18 a7fd24d94cb7d4ae99e876769e161351535c2239ec88e88ea70d68d3b277f557
Төвд банхар
Зохиолч:Ян Жы Зюнь
Нийтэлсэн:
2016-04-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Төвд банхар
Ян Жы Зюнь

Чоно ч дээ...

“Гарж” буюу төвд банхрын тухай өгүүлэх энэ романыг уншихаас өмнө Г.Аюурзанын “Шүгдэн”, Зян Руны “Чонон сүлд”-ийг уншчихсан байвал тун зүгээр санагдсан. Цаст Төвдийн оргил уулсад мянга мянган жилийн турш ирвэс, чонотой тулалдаж, нүүдэлчдийн сайн нөхөр төдийгүй бас ч шүтээн гэмээр болсон сүрлэг нохдын тухай бичиж үлдээсэн тэмдэглэл нэн эртний улбаатай аж. Эртний Хятадын түүхэн бичигт Нохойт Рун буюу монголчуудын холын өвөг дээдэс болох их угсаатны талаар өгүүлэхдээ тэдний гаршуулсан бяруун чинээ биетэй, саглагар өтгөн үстэй, хэмжээлшгүй бяр чадалтай нохдынх нь талаар гайхширсан байдаг гэнэ. Хүннү нар ч том биетэй анч ноходтой байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээж. Улмаар Чингис хааны цэргүүд Европыг дайлаар мордохдоо тавин мянга хол илүү давсан тооны лужир том биетэй ноход авч явсан нь эдүгээгийн сенбернар, ротвеллер зэрэг нохдын өвөг нь байсан гэнэ. “Хүмүүс бид сав л хийвэл өөрсдийгөө чонотой зүйрлэх дуртай болсон энэ цаг үед хүн чанарыг нохойгоор хамгаалуулахдаа тулсан юм биш биз” гэсэн зохиогчийн түлхүүр үг мөн ихийг бодогдуулна. Чоныг дээдлэх нь монгол хүний уг заяамал санаа биш гэдгийг “Алтайн тэнгэр” романдаа Н.Нагаанбуу гуай хэд хэд дурьдаад авдаг нь ч энд бас бодогдоно. /"Бөртэ чоно биш Бүр дээд чину-гаас үүдэлтэй нүүдэлчид"/.

Ер нь амьтны тухай ном зохиол унших нь хүмүүжлийн ач холбогдол ихтэй гэдэгтэй санал нийлэх байх. Гэвч хүүхэддээ уншуулах гэж битгий яараарай. +18 хэсэг бас гардаг юм билээ.
Ингээд романы агуулгаас товчилбол: Гол дүр болох нэгэн хятад залуу Төвдөд томилогдон ирснээр эндхийн хоёр аймгийн цусан өшөөт тэмцлийн гэрч болно. Тэмцлийг хүүхдүүд болон нохдоор төлөөлүүлж ойлгуулах бөгөөд төвд банхруудын нэр их сүртэй. Ганри Сэнгээ хэмээх лут банхар романы гол зангилаа болж, хамаг дайснаа дарснаар хүч чадал, үнэнч чанарын бэлгэ тэмдэг болно. Хятад залуус Төвдийн аймаг хоорондын тэмцлийг намжааж, ард олны итгэлийг олж, ноходтой нь хүртэл ижилсэн дасч буйн цаад гол санаа нь лам нар амьдаараа зулын гол болсоор буй орчин цагийн Төвд орны эмгэнэлт тэмцлийг намдаах гэсэн үзэл суртлын шинжтэй юм болов уу гэж би бээр мунхаглана. Энэхүү хятад хүн төвд банхруудтай дотносч, тэднээр дамжуулан нутгийн ардын сэтгэлд хүрсэн нь зөвхөн нэг хүний амьдрал дууссанаар төгсчих зүйл биш гэдгийг түүний хүү Төвдөд хүрэхэд ноход нь үнэрээр таньж, хүндэлж байгаагаар харуулна. Төвд банхар бол хосгүй ухаант амьтан бөгөөд нэгэнт итгэсэн хүнээсээ хэзээ ч урвадаггүй, үнэнч шударгын амьд биелэл юм. “Хар чихт цагаан Бим”-ийн эзнээ хүлээсээр байдаг хэсэг бас л энэ тухай шүү дээ. Харин Гарваа Сэнгээ нэрт банхар өөрийн үрээ дайсанд алдахгүй гэсэндээ амьдаар нь тасчин залгиж байгаа хэсгийг Жеймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь”-ийн тахийн азарга унагаа зуудаг хэсгээс мөн мэдэрсэн санагдана.

