179 f29cc14151c54a0455488663751aae162f51bd44fb41f7b976e4357a4d24d03a
"ХОНГИЛД" богино өгүүллэгийн түүвэр
Зохиолч:ФРАНЦ КАФКА
Нийтэлсэн:
2016-06-17
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
"ХОНГИЛД" богино өгүүллэгийн түүвэр
ФРАНЦ КАФКА

Ф.Кафкагийн богино өгүүллэгийн түүвэр "Хонгилд" номонд урьд нь монгол хэлнээ огт орчуулагдаж байгаагүй зохиолчийн "Хөдөөгийн эмч", "Татгалзал", "Анхны гуниг", "Хонгилд", "Прометей" зэрэг 27 богино өгүүллэг багтжээ.

 

орчуулсан: П.Энхтуяа

хянасан: Т.Туяа

зураач: Д.Баярцэцэг

ерөнхий редактор: Г.Аюурзана

хэвлэгдсэн он: 2015

 

ӨМНӨХ ҮГ

Энэ номыг нимгэхэн гэж бүү бодоорой. Угаас Ф.Кафкагийн уран бүтээлийн өв тун бага: дуусгаж амжаагүй гурван роман, хэдэн богино өгүүллэг, ойр зуурын тэмдэглэл, ингээд л гүйцээ. Амьд ахуйдаа бол ердөө л өгүүллэг бичдэг гэдгээрээ бага сагахан танил болсон төдий. Энэ утгаараа түүний өгүүллэгүүд бол жинхэнээсээ амь насных нь эрчим хүчийг тээгч төдийгүй, дэлхийн утга зохиолд үнэлж баршгүй, гойд шигтгээ болно. Манайд Кафкагийн алдарт “Хувирал” тууж, бас “Шүүх” роман нь хоёр ч хувилбараар орчуулагдсан. Ганц зарим өгүүллэг нь мэр сэр хэвлэгдсэн. Харин одоо өгүүллэгүүд нь нэгэн номын хэмжээнд анх удаа гарч байна, энэ бол жижиг гэлтгүй бахархам үйл явдал шүү.

Кафкаг уншихад хялбаргүй л дээ. Төсөөлшгүй гаж ертөнцийг этгээд маягаар дүрсэлсний дээр үзэл санаа нь нэлээд хурц, заримдаа бүр амьдралд дайсагнасан өнгө аястай. Тэр нь амьдарч асан цаг үеийнх нь ёс зүй, өөрийнх нь шимтэн уншдаг асан Киркегор зэрэг нэрт экзистенциалист философичдын нөлөө гэж судлаачид дүгнэдэг. Кафкагийн бий болгосон, тогтсон онолоос ангид, дүрийн сэтгэлгээ нь нэн өвөрмөц бичлэгийн арга барил ХХ зууны уран зохиолд цоо шинэ өнгө төрх нэмсэн бөгөөд хүний нийгмийн абсурд чанар, улс төрийн тогтолцооны тоталитар шинжийг зөгнөсөн суут романуудынх нь нарийн нэхээс өдгөө таны унших өгүүллэгүүдээс ажиглагдах вий.

Кафкаг өнөөдрийн түвшнээс “ийм, тийм” гэж дүгнэх нь өөрөө илүүц зүйл. Угаасаа энэ зохиолчийн уран бүтээл асар олон янзаар тайлбарлагдсан бөгөөд тэдгээр тайлбар хэзээ ч төгсөхөөргүй юм. Уншиж гүйцсэнийхээ дараа та өөрөө ч Кафкагийн ээлжит нэгэн тайлагч болох биз ээ. Тайлал таныг хөтөлж, тодорхой хугацааны дараа өгүүллэгүүдийг эргэн уншихыг ч албадах байх. Унших бүртээ та ердийн амьдрал, ер бусын явдал хоёрын дунд, логик сэтгэлгээтэй бие хүн ба логикоос ангид абсурд хорвоо ертөнцийн хооронд оюун санааны хувьд тэнцэж, ямар нэгэн зүйлийг ойлгохоор чармайваас сая таны гарт Кафка ирсэний утга учир бүрдэнэ. Ер нь ч Кафкаг уншсаныхаа ачаар та орчин цагийн абсурд утга зохиолын амин сүнсийг мэдэрнэ байх аа.

Энд багтсан өгүүллэгүүдийн баатрууд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлдэггүй, амьдралд туйлдаж цөхөрсөн, гэхдээ биеэ авч явахдаа чөлөөтэй, өөрийнхөөрөө байх тэр л чөлөөт араншингаа үхэн үхтлээ тавьдаггүй, тийм л тууштай дүрүүд байдаг. “Шүүх” романы төгсгөлийг та санаж байна уу? “Яг л нохой шиг” гэж өөрийгөө жигшин хэлдэг ээ дээ? Аргагүйдсэн үедээ ч тэд өөртөө үнэнч үлддэг, тийм л дүрүүдийг Кафка мөнхөлсөн нь тэр.

Өдгөө бид маш сонин ертөнцөд амьдарч байна. Виртуал ертөнц, хайпер орон зай зэргэлдээ оршиж, бид 4D байдлаар оргүй хоосныг мэдэрч, амьдрал дээр хаана жинхэнэ логик, хаана жинхэнэ абсурд нь байгааг ч ялгахад бэрх болчихлоо. Магадгүй, бид нэгэн өглөө сэрээд эртний Хятадын илбийн үлгэрт гардаг шиг угаалгынхаа онгоцыг усаар дүүргээд хэдэн хором азнасныхаа дараа дэгээ шидэж Хөвсгөлийн цагаан загас гөхдөх ч энүүхэнд болоод байна. Ийм цаг үед Кафка шиг чухал зохиолч бараг л үгүй юм. Борхэс, Эко, Калвино, Павич нар бол Кафкачлагдсан уран бүтээлчид учраас л чухал байгаа хэрэг.

Хэрэвзээ дэлхийн утга зохиолын бүхий л үнэт эрдэнэс нэг л хэлээр бүрэн гарчихсан байх юм бол, тэр хэл мөнх наслах болно. Кафка монголчлогдож байна гэдэг Монголын оюун санаа эрүүл саруул байгаагийн нэгэн шинж. Энэ утгаараа орчуулга бол ариун үйлс гэж би хувьдаа боддог. Ариун үйлсэд гар бие оролцож буй залуустаа энэ номыг бүтээсэнд нь талархаж байна.

Таалал орштугай!

 

Гүн овгийн Г.АЮУРЗАНА

Нийт сэтгэгдэл : 0