222 17c63a1c19be98bfaecbe24acc0fb3796444589e5cbc1a50d9207767f0d62a84
Ном уншдаг хүний сэтгэл хөглөгдөж, ухаан сууж ухаарал нэмдэг.
Зочин:Хишигнямын Дуламсүрэн
Нийтэлсэн:
2016-10-01
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Ном уншдаг хүний сэтгэл хөглөгдөж, ухаан сууж ухаарал нэмдэг.
Хишигнямын Дуламсүрэн

Зохиолч, яруу найрагч Х.Дуламсүрэнтэй хөөрөлдлөө. Эрч хүч ундарсан энэ бүсгүйн ярилцлагаас эргэцүүлэх зүйл их авай. 

- Сайн байна уу? Намаржаа сайхан уу? Анх ном уншиж эхэлсэн дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

- Сайн, сайн байна уу? Хүүхэд байхаасаа бусдын л адил дэлхийн сонгодог зохиолууд, монгол зохиолчдынхоо бүтээлийг уншиж өссөн. Биднийг арван жил байхад “Номын сайн нөхөр”, Д.Нацагдоржийн нэрэмжит “Номын баяр” болдог байлаа. Номын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож анх номын амтанд орсон доо. Дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Яасан гэхээр, утга зохиолын дугуйланд хүүхэд авна гээд Батмөнх багшийг орж ирэхэд нь манай ангийн тал нь бараг гараа өргөлөө. Би нэг ч мөр холбож бичиж үзээгүй мөртлөө хүүхдүүдийг дуурайгаад гараа өргөчихсөн. Багшид маргааш нь шүлгээ авчирч өгөх ёстой байдаг, надад шүлэг байдаггүй, тэгээд л:

Ээж минь, ээж минь

Энхрийхэн ээж минь... гэж анхны шүлгээ бичиж байлаа. Багш маань их урам өгч, би ч урамшаад шүлэг оролдох болж, “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд амжилттай оролцож, эхний гуравт ордог болсон доо. Урамшиж явсаар хамгийн анх 2005 онд “Зүрхэнд унасан нүд” шүлгийн түүврээ хэвлүүлж байлаа. 2010 онд “Сэтгэлийн зүйдэл” шүлгийн ном, 2015 онд дөрвөн номоо хэвлүүлсэн.

- Ямар үед бичмээр болдог вэ?

- Багаасаа шүлэг бичсэн болоод тэр үү, бичье гээд хүсэх юм бол ямар ч үед санаа орж ирдэг. Гэхдээ тухайн үед орж ирсэн шүлгийн санаагаа барьж авахгүй л бол дараа нь яг тэр чигээрээ ахиж ирнэ гэж байхгүй. Тийм болохоор, гоё санаа орж ирвэл шууд бичиж тэмдэглэхийг боддог. Үргэлжилсэн үгийн зохиолын хувьд бол гурван жилийн өмнөөс бичиж эхэлсэн. “Хүсэл хясал” туужийг анх өгүүллэг хэлбэрээр бичиж, фэйсбүүк хуудсандаа тавьтал уншигчид үргэлжлэлийг нь нэхээд, тэгж явсаар байгаад тууж болчихсон юм.

- Таны номуудын баатрууд дундаас хэн нь сэтгэлд хамгийн ойр байдаг вэ?

- Миний зохиолын баатрууд бол дандаа амьдралаас сэдэвлэсэн бодит дүрүүд. Би өөрөө хүний нутагт есөн жил амьдраад Монголдоо буцаж ирсэн. Харьд амьдрахдаа хүн болгоны амьдралыг хараад, сэтгүүлч зохиолч хүнийхээ хувьд сонирхож, судалгаа хийж гэмээр юм уу, ажигладаг байлаа. Яваандаа зохиол болгоно гэдгээ мэдэрч байсан. Эргэн тойронд байсан хүмүүсийн амьдрал ном зохиолд маань амилсан гэж хэлж болно. Дүрийн хувьд “Учрах тавилан” романы Тэмүүлэнгийн дүр их сайхан санагддаг. Өнөө үеийн залуучуудад хүн чанар, нөхөрлөлийн үнэ цэнийг ухааруулах сайхан залуу бий. Америкт амьдарч байгаад нутагтаа ирдэг дүр. Бодит хүн сэн бол бараг дурламаар залуу (инээв.).

- Бодит биш гэж үү?

- Нэг тал нь бодит хүн, нөгөө талаас төгс дүр гаргаж ирэхийг зорьж бүтээсэн. Ялангуяа бүсгүйчүүдэд Тэмүүлэнгийн дүр их таалагддаг юм билээ.

- Тэмүүлэнтэй тааралдвал та яах вэ?

- Гэр бүл, үр хүүхэдтэй хүн чинь одоо яах билээ? (инээв.) Хүндэлж явна аа. Их сайхан сэтгэлтэй залуу.

- Төгс эр хүн гэж таны хувьд?

