16 fb5beebec4617f1bb542182c0cf96572548f1819b980221ca7522a3156884ae6
Хар авгай
Зохиолч:С.Дашням
Нийтэлсэн:
2016-04-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Хар авгай
С.Дашням

Бөхөхийн өмнө бадамласан "хар" зул

“Хар авгай” түүхэн романд гол дүр болох Сэлэнгийн Алтанбулаг, Зүүн Хараагаар нэгэн үе нутаглахдаа тариа ногоо тарьж, анхны спиртийн үйлдвэр байгуулан, хиам хүртэл хийж явсан Жумас авгай буюу Жеймс Оран хэмээх хар арьст бүсгүйн ээдрээт хувь заяа, алдарт 48 дугаар өргөргийн түүх, соёл, заншлын улбааг Ширхэнцэг хайрхантай холбосон сонин түүх, хэлмэгдүүлэлтийн хар бараан жилүүдийн айдсыг шингээжээ.

Номын 2 дахь талын 4 дэх мөрийг «© “Хан хөхий” роман оюуны бүтээлийн эрх нь хамгаалагдсан... » хэмээн “Хар авгай” гэхийг зохиогчийн өөр романы нэрээр андуурч эхэлсэн нь харамсалтай санагдсаныг эс өгүүлэн өгүүлвээс, Герман орны Баваар нутгаас элэнц хуланц нь гаралтай, судсаар нь герман, африк /аль үндэстнийг дурдаагүй/, цыган, польш, еврей, ирланд, англи, орос цус холилдон гүйх Оран бүсгүй чухам ямархан хувь зохиолоор Монгол нутагт ирж манж эртэй ханилаад, түрхэн зуур од шиг гялалзчихаад харвасан тухай сонирхолтойгоор дүрсэлсэн байна. Энэхүү түүхэн сэдэвт хувь хүний тухай романыг хүүхдээсээ нуух нэгэн хэрэг гарсан нь ил цагаан өгүүлэмжтэй эротик дүрслэл нэн ихтэйнх юм. Дөнгөж 24 дэх талаас эхлэн юу юугүй 4 нүүр эротик өгүүлэмж явна. Хамгийн гол нь, энэ эротик хэсгийг охидод ярьж өгч байгаагаар бичигдсэн хүн нь 5 жилийн сургалттай гимназийн багш авгай байх юм. “Галзуурам амтат янаглалын дараа Изабеллаг хэн араас нь хөөсөн билээ?” гэх мэтээр охидод! ярина. Ер нь номын баатрууд дунд хүүхэмсэг биш эр тун ч ховор таарна даа.

Хэлмэгдүүлэлтийн сүүдэрт хамт дайрагдсан монгол, орос түмний гашуун тавиланг өр өвдөм дүрслэн бичсэн энэхүү романд бидний мэдэх “Санниковын газар”-ын Владимир Обручев, алдарт тагнуулч Штирлиц нар бодитоор дурдагдаад авах нь сонирхолтой. Энд он тооллын хувьд хэтэрхий зөрсөн нь, 214 дэх талд Дудулаков “Аугаа их октябрийн хувьсгалын 40 жилийн ой. 1917 - 1957” гэсэн уриатай гудамж талбайгаар алхаж /1957 онд шүү дээ/ Люба эмээгийнд хүрээд хууч хөөрч сууснаа: “Харин эхнэр хүүхдээ би 1919 онд усан онгоцонд суулгасан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 51 жил хайж бэтгэрч явна даа” гэж /221 дэх тал/ ярих нь 1957 он хэрхэвч биш, харин 1970 оныг хэлж байгаа нь даруй 13 жилээр зөрөх бөлгөө.

Түүнчлэн гадаад үг, нэрсийг алдаатай бичсэнийг шүүн тунгаах хэрэгтэй байсан аж. Жишээ татвал, Мишаа /Миша/, Любаа /Люба/, Зинаа /Зина/, Ледаа /Леда/, Аксанаа /Оксана/, Васельевич /Васильевич/, Маръяа /Мария/, техниккум /техникум/, Овручев /Обручев/ зэргээр бичсэн нь монголчилсон гэж бодох гэхээр арай хатуудмаар. Монгол хэлний дүрмийн хувьд: таньд /танд/, бөхөдгүй /бөхдөггүй/, урьдаж /урьтаж/, Охидоо! /Охид оо!/, оросчсон /оросжсон/, ярьсанаар /ярьснаар/, өргөрөгийн /өргөргийн/, юм сонсохнээ гэхээс /сонсох нь ээ/, хаа нэгтэй /хаа нэгтээ/, өтгөн хөр хөмсөг /хар хөмсөг/, орхъё /орхиё/, айсуу /айсуй/, уяханаар /уяхнаар/ гэх зэргийн цөөнгүй алдаа мадагтай хэвлэгдсэнийг урьдаар шүүсэн бол таарах байсан болов уу хэмээн мунхаглана.
Мэдээж хэрэг алдаа хайж уншвал амтгүй болох тул та бүхэн нэн сонирхолтой намтар бүхий хар арьст бүсгүйн оньсого мэт ертөнцөд тавтай морилон саатаарай.

Нийт сэтгэгдэл : 0