229 63cf72a31f8007d17605675dca98cd42672f4fed1e3c83a1dd3d6149f0c2c5b4
МЭ 2088 ОНЫ ХАТАГТАЙ БОЛОН НОЁД ОО!
Зохиолч:Курт Воннегут
Нийтэлсэн:
2016-11-02
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
МЭ 2088 ОНЫ ХАТАГТАЙ БОЛОН НОЁД ОО!
Курт Воннегут

Тэртээ 1988 онд Тайм сэтгүүлд хэвлэгдэх Фольксвагены сурталчилгааны аяны хүрээнд тухайн үеийн зарим хүндтэй сэтгэгчдээс 100 жилийн чанад дахь ирээдүйн хүмүүст хандаж зөвлөгөө өгсөн захидал бичиж өгөхийг хүсчээ. Тэдгээрээс хэд хэд нь зөвшөөрсний дунд зохиолч Курт Воннегут байсан бөгөөд түүний захидлыг танд толилуулъя.

(Эх сурвалж: TIME, 1988; Курт Воннегутын зургийг Mike Schroeder-ын хувийн цуглуулгаас)

МЭ 2088 оны Хатагтай болон Ноёд оо:

Өнгөрсөн үеийн мэргэн ухаан шингэсэн зөвлөгөөг таалан соёрхож магадгүй хэмээн үзэж хорьдугаар зууны бидний хэсэг нөхдөөс та бүхэнд захиа илгээхийг санал болгожээ. Та нар Шекспирийн Хамлет дээр гардаг Полониусын “Юм бүгдээс урдаар өөртөө л үнэнч бай”* гэсэн зөвлөгөөг мэдэх үү? Эсвэл Ариун гэгээнтэн Жоны хэлсэн “Шүүгдэх өдөр чинь ирсэн тул бурхны суу алдраас аюуж, бахдаж байгтун”** гэснийг? Миний амьдарч ахуй энэ цаг үеэс та нөхдөд болон ер нь аль ч цаг үед амьдарч байгаа хэнбугайд ч таарах шилдэг зөвлөгөө бол, миний бодлоор архичин бүрийн дахин хэзээ ч уухгүй гэхээрээ хэлдэг “Бурхан минь, өөрчилж үл хүчрэх зүйлсээ хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хат, хүчрэх зүйлсээ өөрчлөх эр зориг, мөн эдний ялгааг олж харах мэргэн ухаан хайрлаач” гэсэн залбирал байх.

Манай эрин бусад шигээ тийм баялаг сайхан мэргэн ухаан дүүрэн үгсээр бялхам байгаагүй. Хүмүүс бид хэдүүлээ билээ, хэр их хүнс бэлдэх юм уу нөөцлөх боломжтой, хэр хурдан үрждэг, яагаад өвддөг, яаж үхдэг, бас ихэнх амьд биесийн шүтэн барилдлага болсон агаар, ус, шимт хөрсийг яаж бохирдуулж, сүйрүүлж байгаа, байгаль хэр харгис, хэрцгий байж болох гэх мэт хүний оршин буй нөхцөл байдлын талаарх өч төчнөөн мэдээллийг анхлан бодитоор олж авцгааснаас болоод тэр байх. Тэгээд ч муу мэдээ ингэж ихээр цутган байхад хэн л мэргэн ухааны илдээ ирлэж суух вэ?

Байгаль эх өөрөө эх дэлхийг хэвээр нь хадгалах санаагүй юм гэдгийг мэдсэн нь миний хувьд хамгийн цочирдом мэдээ байлаа. Тэр бидний тусламжгүйгээр л оршин буй амьт биесийг юман чинээ бодолгүй цэнхэр гаригийг маань тасдан хувааж, өөрчлөн залгасан. Хөвч ойд аянга буулгаж түймэр өрдөх, үржил шимт өргөн уудам нутаг дээр галт уулын халуун хайлмаг урсгаж машины зогсоол шиг хэрэггүй газар болж хувиргах зэргээр авирлана. Байгаль эх түүгээр ч зогсолгүй бас хойд туйлаас мөсөн гол илгээж Ази, Европ, Умард Америкийн ихэнх хэсгүүдийг индүүдчихсэн гэдэг. Эдгээрээ дахиад хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Яг өнөөдөр л гэхэд Африкийн тариалангийн талбайнуудыг цөлжүүлж байгаа ба аягүй бол хэдийд ч хамаагүй далайн давалгааг өндөрт өргөн эрэг балбуулж, тэнгэрээс улайссан чулуун мөндөр буулгаж ч магадгүй. Гайхамшигтай нарийн бүтцийг олтлоо хувьссан амьд биетийг нүд цавчихын төдийд устгаж үгүй болгоод зогсохгүй далайг ширгээж, тивийг живүүлж ч байсан удаатай. Байгаль эхийг бидний нөхөр хэмээн эндүүрсэн хүмүүст дайсан ер хэрэггүй болов уу.

