137 7f1647de702a176fc171b548a9e02b8356c5d79879ef61a8fb4c606e30258aea
Хүний сайхан сэтгэлийг мэдэрч, холын холд аялах хамгийн дөт бөгөөд сонирхолтой аялал бол ном юм.
Зочин:Нарандэмбэрэлийн Нандинцэцэг
Нийтэлсэн:
2016-05-05
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Хүний сайхан сэтгэлийг мэдэрч, холын холд аялах хамгийн дөт бөгөөд сонирхолтой аялал бол ном юм.
Нарандэмбэрэлийн Нандинцэцэг

Сэтгүүлч Н.Нандинцэцэгтэй ийн хөөрөлдлөө.

- Өнгөрсөн онд номоо хэвлүүлж уншигчдадаа барьсан шүү дээ. Телевизийн сэтгүүлч ном бичнэ гэдэг?

- Олон жил телевизийн салбарт ажиллаж ирсний хувьд өөрийн ярилцлагын нэвтрүүлгээ цаасан дээр буулгаж, олны хүртээл болгон үлдээх хүсэл төрөөд их удсан. Өнгөрөгч жил “Нандин” нэртэй ярилцлагын түүвэр номоо гаргасан маань Монголын анхны визуал ном буюу зурагт ном болсон юм. Нэвтрүүлэгт маань уригдсан 300 гаруй зочдын ярианаас түүвэрлэж, “Нандиагийн ток шоу”-г уншин номын сангаа чимэх боломжийг үзэгч, уншигч түмэндээ олгосон нь энэ.

- Ер нь ном уншихын ач холбогдол таныхаар юу вэ?

- “Ном уншдаггүй хүн өөрийнхөө амьдралаар амьдраад дуусдаг бол ном уншдаг хүн мянган хүний амьдралаар амьдардаг” гэдэг үг үнэн. Номноос суралцах зүйл ихийн дээр тархины дасгал болж, аливааг эргэцүүлэн бодоход хүртэл нөлөөлдөг. Залуу зохиолчид олноор төрж байгаа нь Монголын оюун сэтгэлгээний хувьд нэгэн шинэ эрин үе ирж байна уу даа гэж бодож байна. Бараг өдөр алгасахгүй шинэ ном төрж, нээлтээ хийж байгаад нь баяртай байдаг. Энэ бол сайны дохио шүү. Хүмүүний орчлонд ирчхээд нэг насаа аз жаргалтай өнгөрөөе гэж хүсвэл номтой нөхөрлөөрэй. Хүний сайхан сэтгэлийг мэдэрч, холын холд аялах хамгийн дөт бөгөөд сонирхолтой аялал бол ном юм.

- Та яг одоо хаашаа аялж сууна?

- Одоо “Очир эрхшээгч”-ээр аялж байна. Хүнд урд, хойт нас байдаг хийгээд урд насны буянаар энэ насандаа бие биеэ олж учирдаг тухай өгүүлэх энэ ном надад их таалагдаж байна. Зохиолч Батрэгзэдмаагийн бүтээлүүдээс миний хувьд анх удаа уншиж байгаа зохиол нь энэ л дээ. Цаг үе, түүхээр уншигч олныг аялуулсан сонирхолтой бүтээл болсон байна.

- Ямар төрлийн номд илүү дурладаг вэ?

- Багадаа бол уран зохиолын номд дуртай байлаа. Өсвөр насандаа зөгнөлт зохиол унших дуртай байсан бол оюутан болоод дэлхийн сонгодог, сор болсон бүтээлүүдийг шилж уншдаг байв. Түүний дараа хувь хүний хөгжлийн тухай номыг түлхүү уншдаг болсон. Сүүлийн үед залуу зохиолчдын бүтээлээс эхлээд орчуулгын олон сайхан номыг шимтэн уншиж байна. Хамгийн сүүлд Б.Шүүдэрцэцэгийн “Сувдан даруулга”, М.Эрдэнэбатын “Хүйтэн бороо” бүтээлийг уншлаа.

- Манай сайтын уншигчдад, ялангуяа залуу уншигчдад хандаад юу зөвлөх бол?

