215 bb491c1336ffceb540f24cb09d35341d9c6dff4ba151ad6030cc555ece98e1c3
Дүүлэн нис охин минь
Зохиолч:Н.Энхсайхан
Нийтэлсэн:
2016-09-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Дүүлэн нис охин минь
Н.Энхсайхан

4 настай хүүхэд өдөрт дунджаар 437 удаа ЯАГААД? гэдэг асуултыг тавьж, сэрүүн байх хугацаандаа 300-400 удаа буюу 1-2 минут тутамд инээдэг гэнэ (1999 он, Мартин, Купер нарын судалгаа). Харин том хүн дунджаар 17.5 удаа л инээдэг. Ямар их ялгаа вэ? Хүн багыг мэдэж, хөнгөн сэтгэх тусмаа илүү инээж, илүү хурдан баярладаг. Тэр чинээгээрээ аливаа асуудлыг эмзэг хүлээж авдаг. Бид бүгдийн бага нас тийм л байсан. Бүх зүйл шинэхэн болохоор үнэндээ тэр догдлолын цаана юу байгааг мэдэлгүй хөтлөгддөг тийм ариухан....тийм л үеийг бид бүгд туулаад гарсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам, илүү ихийг сонсож, илүү ихийг мэдэх тусмаа бидний догдлол, инээмсэглэл тэр л чинээгээрээ багасдаг. 

Хүн насан бага тэр л үедээ дараа нь алдаа ч гэж нэрлэгдэж болох амьдралын том бага туршлагуудыг хуримтлуулдаг. Хэр хүнд хүлээж авах нь, бас хэр хурдан түүнээсээ гарах нь тухайн хүнээс, гэр бүлээс нь асар их хамааралтай байдаг. 

Өсвөр насандаа ээж болсон охидын бодит амьдралаас сэдэвлэсэн энэ зохиолыг хүн бүр нэг уншаасай гэж бодлоо. Та юу гэж харах нь магад миний бодлоос өөр байх. Гэхдээ гэнэхэн, сониучхан тэр насандаа эсрэг хүйстнээ шохоорхох догдлолыг хүн бүх туулаад гардаг. Аргагүйдээ байгалаасаа заяасан жам юм байна.Энэ л үедээ алдах, онох хүн бишгүйдээ л байна. Алдахгүй байхад нь туслах нь харин ээж, аавын хариуцлага гэлтэй. Алдсан үед нь тэднийг зэмлэж байгаа бол энэ харин таны буруу. Зэмлэх бус яаж хурдан сэтгэлзүйн хямралаас нь зөвөөр ойлгуулж гаргах вэ гэдэг нь л таны бодох ёстой зүйл бас хүн чанар юм шиг... 

Уг зохиолоос сэдэвлэсэн НИСДЭГ ОХИН монолог жүжгийг 2015 оноос хойш ЕБС-иудад үнэ төлбөргүй тоглож байна. Үнэхээр мундаг охид юм гээч... Тэд өөрсдөд тохиолдсон бэрхшээлийг давчихаад бусад охидоо битгий алдаасай гэж сэрэмжлүүлэхийг хүсэж. Гэхдээ тэд алдсан биш оносон ч байж болох. Хүн заавал амжилттай, өндөр албан тушаал хаших албагүй, аз жаргалтай элэг бүтэн л амьдрах хэрэгтэй... Зөвхөн охидын буруу болоод таардаг олон жишээ байдаг ч хөвгүүд юун дээр алдаж юуг ойлгосноо ярьсан тэр түүхүүд их онцгой бас сэтгэлд хүрсэн нь байлаа... Тэдний гэсэн хариуцлага байгаа гэдгийг маш энгийн бөгөөд гэгээлгээр харуулсан зохиолчдоо үнэхээр баярлалаа гэмээр. Хүн бүр хариуцлагатай, гэр бүл бүр элэг бүтэн бас аз жаргалтай байвал өнөөдрийн нийгэм ийм бухимдалтай байх байсан болов уу... Энэ жүжгийн зохиолч, мөн дүүлэн нис охин минь туужийг бичсэн шинэхэн танилаараа үнэхээр бахархаж байна... Бас дахиад баярлалаа гэж хэлий. 

Эцэст нь хүн хүнтэйгээ илүү дотно ярилцдаг байх, буруутгах биш ойлгох хандлага дутаад байгаагаас л ийм асуудлууд гарсаар байх шиг.

 

Тэмдэглэлийг бичсэн А.Уянга 

Нийт сэтгэгдэл : 0