа бүр утгаа алдаж харагдана.

Picture
2016-05-04 14:40:58

Чөмөг тасхийнэ шүү дээ хэн минь. Аюултай. Хөдөөний хүүхдүүд мэднэ.

Picture
2016-05-04 11:43:40

Hee, gvij uzeegui hunii hereg. huuhed bhiig martsan baij boloh. Sayahandaa , mongoliig bodwol urin Europd ogloo shuder deeguur neg guusen. 50metr guiwuu gui yu chomog tsartsangaa aldsan. Nar nuugdsan shoniin urtad gazariin hors ih hordog yum bilee shu.