209 c28af572dd7df36818b6536b81a13bff454c398d3981988e2d9e2178d481b5ad
Хатуу үг хайрын ташуур
Зохиолч:Чин Си Лин
Нийтэлсэн:
2016-08-26
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Хатуу үг хайрын ташуур
Чин Си Лин

Тээр нэг жил халуун зунаар данжийн газрын маань хаалгыг тас хийтэл шидээд нэг хүү ороод ирлээ. Нимгэн цамцны нь энгэр заам шалба норсноос үзвэл ихээ хол газар халуун наранд алхсан бололтой. Намайг нэг тогтож ажиснаа өрөөг гүйлгэн харж амьсгаагаа дарах гэж тонгойлоо. Хулгайч, луйварчин царайтай хүн шиг харагдсангүй болохоор би тайвширахыг нь хүлээнгээ хүйтэн ус аялгалж өгөв. Тэгсэн нэг амьсгаагаар уучихаад амаа шудран арчаад
   - Ахаа мөнгө зээлэхгүй биз? гэх нь тэр.
   - Ах нь мөнгийг зүгээр өгдөггүй хүн. Чамд барьцаанд тавих зүйл… гэж хэлээд залууг дахин нэг харвал хөөрхийд томдсон өмд, норсон цамцнаас өөр зүйл байсангүй. 
   - Би Юнлин рүү яаралтай явах хэрэгтэй байна. Та надад замын зардал зээлүүлээч гэж дахин гуйв.
   - За хүү минь наашаа суу, учир байдлаа ярилцъя гэхэд хүү эгээ л аавындаа орж ирсэн хүн шиг ичиж зоволгүй манай хойд өрөөрүү шурдхийн орлоо. 
   - Би … дугаар ангид алба хааж байгаад өглөө Тайпэйд ирлээ. Тэгээд одоо Юнлин рүү яаралтай явах хэрэгтэй болоод гэхэд нь
   - Цэрэгт алба хааж байгаа хүү юм байна. Үгүй одоо чинь хээрийн бэлтгэлийн үе байна шүү дээ. Миний санахын хээрийн бэлтгэлд гарсан хүүхдүүд чөлөө авч болдоггүй л юм даа. 
Хүү гараа харж, нусаа татснаа
   - Найз охинтойгоо хэд хоногийн өмнөөс холбоо барих гэтэл болохгүй, утас нь ч холбогдохгүй болохоор би өглөөний тооллогын дараа хүний нүд хариулж байгаад гараад ирсэн юм. Тайпэйд ирээд уулзах гэтэл байрнаасаа нүүчихэж. Төрсөн хотруу нь очиж аав ээжийг нь олж уулзах санаатай гэж хэлээд дахиад л нусаа татав. 
   - Цэргээс оргож яваа хүн юм биз дээ. Хүү минь чи залуу байна, нэг охины төлөө энэ насандаа чамаас салахгүй дагах тийм муухай нэрийг зүүх чинь дутаа юу! 
   - Тэр минь миний хувьд…
   - Чи эх орноо хамгаална гэж, эр хүн гэдгээ батална гэж цэргийн албанд явчихаад нэг муу охины төлөө хээрийн бэлтгэлээ хаячихсан байна шүү дээ. Үнэхээр л хайртай байсан юм бол нэг жил чамайг хүлээх чинь яагаав тэр охин, гэж ширүүхэн дуугараад авлаа. 
Хүү юм хэлсэнгүй. Нусаа татах чимээ л гарав. 
   - За хоёулаа нэг арга бодно гээд би хуучин тэмдэглэлийн дэвтрээ гаргаад нэг найзынхаа утасны дугаарыг шүүв. 


… дугаар ангийн захирагчийн аав болох эртний танил ахтайгаа ярьж хүүгийн тухай хэлэхдээ хүн хард хэлэлгүй тосоод авахыг гуйлаа. Азаар хүүгийн алга болсныг тэр хавийнхан мэдээгүй байв. 
Аавдаа загнуулсан хүүхэд шиг толгой гудайлган суух тэр хүү намайг эсэргүүцэж юу ч дуугарсангүй. 
   - За тэгээд очоод хэн гэдгээ хэлж болохгүй, үүдэнд очингуутаа захирагчтай уулзах гэсэн юм, Чин ах явуулсан гэж хэлээрэй. Захирагч чамайг өөрөө дотогш оруулах учиртай гэхэд хүүгийн нүдэнд нулимс цийлэгнэх нь тэр. 
   - Эр хүн байж уйлах нь уу дээ. Алив наад нүүр гараа угаа, юм хум идсэн юм уу? Удахгүй чи чамд такси дуудна гэхэд хүү дуулгавартай нь аргагүй угаалгын өрөө зүглэв. 
Найзынхаа нүүрээр тэр хүүг ял шийтгэлгүйхэн шиг буцаан явуулчихаад санаа амарч билээ. Цаг хугацаа чимээгүйхэн өнгөрч, өнөө хүүгийн тухай ч мартчихаж. 


Хэдэн сарын дараа хаврын нэг бороотой өдөр цэмцгэр нэг залуу цэцэг шиг сайхан бүсгүйтэй хамт ороод ирлээ. Барьцаалж зээлэх санаатай яваа биш гэдэг нь царайнаас нь илт. 
   - Ахаа та намайг санаж байна уу? Би өнөө оргодол…
   - Таньж байна аа. Үүрэгт албаа хаачихсан хэрэг үү? Үгүй мөн хурдан юмаа гэхэд хүү инээмсэглэн өнөө хүүхнийхээ зүг харж
   - Энэ миний өнөө найз охин
   - Чамаас болж их хэрэг тарих шахсан хүн шүү дээ энэ. 
   - Чин ах байгаагүй бол би өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байлаа. Ах танд үнэхээр их баярласан шүү гээд гар барилаа. 


Хүүхдүүдэд ерөөл айлдаж хоол ундны урилгыг нь буцаалаа. Хүн хүндээ тус болох нь энэ амьдралын нэг хэсэг, харин эцэг шиг хатуу үг хэлж, хааяа ороолгоод авах нь эр хүний үүрэг гэлтэй. Хаа нэг газар задарч яваа хүүхдүүдийг хараад өөрийн хүүхэд мэт санаа тавьж хэрэгтэй бол хатуу ширүүн үг хэлэх хэрэгтэй. Өвгөдөөс үг сонсолгүй бүхнийг ойлгож өтөлнө гэдэг хүний амьдралаас хол ойлголт. 


Тэр өдөр надад загнуулж хөөгдөөд явсан хүү өнөөдөр эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй, эцэг эхийнхээ ачийг хариулж, эхнэр хүүхдээ хайрлан асрамжилж яваа сайн хүн болсон гэдэг нь лавтай.

Нийт сэтгэгдэл : 3
Picture
2017-01-12 19:17:50

Баярлалаа :)

Picture
2016-09-02 05:49:47

Баярлалаа

Picture
2016-09-02 00:08:02

Сайхан орчуулга байна.