Байгаль эх бол хэдийд ч, хаана ч хүнсний хэмжээнд ноогдох амьдралын тоог зохицуулах тал дээр маш харгис гэдгийг өнөөдрөөс зуун жилийн чанад дахь хүмүүс та нар сайн мэдэж байгаа, магадгүй үр ач нар чинь бүр ч илүү мэдрэх байх –. Би тэгэхээр ингэж асууя – Байгаль эх, та нар хүн амын хэт их өсөлтийг яаж шийдсэн бэ? Та нарт эрт дээр санагдах 1988 онд бол бид халуун цус мэргэн ухаант, үл зогсох шинэ төрлийн мөсөн гол шиг л эргэн тойрноо залгиад, эр эмээрээ эвцэлдэн, үржиж олшроод л байж байна. Байз байз, ер нь хомсхон хүнсээр хэт их хүн амыг Байгаль та хоёр хэрхэн хангасныг мэдэх хүсэлгүй болчихлоо.

Гэхдээ та нар дээр нэг хөгийн юм туршмаар байна. Хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн устөрөгчийн тэсрэх бөмбөг бүхий цэнэгт хошууг нэг нэгэн рүүгээ чиглүүлж байгаад “Хэзээний харгис хэрцгий Байгаль эх ирээдүйд бидэнд хэрхэн хандах бол” гэсэн хамгийн чухал асуудалд анхаарлаа хүчлэн төвлөрүүллээ гэж бодъё.  

За ингээд асуудлыг илүү нарийн авч хэлэлцэх боломжтой болсон энэ завшаанд хэлэхэд, та бүхнийг найгүй өөдрөг үзэлтэй нөхдийг удирдагчийн суудалд залахаа больсон байгаасай гэж найдах юм. Асуудлын голыг мэддэггүй байх үед наадуулын чинь хэрэг байх нь байсан. Өнгөрсөн 7 сая жилийн турш гэх үү дээ. Манай үед л гэхэд маш чухал үүрэгтэй нарийн чимхлүүр тогтолцоонуудыг удирдах гэж наадуул чинь бантан хутгадаг байлаа.

Тэгэхээр бидэнд хэрэгтэй байгаа удирдагч нар бол манайд одоо байгаа амьдралын төлөө Байгаль эхийг бүрэн төгс ялан дийлэхээр шаргуу тэмцэхийг уриалдаг хүмүүс биш харин хатуу боловч ойлгомжтой тулган шаардалтуудыг нь дэлхий нийтэд танилцуулж чадахуйц ухаантай бас зоригтой хүмүүс байх хэрэгтэй юм. Шаардлага нь:

  1. Хүн амаа багасгаж, тогтвортой болго.
  2. Агаар, ус, шимт хөрсийг хордуулахаа зогсоо.
  3. Дайнд бэлдэхээ зогсоод, жинхэнэ асуудлаа шийдэцгээж эхлэ.
  4. Хүүхдүүддээ, мөн тэр дашрамд өөрсдөдөө, энэхүү жижигхэн цэнхэр гариг дээрээ гай бололгүйгээр хэрхэн амьдрахыг зааж өг.
  5. Долларыг их наядаар нь цутгаад байвал шинжлэх ухаанаар бүх асуудлыг шийдэж болно гэж бодохоо боль.
  6. Чи өөрөө хэр үрэлгэн, хорон байсан ч ирээдүйд хүмүүс шинэ гариг руу оддын хөлгөөр явчих учраас үр удамдаа санаа зовох шаардлагагүй гэж бодохоо больцгоо. Ёстой өөдгүй бас тэнэг бодол шүү.
  7. Гэх мэтчилэн, нэг иймэрхүү.

Өнөөгөөс зуун жилийн тэртээх амьдралын талаарх бодол маань их гутганги байна гэж үү? Хамаг цагаа улс төрчидын мэдэгдлийг бичиж өгдөг бичээч нартай биш эрдэмтэдтэй өнгөрүүлсэн болохоор тийм биз. Гэхдээ би л ингэж муу ёрлоод байгаагаас биш магадгүй ирээдүйд, тухайлбал МЭ 2088 онд бүх хүмүүс, бүр орон гэргүй эр, эм хүмүүс хүртэл хувийн нисдэг тэрэг эсвэл пуужинтай бүс зүүдэг болчихсон байх ч юм бил үү. Тэгээд хэн ч ажил, сургууль гэхээ байгаад, бүр зурагт ч үзэхээ байчихсан өдөржингөө тэрийж хэвтээд, хамаг зүйлсийн учиг болсон компьютерийн товч балбасан шиг ээ, сансрын нисгэгчдийн уудгархуу соруулаар жүржийн ундаа шимээд байж байх ч юм бил үү.

Таныг хүндэтгэсэн,

Курт Воннегут

 


* This above all: to thine own self be true

**  Fear God, and give glory to Him; for the hour of His judgment has come

Энэхүү захидлыг англи хэлээр нь уншихыг хүсвэл энд дарна уу.

Нийт сэтгэгдэл : 0