224 d230a3146a40b1bfd75b726176705e6f0a56eccce4837091bf3d1c006e7936be
ФРАНЦ УЧРАА ОЛСОН НЬ
Зохиолч:Кристине Нёстлингер
Нийтэлсэн:
2016-10-13
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
ФРАНЦ УЧРАА ОЛСОН НЬ
Кристине Нёстлингер

Өнөөдөр Австрийн зохиолч Кристине Нёстлингер 80 нас хүрч байна. Хүүхдийн зохиолч эмэгтэйн зуу гаруй зохиол бүтээл нь 40 шахам хэлээр орчуулагдсан ажээ. Франц гэх нэртэй хүүгийн тухай цувралууд нь тун алдартай бөгөөд зөвхөн хүүхдэд бус томчуудад ч сургамжтай байдаг юм. Ингээд тэрхүү цувралын нэгэн өгүүллэгийг орчуулснаа хүргэе.  

 

ФРАНЦ УЧРАА ОЛСОН НЬ

Жаалхүү Франц зургаан настай. Гэхдээ давжаа биетэй болохоор нь хүмүүс түүнийг зургаатай гэж итгэдэггүй юм. Дөрвөн настай юу л гэцгээнэ. Бүр эрэгтэй хүүхэд гэж итгэдэг хүн ч байхгүй.

- Сайн уу, охин минь? - гэж алим зардаг худалдагч авгай мэндэлнэ.

- Бяцхан хатагтай, хариултаа авахаа мартуузай, - гэж сонины мухлагийн эзэн сануулна.

Яагаад тэр вэ гэвэл, Франц маань шаргалхан буржгар үс, хөөрхөн цэнхэр нүдтэй юм л даа. Бас интоор шиг шөмбөгөр хошуу, ягаарч туяарсан бумбагар хацартайг хэлэх үү.

Охид л ийм байдаг гэж олонх хүн боддог билээ. Францын аав ч мөн багадаа охин хүүхэдтэй адил байсан гэдэг юм. Харин одоо бол сахал самбай болсон, өндөр бүдүүн тэр хүнийг хэн ч эмэгтэй хүн гэж андуурдаггүй.

Аав нь Францад багын зурагнуудаа үзүүлж:

- Энэ, охин шиг жаал бол би! – гэнэ.

Тэгснээ арай өөр, тийм ч хуучин гэмээргүй зураг гаргаж ирээд:

- Хоёр жилийн дараа. Харин энд бол намайг охин гэхээргүй байгаа биз? Чамайг ч бас тэгэхээ болино, - гэдэг байлаа.

Энэ нь Францыг овоо тайвшруулах боловч охин хүүхэд шиг төрхтэйдөө бачимдаж барахгүй сууна. Учир нь, ийм шалтгаанаар л зарим хөвгүүд түүнтэй тоглодоггүй билээ. Хөлбөмбөгийн талбайд тоглож байгаа хүүхдүүд дээр очоод, хаалгач хийе гэхээр:

- Эндээс холдооч! Муусайн охидыг багтаа авахгүй шүү! – гэлцэн орилолддог юм.

Охин биш, хүү гэдгээ тайлбарлаад ч нэмэргүй, жаалууд итгэж өгөхгүй бүр шоолж инээлдэнэ. Тэгээд:

- Больж үз. Битгий худал хэл! Дууг чинь сонсоход л илт байхад. Ийм гонгиносон дуутай баньд гэж байх уу? – гэцгээнэ.

Гэвч үнэндээ Францын хоолой ердөө гонгинуур нарийхан биш. Сандрахаар л ийм болчихдог хэрэг. Хүүхдүүд өөрийг нь охин хүүхэд гээд хамт тоглохгүй болохоор Франц сандарч орхидог юм.

Нэгэн бүтэн сайн өдөр, Франц маань гал тогооныхоо цонхоор гадагш хараад, тагтны доор нэгэн жаал байхыг олж үзжээ. Огт танихгүй хүүхэд аж. Шүгэлдээд л алхаад байх юм. Тэгээд тэр жаал жигнэсэн махны лаазыг тээ хол өшиглөж орхилоо. Араас нь гүйж очсоноо ахиад л өшиглөв.

- Ээж ээ, та энэ хүүхдийг таних уу? – гэж Франц асуув.

