178 ad904c6bfce811d4e46ffa14d735e10be6bede9f63c9579f24f4dc8d69ec4e9c
Уран зохиолын ном биднийг өөрсдийгөө олон хэлбэрээр илэрхийлж сургадаг.
Зочин:Курт Шателен
Нийтэлсэн:
2016-06-12
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Уран зохиолын ном биднийг өөрсдийгөө олон хэлбэрээр илэрхийлж сургадаг.
Курт Шателен

Манай сайт энэ удаа “Ярилцлага” булангийн зочноор гадаад хүн урьж ярилцсанаа уншигчдадаа орчуулан хүргэж байна. Тэрээр бизнесийн талбарт өргөн их мэргэжлийн туршлагатай нэгэн бөгөөд Монголын бизнес, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахаар олон улсын хөрөнгө оруулагчдыг татахад сэтгэл зүрхээ бүрэн зориулан ажиллаж буй эрхэм юм. Мөн тэрээр боловсролын салбарт англи хэл сургалтын чиглэлээр ажиллаж байна. 

- Та сард хэдэн ном уншдаг вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье. 

- Сард магадгүй нэг л ном уншиж байгаа байх. Гэхдээ би нэг сард барагцаалбал 300-500 өгүүлэл, нийтлэл уншдаг. Нэг өгүүлэл гэхэд дээд тал нь арваад хуудас байх жишээтэй. Ер нь онлайнаар сонин сэтгүүл маш их уншдаг. Яг ном барьж уншихын хувьд бол сард нэг ном юм уу даа.

- Таны байнга нээж уншдаг ширээний ном?

- Ширээний ном гэвэл уул уурхайн номууд, түүхийн номууд, мөн эдийн засгийн чиглэлийн номуудаа дурдана.

- Та бол төслийн удирдлага болон бизнесийн талбарт мэргэжлийн арвин их туршлагатай хүн. Залуу интрепренеруудад хандаж таны хэлэх зөвлөгөө юу вэ? Ер нь залуучуудыг уншаасай гэж та ямар номнууд зөвлөх вэ? 

- Залуучууд гэлтгүй хүмүүс түүхийн болон философийн чиглэлийн номууд унших хэрэгтэй. Эдгээр чиглэлийн номууд нь бидэнд бусдын туршлагаас суралцаж мэдэх бололцоог олгодог. Бизнесийн болоод улс төрийн түүх, стратеги сэтгэлгээний философи нь интерпренеруудад бусдаас суралцах боломжийг өгдөг. Энэ нь бизнест нийтлэг алдааг давтах болон ямар нэг шинэ алдаа гаргахаас зайлсхийх давуу талтай юм. Алдаанаас үүдэх шийтгэл нь хөгжил дэвшилд ихээхэн саад болдог. Тиймээс бусдын алдаанаас суралцсанаар илүү ахицтай өсөж хөгжинө шүү дээ. 

- Уран зохиолын номын тухайд? 

- Уран зохиол бол маш чухал. Би шүлэг, яруу найраг унших дуртай. Шекспир зэрэг сонгодгууд байна. Уран зохиол бидэнд өөрсдийгөө илэрхийлж сурахад тусалдаг. Бизнесийн номууд заримдаа үг хэллэгийн хувьд хэт хатуу байх явдал бий. Харин уран зохиол нь өөрийгөө маш олон хэлбэрээр илэрхийлэхэд сургана.

- Форбес Монголия сэтгүүл дээрээс би таны бичсэн нийтлэлүүдийг унших дуртай л даа. Монголчуудад их урам зориг өгсөн нийтлэлүүд байдаг. Таныг ном бичиж гаргаасай гэж би хувьдаа хүсэж байна. Та ер нь ном бичих үү? 

- Магадгүй би Форбес сэтгүүлд бичсэн болон бусад нийтлэлүүдээсээ цуглуулан ном гаргаж болох юм. Сэтгүүлийн тухайд улирдлагын өөрчлөлт хийгдсэн байгаа. Хэрвээ Форбес сэтгүүлийн шинэ удирдлага намайг сар бүрийн тойм бичихийг уривал дуртайяа хүлээж авах болно. Магадгүй би Монголын тухай өөрийн үзэл бодолоо фэйсбүүк хуудаст нь бичих зэргээр хувь нэмэрээ оруулж болох юм.