- Залуу охид бүсгүйчүүдийг зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяагийн “Сорхугтани” романыг уншаарай гэж зөвлөх байна. Энэ цаг үе маань эмэгтэй зохиолчдын эрин үе гэмээр болжээ. Миний хувьд Х. Болор-Эрдэнэ зохиолчийг Монголын уран зохиолд шинэ өнгө төрхийг, бичлэгийн шинэ хэв маягийг бий болгосон гэж боддог. Оюуныг тэжээгч, сэтгэлгээний бүтээлүүдийг төрүүлсэн учраас түүний зохиолуудаас уншаарай гэж залуу дүү нарт зөвлөж байна. Мөн Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” бас их сайхан бүтээл шүү. Надад их гүн сэтгэгдэл төрүүлсэн ном бол Хотын дарга Э.Бат-Үүлийн гэргийн бичсэн “Үүл бид хоёр” гэж ном байна. Хүний амьдралд ямар зүйл тохиолдож болдог, түүнийг хамтдаа хэрхэн давж туулж болдог тухай л өгүүлсэн ном. Шүүмжлэх гэсэн хүмүүс энэ номыг “Ардчиллын түүх бус, Бат-Үүл гэж хүнийг хэт дөвийлгөсөн” гэх хэдий ч хүний хань гэдэг гэр бүлийнхээ аз жаргалын төлөө, хань ижлийнхээ төлөө ямар их зүйлийг золиосолж чаддагийг ойлгуулна. Хүчтэй эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдгийг энэ номд өгүүлсэн дээ. Мөн найруулагч Б.Бадрууган гуайн тухай өгүүлсэн “Ууган” гэж сайхан ном гарлаа. Энэ ном уран бүтээлчид, тэр дундаа телевизийн салбарт хүч үзэж байгаа залуу уран бүтээлчдийн унших ёстой номын жагсаалтад заавал орох номын нэг. Ер нь аливаа номыг, болж өгвөл, хүн өөрөө худалдаж аваад уншаасай гэж боддог. Яагаад гэвэл өөрийн авсан номоо хүн яаж ч уншиж болдог. Тэмдэглэж, бичиж уншдаг ч хүн байна. Магадгүй, эргээд нэг сөхөөд харахад өнөө тэмдэглэсэн зүйлээс дахин шинийг олж мэддэг болохоор тэр байх. Тийм болохоор өөрийн худалдаж авсан номдоо жаахан харам хүн шүү.

- Номыг хүмүүс янз янзаар л уншдаг гэлцдэг...

- Би бол их тухтай сайхан орчинд ном унших дуртай. Тийм болохоор ном уншина гэдэг миний хувьд жинхэнэ сайхан амралтын нэг хэсэг. Хэдэн жилийн өмнө уншаад орхисон номуудаа хааяа сөхөж харах ч бас их сайхан мэдрэмж шүү. “Зуун жилийн ганцаардал”-ыг бараг 10 жилийн дараа дахин уншихад их сонин санагдаж билээ. Ном унших зуршлын хувьд бол би хаашаа ч явсан ном цүнхэлж явдаг. Номгүй аялал хийдэггүй гэх үү дээ.

- Номын сангаа товч танилцуулбал?

- Манай гэрийн номын санд олон төрлийн ном бий. Миний мэргэжлийн ном их байдаг. Сүүлийн үед номын сан маань хүүхдийн номоор баяжиж байгаа. Номын хорхойтон болохдоо гол нь биш, ээжийгээ анхааралтай сонсдог энэ үед нь Монголынхоо уран зохиолыг мэдрүүлж, хорвоо дэлхийг танихад нь нэмэр болох сон л гэж боддог.  

- Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн их амжилт хүсье.

- ЧҮНДЖ бүлгэмийн залуустаа амжилт хүсье. Номын төлөө, уншигчдын төлөө та бүхний сэдэж, хийж байгаа үйлс бүхэн бүтэмжтэй байг ээ.  

Нийт сэтгэгдэл : 1
Picture
2016-06-10 17:03:49

Номыг зүүд гэж боддог