Ээж нь цонхоор хараад:

- Бергерийн бүл дүү нь байх. Ээжтэйгээ эднийд ирсэн байж таарлаа. Уйдаад л гадаа гарчихсан гүйж яваа биз, - гэж байна.

Үүнийг ч харин Франц сайн ойлгож байв. Ээжийнхээ эгчийнд очихоор уйдах гэж жигтэйхэн байдаг юм.

Франц дөрвөн шилэн бөмбөлөг, гурван бохь, хоёр жижиг тэрэг, нусны алчуур халааслаад:

- Ээж ээ, би гадаа гаръя! – гэв.

Ээж нь зөвшөөрлөө.

- Томоотойхон байгаарай! – гэж тэр араас нь хэлээд, - Бергерийнхэн айхтар  цэмбэгнэж цэмцэгнэсэн улс шүү, - гэлээ.

Франц “цэмбэгнэж цэмцэгнэх” гэж юу болохыг ойлгоогүй ч, их яарч байсан тул учрыг нь асуулгүй гүйн гарлаа. Унадаг дугуйгаа шатны доороос гаргаж ирэв. Тод улаан өнгөтэй, залуур дээрээ резинэн дуут дохиотой, бараг шинээрээ дугуй билээ. Франц дугуйгаараа их бахархана. “Нөгөө жаал ч гайхах байх даа. Ийм гоё дугуй хараагүй байж таарна!” гэж тэр бодлоо.

Дугуйгаа унаад, танихгүй жаалыг тойрон дохиогоо чарлуулж баахан давхив. Тойрог хумигдсаар жаалд тун ойртож ирсэнд цаадах нь шүгэлдэхээ болиод:

- Хөөе! Чамайг хэн гэдэг вэ? – гэж асуулаа.

Франц тоормос жийн зогсоод, дугуйнаасаа буув.

- Намайг Франц гэдэг.

Нөгөө жаал инээд алдсанаа:

- Охин хүүхдийн нэр биш шүү дээ, - гэдэг юм байна.

- Тэгэлгүй яах билээ? Би охин биш юм чинь.

Ингэж хэлэхдээ хоолой нь үл ялиг жингэнээд явчихлаа. Олигтой юм болохгүй нь гэдгийг Франц гашуун туршлагаараа мэдрэв.

Жаал өөдөөс нь итгэл муутайхан харж байна.

- Би эрэгтэй хүүхэд! Нээрээ шүү! Яалт ч үгүй үнэн үг!

- Худалч! – гээд жаал толгой сэгсрэв.

Энэ мөчид орцны хаалга онгойж, Габи хувин барин гарч ирээд, хогийн том саванд хувинтай хогоо асгалаа.

Габи бол Францтай ойр найзалдаг охин юм. Хөрш айлын хүүхэд. Габи ихэвчлэн Францад сайн хандах боловч энэ удаа анзаарч ч харсангүй. Өчигдөр тэр хоёр муудалцсан бөгөөд Франц түүний хөл дээр дэвсэж, бүр нулимж орхисныг яана. “Та битгий уурлаарай” гэдэг тоглоомд Габи дараалаад тав хожсон болохоор тэр. Гэтэл нөгөө жаал Габи руу дохин:

- Хөөе! Чи нааш ир дээ! – гэж хашхирдаг байгаа.

Габи хувингаа газар тавиад тэдэн рүү дөхөн ирлээ.

- Чи яах гээв? – гэж жаалаас асуухдаа Франц өөд хяламхийсэнгүй.

Жаал тэгтэл Францыг зааж:

- Энэ охин өөрийгөө эрэгтэй хүүхэд гэх юм. Үнэн юм уу? – гэлээ.

Габи тэгэхэд л Франц руу харав. Их ууртай харж байснаа писхийтэл инээд алдлаа. Зальтай нь аргагүй инээх чинь юу билээ?

- Юу гэсэн үг вэ! Энэ чинь Франциска шүү дээ! Жаахан маанагдуу юм. Өөрийгөө эрэгтэй хүүхэд гэж ярих дуртай! – гэлээ шүү.

Ингэж хэлчхээд Габи эргэн алхаж, хувингаа аваад орц руу гүйн оров. Гүйж явахдаа бах нь ханасан аятай инээд алдах аж.

