189 fe618e481dacbbfbc1a34cd0bebd83c4a217e14291a48b0a2d659f4c7143901a
Бидний үеийн залуус Хятад улсыг шинэ түвшинд хүргэнэ
Зохиолч:
Нийтэлсэн:
2016-07-12
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Бидний үеийн залуус Хятад улсыг шинэ түвшинд хүргэнэ

2010 онд “Time” сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэгээр зарлаж байжээ. Өдгөө 33 настай Хан Ханыг зохиолч, уралдааны машины тамирчин, блог хөтлөгч, тэрс үзэлтэн гээд тодотгох зүйл ар араасаа үргэлжилсээр. 1999 онд ахлах сургуулийн эхний жилдээ улсын томоохон бичлэгийн уралдаанд (杯中窺人) эсээгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн нь түүний бичлэгийн анхны шагнал байлаа. Жилийн эцсийн 7 шалгалтандаа унасан түүнийг сургууль нь улиран суралцуулахаар шийдэв. Харин энэ асуудалд Хан Хан дургүйцлээ илэрхийлж, Хятадын боловсролын чанар хийгээд цөм хөтөлбөр гэх мэтийг эрс эсэргүүцэж сургуулиа хаяж энэ явдал хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хөдөлгөөд авлаа. Сургуулиа орхисон Хан Хан зүгээр суусангүй. Хэд хэдэн цуврал эсээ бичиж, тэр бүү хэл Шанхайн сургуульд өнгөрөөсөн он жилүүдийнхээ тухай анхны “Гурвалсан хаалга” (三重門) зохиолоо хэвлүүлсэн нь 20 сая хувь борлогдож Хятадын сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй амжилтыг авчирлаа. Гээд Хан Ханы амжилт ар араасаа хөвөрсөөр. Бүр Холливудын кинонд тоглох урилгаас хүртэл татгалзаж явсан гэнэ.

Хятадын залуу зохиолчдын төлөөлөл Хан Ханы Тайванийн сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна. 

- Та бол Хятадын 80-аад оны залуусын төлөөлөл. Хятадын 80-аад онд төрсөн хүүхдүүд үнэндээ нэг тийм сэтгэлийн гутралд орсон эрин үе гэх нь ч бий. 

Заримдаа гутралд орох үе байдаг ч та нар үүнийг ойлгох гэж хичээгээд хэрэггүй болов уу. Бид зүгээр л өөрөө өөрийгөө мэддэг байхад л болно. Хамгийн их амжилтад хүрсэн хүнд ч ямар нэг шаналал байж л байдаг. Харин түүнийгээ тэр бүр хүн болгонд яриад явдаггүй байх. 

- 80-аад оныхныг бусдын төлөө зовохгүй, баярлахгүй, ямар ч бүтээмжгүй хүмүүс болж хувирсан гэж саяхны нэгэн сэтгүүлд бичсэн байсан. Ийм залуус удахгүй Хятад орныг жолоодно гэхэд танд юу бодогдож байна? 

Манай үеийн залуус Хятад улсыг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл мэдээллийн хурдацтай хөгжил болон үг хэлэх эрх чөлөөт байдал хоёр хоорондоо зөрчилдөж байгаа учир энэ үеийнхэнд нийгмийг өөрчлөх шаардлага өөрийн эрхгүй гарч ирж байна. 

- 80-аад оныхонд өөрсдийн гэсэн онцгой чадвар, амьдралаа авч явах арга гэж байна уу? Учир нь 25 нас хүрээд байртай болохгүй бол эхнэр авч чадахгүй тийм нийгэмд бид өнөөдөр ирлээ. 

Байлгүй яахав. Хэрэв 25 насандаа байр авах тэр мөнгөөрөө бизнес эхлүүлвэл эрсдлээс айгаад хэрэггүй. Яаран эхнэр авах ч асуудалгүй. Харин эхнэртэй болохын тулд байр авах гэж яарч байгаа тэр эрчүүдээс илүү бизнесээ ч хийгээд өөрийгөө ч болгоод явж байгаа тэр эрчүүд илүү дээр шүү дээ. 

- Таныг уншигчид маань зохиолч гэдгээс гадна хурдны машины уралдаант тэмцээний тамирчин, илтгэгч, цахим ертөнцийн од гэдгээр тань мэднэ. Энэ олон зүйлийг зэрэг хийх хэцүү юу? Таны амьдралд эдгээр зүйл ямар үүрэг гүйцэтгэж байна?