- Таныг манай сайтад уригдсан гадаад зочин учраас энэ асуултыг асуумаар байна. Гадаад хүмүүс биднийг Чингис Хаан, Хубилай хаан гээд 13-р зууны үеийн Монголын түүхээр ихэвчлэн мэддэг. Учир нь энэ талаарх номууд эсвэл мэдээллүүд гадаад хэл дээр олдох нь хялбар байдаг байх. Гэвч цөөхнийг эс тооцвол монгол зохиолчдын маш олон сайхан зохиол бүтээлүүд гадаад хэл дээр орчуулагдаж гараагүйгээс болоод гадныхан тэр бүр мэдэхгүй болов уу. Та монгол зохиолчдын номуудаас уншиж байсан уу? Ямар ном уншиж байв?

 
- Монголын тухай миний нэг дуртай ном бол Б.Батбаярын "History of Mongolia: from world power to soviet satellite". Энэ ном надад Монголын тухай, Монгол соёл уламжлал, Монгол хүмүүсийн талаар улам илүү ойлгуулж, талархал төрүүлсэн ном. Мөн Жак Уатерфордын Монголын тухай бүх номуудыг шимтэн уншсан.

- Тийм ээ маш сайхан номууд байдаг шүү. Танд асуугаасай гэж бодсон асуулт байна уу? 

- Монголд байх хугацаан дахь миний туршлагын тухай, мөн Монголын ирээдүйн талаар миний үзэл бодлын тухай асуулт байж болох юм. Би Монголд 2010 оны нэгдүгээр сард ирээд, Оюу Толгойд бараг 4 жил ажилласан. Түүнээс хойш би Монголын Үндэсний Их Сургуульд ажиллаж ирлээ. Миний харсан зүйл бол: Монголд маш олон боломжууд байна. Ялангуяа залуу хүмүүст. Гэвч олон залуучууд эдгээр боломжуудыг олж харахгүй байгаад байх шиг. Тэд яах ёстой вэ гэхээр “Бидэнд боломж юу байна?” гэдгийг маш сайн эрэлхийлэх хэрэгтэй. Би монголчуудтай ажилладгийн хувьд тэдэнд маш их итгэдэг. Монголчууд надад таалагддаг. Монголын ирээдүй маш гэрэлтэй байгаад итгэлтэй байна. Гэхдээ бид тэвчээртэй байх хэрэгтэй. Оюу Толгойн дахин эхлэл монголын зах зээлд хөрөнгө оруулна гэж бодож байна, сонгууль болж тогтвортой байдал бий болно. Хүн бүр л одоо юу болох бол гэж гайхаж байна шүү дээ. Миний харж байгаагаар энэ 9 сараас эхлэн байдал өнөөдрөөс арай дээр болох байх гэж бодож байна. Харин эдийн засгийн өсөлт ирэх жилээс л мэдэгдэхүйц өсөх болов уу.

- Ярилцлагын төгсгөлд та манай сайтын уншигчдад хандаж үг хэлнэ үү.

- Монголын эдийг засаг, соёл, бүтээн байгуулалт сэргэх үедээ явж байгаа гэдэгт би итгэж байна. Монголчууд бол эрч хүч, бүтээлч байдал, элэгсэг байдлаараа онцлог ард түмэн. Ирэх жилүүдэд Монгол улс уул уурхай, барилга, хувцас загвар, урлаг, шинжлэх ухааны салбартаа дэлхийн анхаарлыг татах болов уу гэж найдаж байна. Тйим ч учраас би Монголыг хоёр дахь эх орноо болгон амьдарч байгаа бөгөөд үлдсэн амьдралаа ч энд өнгөрөөх бодолтой байна. Цаг агаар бол асуудал биш (инээв)

Урагшаа Монголчууд аа!

- Бидний урилгыг хүлээн авч манай сайтад ярилцлага өгсөнд танд их баярлалаа.

Ярилцсан Suna Khada.

Нийт сэтгэгдэл : 3
Picture
2016-09-21 11:36:54

Их таалагдлаа.танай сайтад орох болсондоо их баярлалаа. та нарт амжилт хусье!

Picture
2016-06-23 02:40:53

bi Curt tei hamt ajilladag. hamt olontoigoo mash saihan harltsaatai bdag, hamgiin goyo n urgelj mongoloor mendelj mendchilj yavdag, ih changa duugaar Sain Bainuu geed l orood irdeg. ih saihan energytei saihan hun bn le

Picture
2016-06-16 07:00:51

Сайхан ярилцлага болсон байна! монголд элэгтэй хүн байна :)
танай сайтад орох их дуртай болоод байгаа, заавал фасэбүүк орж илүү дутуу юманд саатахгүй, өдөрт нэг хоёр юм уншчихаад гарахад урам зориг шинэ санаа авдаг шүү! Баярлалаа! Амжилт хүсэе!