225 b1f0b602da36f75925f1a9df451862dbf7cdacd907e69b5a47cc4c608e766e60
2016 Нобелийн шагнал
Эх сурвалж:Утга зохиолын салбар дахь Нобелийн шагнал
Нийтэлсэн:
2016-10-13
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
2016 Нобелийн шагнал
Утга зохиолын салбар дахь Нобелийн шагнал

2016 оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтныг тодруулан зарлах мөч ойртсоор. Шведийн академийн 18 гишүүнээс бүрдсэн багийн нэгдсэн сонголтоор "the most outstanding work in an ideal direction" (А. Нобель) буюу "үлгэрлэн дагуулахуйц үнэнхүү гайхамшигтай бүтээл" туурвисан зохиолчид энэхүү нэр хүндтэй шагнал очих ёстой.

Энэ жил шагнал авах хамгийн магадлалтай гэж тооцогдож буй зохиолчдод: Японы зохиолч Мүраками Харүки, Америкт дүрвэн сууж буй Кенийн зохиолч Нгуги Ва Тхионго, Сирийн яруу найрагч Али Ахмад Саид Асбар (уран зохиолын товч нэр нь Адонис), Америкийн зохиолч Филип Рот, Өмнөд Солонгосын яруу найрагч Ко Юн, Норвегийн зохиолч Юн Фоссе, Аргентины зохиолч Цезар Айра, Албанийн зохиолч Исмаил Кадаре, эхний арвын нэрсийн жагсаалт дахь цорын ганц эмэгтэй болох Америкийн  зохиолч Жойс Кэрол Оутс, Израилийн зохиолч Амос Оз нар орж байна. Яг одоогийн байдлаар Кенийн зохиолч Нгуги Ва Тхионго, Японы Мүраками Харүкигийн өмнө орсон яваа мэдээ байна. 

Мөн энэ жилийн шагнал горилогчдын нэрсийн жагсаалтад Чехийн зохиолч Милан Кундера, Америкийн Дон ДеЛилло (одоогийн байдлаар дээшлээд дөрөвт нэр нь гараад ирж), Унгарын Петер Надаш, Энэтхэгийн зохиолч Салман Рушди, өнгөрсөн жил нас нөгчсөн Италийн зохиолч Умберто Экогийн нэр ч орсон яваа сурагтай. 

Ойрын хэдэн жил яруу найрагч шагнал аваагүй. Мөн жил дараалан эмэгтэй хүн утга зохиолын салбарт Нобель авч байсан түүх байхгүй. Уг шагналд тухайн үеийн улс төрийн байдал ч нөлөөлдөг гэх мэтийг дэлгэрэнгүй үл өгүүлэн, утга зохиолын салбарт Нобелийн шагнал аваагүй 11 суут зохиолчийг дурдсанаар энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

1. Лев Толстой. 1901 онд утга зохиолын салбар дахь хамгийн анхны шагналд нэр дэвшсэн боловч аваагүй. Шведийн 42 зохиолч түүнд захидал илгээж, академийнхаа гаргасан шийдвэрт дургүйцэж, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхэд Толстой: "Миний бодлоор аливаа мөнгө зөвхөн хорон муу зүйлийг л авчирдаг" гэж хариулсан байна.

2. Марк Твен. Нобелийн шинжээчид Америкийн утга зохиолыг тэр үед тоодоггүй байжээ.

3. Генрих Ибсен. "Шинэ жүжиг" урсгалыг үндэслэсэн түүний бүтээлийг модерн учир Нобель абугайн шагналын цензурт нийцэхгүй гэж үзжээ.

4. Марсель Пруст. Түүний "Алдагдсан цагийн эрэлд" романыг тэр үед хэтэрхий авангард гэж тооцсон байна.

5. Антон Чехов. 1904 онд нас барсан. Шагналыг 1901 оноос өгч эхэлсэн. Баруунд бүтээлээрээ хараахан алдаршиж амжаагүй байжээ.

6. Жэймс Жойс. Түүний "ухамсрын урсгал"-ын романууд дэндүү авангард, модерн гэж тооцогдож байсан.

7. Виржиния Вульф. Нобель хүртсэн арван хэдхэн эмэгтэй зохиолч дотор түүний нэр байхгүй.

8. Хорхэ Лүис Борхэс. Цэвэр улс төрийн шалтгаанаар буюу Чилийн дарангуйлагч Пиночетаас одон авсан тул түүний бүтээлд уг шагналыг олгоогүй гэж үздэг.

9. Владимир Набоков. 1974 онд нэр дэвшсэн боловч Шведийн буюу нутгийн зохиолчид Нобелийн шагналаа гарджээ.

10. Жон Апдайк. Америкийн зохиолчдыг тэр үед дэндүү "тусгаарлагдсан", "дотогш өөрийн асуудалд шигдсэн" тул дэлхий нийтийн уран зохиолд оруулсан хувь нэмэр нь бага гэж Шведийн академичид үздэг байсан ажээ.

11. Жэром Дэвид Сэлинжер. Америкийн хамгийн сүүлчийн сонгодог зохиолчоор тодорсон түүний бүтээлийг Шведийн академичид бас л тоосонгүй.                                                                                                                                                              

Номд дурлагсад та бүхэнтэйгээ хамт 2016 оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хэн хүртэх бол хэмээн чих тавин хүлээе :).

Нийт сэтгэгдэл : 0