Хүний амьдралд хийж буй жижиг зүйл бүхэнд ач холбогдол өгөөд хэрэггүй гэж би боддог. Амьдралын энэ богино хугацаанд туулаад өнгөрөх зүйл гэж байдаг. Би энэ бүхнийг миний амьдралд байх ёстой тэр л жижиг зүйлсийн нэг гэж боддог. 

- Тайваньд таныг дэмждэг уншигчид олон байдаг ч шүүмжлэгчид бас цөөнгүй. Тайваний телевизийн тоймч Чэн Вэнси 陈文茜 (Sisy Chen) болон зохиолч Ли Ао 李 敖 нар таныг эрс шүүмжилдэг. Гэтэл та ерөөсөө хариу хэлэхгүй юм. Ингээд нам жим байгаа тань ямар нэг санаа агуулж байна уу?

- Өмнө нь би блогтоо хэн нэгэнтэй байнга л сөргөлдөж, шүүмжилсэн нэгэнд нь хариу өгдөг байлаа. Тэгээд ингэж болохгүй юм байна гэж бодоод өөртөө нэг журамтай болсон юм. Тэр нь 70-аас дээш настан, 20-оос доош насны залуу хүүхдүүд болон залуу эмэгтэйчүүдтэй үгээр тулалдахаа болихоор шийдсэн юм. Тэр тоймч, зохиолч болон зохиолчийн хүү зэрэг хүмүүс энэ ангилалд багтаж байгаа тул би юу ч хэлэхгүй байгаа юм. 

- Өөрийгөө эрх чөлөөтэй байгаагаа мэдрэх тэр багаж хэрэглүүр тань юу вэ? Номын тавиур чинь уу, блог чинь уу, эсвэл мөнгө үү?

Гэрийн түлхүүр минь л юм даа. 

- Хэрэв хэн нэг залуу яавал тан шиг санхүүгийн эрх чөлөөнд хүрээд хүссэн зүйлээ хийх вэ гэж асуувал юу гэж хариулах вэ?

Үнэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэн хүсэлтэй хүн надаас хэзээ ч асуухгүй. Тийм хүмүүс хүнээс асуух биш өөртөө таарах тэр арга замыг хайж эхэлдэг юм. 

- Танд уран бүтээлээ туурвихад нөлөөлсөн хүмүүс бий юу?

Багадаа ном унших дуртай хүүхэд байсан юм. Зохиолч Чэн Данчин 陈丹青, Лянг Вэндао 梁文道 нарын бүтээлийг цөөнгүй уншсан. Надад маш их таалагддаг. 

- Улс төрийн тухай бичихээс гадна өөр юу бичдэг вэ?

Үнэндээ би хэзээ ч улс төрийн тухай бичиж байгаагүй, улс төрчидтэй холбогдож ч яваагүй, дургүй. Харин би урлагт дуртай. Миний дуртай урлагийг тэр улс төр гэдэг зүйл хааж боогоод байгаад л дургүй гэх үү дээ. 

- Та улс төрд орох уу? Хэрэв орвол хамгийн түрүүнд юу хийх вэ? 

Улс төрд орно гэдэг тайган болохтой адил. Тийм болохоор улс төрч болохгүй байсан нь дээр. Үзэл бодол нийлэхгүй улстай хамт байж, нэг индэр дээрээс үг хэлж чадахгүй. Тэгэхээр зохиолчоороо үлдэж, машинаараа уралдаж, өөр зүйл хийсэн нь дээр. 

- Тантай нэг үе гарч ирсэн олон хүн гадаад орнуудад цагаачлан гараад байна. Танд тийм бодол байна уу?

Үгүй. Магадгүй энэ хариулт олон хүнийг гонсойлгох байх. Гэхдээ л үгүй гэж хэлмээр байна. Миний хайртай хүмүүс бүгд энд байна. Гадаад улсад очих бүрт бүх зүйл сайхан санагдана. Тэд биднээс олон зүйлээр хол тасархай санагдана. Гэвч эх орноо тэдэн шиг сайхан болгочихвол заавал гадаад оронд гуйж амьдрах хэрэг юун. 

- Та яагаад бичих болов?

Багадаа сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Нийгмийн муу муухай бүхнийг илчлэн бичдэг хүн болохыг хүссэн юм. Тэгээд дараа нь сэтгүүлч гэдэг хүний дээр удирдлага байдаг учир өнөө бичих гэсэн зүйлийг минь хааж хорих явдал гарах юм байна гэдгийг ойлгоод зохиолч болохоор шийдсэн.

Нийт сэтгэгдэл : 0