- Өөдгүй урвагч! Зэвүүн, балиар худалч амьтан, мэдэв үү чи өөрийгөө! – гэж Франц араас нь хашхиран үлдэв.

Бачимдаж уурласандаа хоолой нь бүр ч цангинаад явчихлаа.

- Арай ч дээ, охин хүүхэд байж ингэж муухай хэрэлдэж болдог юм уу? – гэж жаал асуув.

- Худлаа хэллээ шүү дээ. Өчигдөр бид хоёр хэрэлдчихсэн юм. Тэгээд л надаас өшөөгөө авч байхгүй юу. Нээрээ шүү!

Жаал толгой сэгсрээд, духаа тоншиж байна.

- Яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? – гэж Франц гонгинов.

Танихгүй жаал халаасандаа гараа шургуулаад санаа алдан эргэлээ.

- Чамтай юу ч ярих билээ дээ... – гэх дуулдав. Франц нударга зангидан боксчин шиг өрж зогслоо. Үнэхээр уурлаж цухалдсан харагдана.

- Надад итгэхгүй юм бол чамайг одоохон махан таташ болгоод орхиё, - гэж тэр ориллоо.

Гэтэл мөнөөх жаал эргэж ч харалгүй:

- Би охидтой гар зөрүүлдэггүй. Хэзээ ч! – гэж байна.

Францын гар сулраад явчхав. Яах ийхээ ч мэдэхээ больж, уйлмаар болж ирлээ. Нулимс нь мэлтэлзсэнээ ягаахан бумбагар хацрыг нь дагаад хоёр дусал бөмбөрөв.

Жаал эргэж харснаа:

- Бурхан минь! Яахаараа энэ охид, юм л бол уйлж орилохоо түрүүлдэг юм бол оо? – гэж дуу алдлаа.

Яг энэ хоромд Франц юу хийх ёстойгоо ухаарав. Өмднийхөө товчийг мулталтал шувтраад уначихлаа. Тэгэхээр нь дотоожоо өвдөг хүртлээ шувт татав.

- Харахгүй юу! Одоо итгэж байна уу, чи? – гэж хашхирсанд хоолой нь харин огт шингэрсэнгүй.

Өнөөх жаал хагас нүцгэн Францыг алмайран харж зогссоноо нэг юм хэлэх гээд амжсангүй ээ. Яг энэ үед Бергер хатагтай гарч ирээд, Францын зүг нүд ирмэхийн зуур үсрэн хүрч:

- Өө, муу хулигаан! Ичих нүүр гэж алга уу чамд? – гээд орилж гарлаа.

Тэгээд Францын дотоожийг татаж өгөв.

Өмдийг нь ч бас татан, цамцны захнаас нь шүүрч аваад байшин руу чирэн оруулж, шатаар дээш гулдачсаар хаалганд хүрээд хонх дарлаа.

Ээж нь хаалга нээв. Бергер хатагтай чахарсан эвгүй дуугаар:

- Танай энэ ичгүүргүй жаалыг ахиж гадаа хармааргүй байна шүү! Хүмүүжилтэй хүүхдүүдийг уруу татаад байна! – гэв ээ.

Ингээд цамцных нь захыг тавьтал жаахан хүү бүдрэн, үүдний өрөөндөө түүдгэсхийн өнхөрч уналаа. Эмэгтэй сүртэй чанга хараасаар гэртээ орж дуулдана.

Бергер хатагтай үүнээс хойш Францыг хүн байна гэж тоож харахаа ч болив. Хүү хичээж байгаад хэчнээн эелдэг мэндэлсэн ч, тэр таг дуугүй зөрөөд явчихна.

Энэ тухай хүү ээждээ хэлж гомдоллоход:

- Өөр яана гэж бодоо вэ, Франц минь? Би чамд “Бергерийнхэн айхтар  цэмбэгнэж цэмцэгнэсэн улс шүү” гэж хэлсэн биз дээ? – гэх нь тэр.

Одоо л энэ шинэ үгийн учрыг Франц ойлгов. “Цэмбэгнэж цэмцэгнэх” гэдэг нь хүүгийн ойлгосноор “хүмүүс үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй байх”-ыг хэлдэг ажээ.

Нийт сэтгэгдэл : 0