- Хүн чанартай л байх ёстой. Эхнэрээ анх авч суухдаа сайхан уяраагаад л байдаг, хэдэн жилийн дараа хуурч мэхлээд явдаг эрчүүд ч бий, эсвэл найз нөхөдтэйгөө хэтэрхий доргиод явдаг ч юм уу, иймэрхүү тал их анзаарагддаг. Хүн чанартай зан гаргаж амьдрах хэрэгтэй л гэж боддог шүү. Хоёрын хооронд зантай эрчүүд бий дээ. Хүний сайхан муухай царай зүс, мөнгөтэй мөнгөгүй байх нь огт чухал биш юм. Өвдөж зовоход нь ч ханийнхаа хажууд хань шиг байдаг, жаргаж цэнгэж наргиж явахдаа ч хань шиг байдаг, хүн чанартай эрчүүд л таалагддаг.

- Өөрөө зохиол бичээд, шүлэг найраг туурвиад суухаар бусдын бүтээлийг унших зав хэр гарч байна?

- Солонгост эмнэлгийн орчуулагч хийдэг байлаа. Хүүхдүүд маань бага. Хүүгээ тэврээд ч ажлаа хийх үе зөндөө гарна. Тэр үед ном унших зав маш багатай байжээ. Харин одоо илүү их уншья гэж тэмүүлж сууна. Сайхан ном таарвал мөнгө хайрлахгүй л авчихдаг. Илүү сайныг бичих, туурвих цаг зав, бололцоо надад байна. Илүү чанартай уран бүтээл гаргахын тулд улам ихийг унших ёстой болно. Ном уншдаггүй хүн бол эргэн тойрны хүмүүсийнхээ, өөрийнхөө амьдралыг л мэднэ. Харин ном уншдаг хүн хүрээлэл өндөр, оюуны цар хүрээ нь өргөн, олон талын мэдлэгтэй, сэтгэл нь янз бүрээр хөглөгдөж, ухаан сууж ухаарал тээдэг гэж боддог.

- Уншихад шүүлтүүр бий байх?

- Тааралдсан болгоныг уншаад байхгүй л дээ. Ном угаасаа андашгүй. Эхний хуудас, дундах, төгсгөлийн хуудсыг эргүүлээд үзэхэд л миний сонирхлыг татах ном мөн эсэх нь мэдэгдэнэ. Хамгийн сүүлд “Цас”, “Гэгээнтэн” романуудыг авч уншсан юм байна.

- Таны уншигчдын хувьд?

- 20-40 гаруй насны эмэгтэйчүүд голцуу байдаг юм билээ. Зарим номуудыг маань тавь гаруй насныхан ч уншсан байдаг. Эмэгтэйчүүдийн зохиол бичээд байна уу даа гэж өөрийгөө бодоод байгаа. Номуудынхаа хавтсанд их анхаарал хандуулдаг. Учир нь, хүмүүс сүүлийн үед бие биедээ ном их бэлэглэдэг болсон байна лээ. Өнгө үзэмжийг нь их гэгээлэг байлгах гэж зорьдог юм. Хавтас нь эмэгтэй хүний дүр зураг ихтэй болохоор ч тэгдэг юм болов уу, эсвэл би өөрөө эмэгтэй хүн болохоор бүсгүй хүний дүрийг илүү нарийн гаргадаг байж ч болох юм, юутай ч эмэгтэй уншигчид давамгайлаад байдаг.

- Солонгосын зохиолууд ямар онцлогтой байдаг бол?

- Олон зохиол уншиж байгаагүй. Өөрт таалагдсан, цөөн тооны ном уншсан юм байна. Манайхаас ялгаатай нь, их хөнгөн бичдэг. Харин манай мундаг том зохиолчид бол гүн ухааны тал руугаа бичнэ. Монгол хэл уран яруу, үгийн баялаг ихтэй болохоор тэр байх. Ийм л ялгаа олж харсан даа.

- Есөн жилийн дараа эргээд ирэхэд монголчууд оюуны талаасаа хэр өөрчлөгдөж вэ?

- Маш их өөрчлөгдсөн байна. Ном унших тал дээр бол надад илт мэдэгдэж байна л даа. Хэзээ номын баяр дээр ийм олон хүн цугладаг байлаа, хэзээ номын дэлгүүрээс тийм их хүн ном авдаг байлаа? Хөгжил дэвшилд тэмүүлж байгаа нь ажиглагдаж байна. Номд хайртай, номыг бие биедээ бэлэглэдэг болсон нь тун сайшаалтай.

- Цаашид зохиолын хажуугаар орчуулга руу орох уу? Солонгосын зохиол уншмаар л байна.

- Сайн мэдэхгүй байна. Түүхээ сайн судалж байгаад түүхийн зохиол бичнэ гэсэн мөрөөдөл бол бий. Ном орчуулна гэж бодож үзээгүй юм байна. Бодож үзнэ ээ (инээв.).

- Танд их баярлалаа. Уран бүтээлийн олз омог арвин байх болтугай.  

- Баярлалаа. Танай сайтаар дамжуулаад уншигчдадаа мэнд хүргэж, хамгаас сайн сайхан бүхнийг хүсье. Олон сайхан бүтээлээр эргэн уулзаж байхын ерөөл тавья аа. 

Нийт сэтгэгдэл : 2
Picture
2016-10-25 09:25:41

Сонирхолтой сайхан ярилцлага байна. Улам ихийг бичээрэй.Амжилт хүсье

Picture
2016-10-03 04:03:52

Сайхан ярилцлага болжээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!