219 aecd53303255420442c3d17bc501e98025715f78ccd462f49721ecb384d7dfb5
Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?
Зохиолч:Д.Чимэдцэрэн
Нийтэлсэн:
2016-09-24
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?
Д.Чимэдцэрэн

Сүүлийн үед ажлаа тарж ирээд л шүүрч аван уншсаар 3 хоногт дуусгасан нэг ном бол "Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?" гэх нэртэй Монгол аялагч, зоригт бүсгүй Д.Чимэдцэрэнгийн Зүүн Өмнөд Азийн орнуудаар ганцаараа аялсан аяллын тэмдэглэл ном юм. 

Тэрээр ЗӨА-ийн 10 орноор 7 сарын турш адал явдлаар дүүрэн аялж явахдаа үзэж харж мэдэрсэн сонин хачнаа уншигчийг хамт дагуулаад явж байх мэт сонирхолтой бөгөөд энгийн үгээр бичжээ. 

Түүний Хятадын Хуашань уул, Вьетнамын Фансипан уулсад авирсан туршлагуудаас уншихад өмнөөс нь өвдөг чичрэх, ядрах, бас даарах мэдрэмж төрөх шиг. 

Хэдэн жилийн өмнө би бээр Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд явж байхад дээд талын оронд нэгэн Финлянд бүсгүй мөн л Чимэдцэрэнгийн адил үүргэвчээ үүрээд азийн орнуудаар аялж яваатай нь тааралдсан юм. Тэрбээр ор луугаа дээш доошоо авирах, буух зэрэгт анзаарагдах өмссөн өмднийхөө гуя хэсгийг тэс өөр өнгийн даавууны өөдсөөр нөхсөн зэргийг нь харахад мань хүн үнэхээр хэнэггүй байрын гар санагдаж байсныг одоо бодохнээ үүргэвчтэй аялагч гэдэг чинь үнэндээ үзэж харах зүйлс, унаа тээвэр, байрлах газар, хоол хүнс гэсэн үндсэн хэдэн асуудлуудаа л анхаарахаас өмд цамц нөхөөстэй юу, үгүй юу гэдэг бол нэг их асуудал биш аж. 

Номд дурдагдсан Малайзын "Жорж Таун", Индонезийн "Жава арал", Мьянмар, Тайланд, Лаосын хилийн уулзвар дээрх "Алтан гурвалжин", Хятадын "Тианмэн уул"  зэрэг  маш олон газрууд үнэхээр сонирхол төрүүлэх бөгөөд уншигч би заримаар нь аялж үзэх бодол хэдий нь төрчхөөд сууж байх жишээтэй. 

Номынхоо төгсгөлд аялагч, зохиолч маань өөрөөрөө байхын тухайд бодлоо хуваалцсанаас "бусдад таалагдах гэж хичээх тусам хожим өөртөө таалагдахаа больдог" гэсэнтэй нь би 100% санал нэгтэйгээр эл номыг уншиж дуусгавай. 

Нийт сэтгэгдэл : 0