Гарж нохойн ухааныг чононоос ч дээгүүр тавьж өгсөн нь “Чоно сүлд”-ийн антоним гэмээр болсон байна. Хятадын зохиолч нар сүүлийн үед үндэсний цөөнх рүүгээ хандсан, нүүдэлчин соёлыг унаган байгальтай нь хадгалж авч үлдэх зэрэг сэдвийг хөндөх болсон нь цаанаа басхүү учиртай ч биз. Юутай ч, амьтныг хайрлах энэрэх, өрөвдөж уйлах боломж олдсонд туйлгүй баярлаж байна. Гарж нохойн үр төл тасрахгүй гэсэн санааг оруулсан нь соёлын хувьсгал нэрээр хятадууд Төвдөд олноороо ирэн сууж, сайхан гаржуудыг нь хомроголон авлаж идсэнийг цайруулсан хэрэг байж мэднэ. Гаржийн үр төл удам тасрахгүй үлдэж байгаа болон Зэтгэр тонилгогч Тачи гэгчийн нохой тамлаж байгаа хэсэгт Жек Лондоны “Цагаан соёот”-оос бага зэрэг санаа авсан байж болох л юм. Ингээд Ганри Сэнгээ, Нари, Гарваа Сэнгээ, Барсын толгойт цагаан банхар, Сажаа Сэнгээ, Жамбаа Сэнгээ, Цусаар ундаалагч Рагшаа зэрэг банхрууд болон сайн санаат хэсэг бүлэг хятад хүмүүс, юм л бол гар хуруу тастах гээд байх мухар сүсэгт автсан төвдүүдийн ертөнцөд тавтай морилоорой. Ухаант нохдын байлдааны тактик, логик сэтгэлгээ зэрэг нь зарим үед утга уянгын халил ихтэй, уран зохиолын хэтрүүлэгтэй хэдий боловч цурамхийлгүй уншсаар дуусгасан номын маань нэг билээ. Яагаад энэхүү гарж нохой тэнгэрт тулам үнэд хүрсэн тухай Г.Аюурзанын тусгай тэмдэглэлээс сонирхоорой.

Эцэст нь, монгол хэлнээ буулгахад гарсан алдаануудыг дурдахгүй өнгөрч болохгүй нь ээ. Нохдын нэрийг төвдөөр маш хүндлэлтэй, хүн лүгээ жишиж өгсөн мэт атал хооронд нь хольж хутгасан тохиолдол хэд хэд гарна. Ганри Сэнгээгийн тухай ид амтлан уншиж байхад нөгөөх маань Гарваа Сэнгээ болоод явчихаар хуудсаа урагш хойш баахан эргүүлэх хэрэг гарах жишээтэй. Түүнчлэн, садист Тачи-г барихаар бүгд явахад дарга нь хятад залуугаа үлдээх шиг болдог. Гэтэл дурлалт хүүхний майхан нурахад мань хятад тэнд гэнэт гараад ирсэн гэлтэй тууж л явна. "Үл ялиг" мэт боловч толгой эргүүлэх ийм алдаануудыг гаргахгүй л байвал дээр санагдана.

Нийт сэтгэгдэл : 0