235 594700fd4cc7483bcfb2b3db5c9846b7069c10fb942a30ecad1817427c647f76
Сэтгэлд дулаан...
Зохиолч:
Нийтэлсэн:
2016-12-06
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Сэтгэлд дулаан...

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажил алба, сургууль цэцэрлэг, гэр орон гэсээр аж амьдралын галзуу хэмнэлд түүртэж буйгаа ч мэдэхгүй, хөмсөг зангидан уцаартай явцгаах болжээ, бид. Хэдхэн хором өөртөө зориулаад энэхүү сайхан түүхүүдийг уншаасай хэмээн танд зориулан орчуулж дүүрлээ. Уншигч эрхэмд таалагдаж мэднэ. Хүн гээч ер нь сэтгэлийн амьтан шүү дээ.

***

90-ээд он. Ядмагхан амьдарч байсан тэр үед би өсвөр насны охин байлаа. Хөрш айлын эмээ залуудаа өмсөж зүүж явсан хувцаснаасаа надад өгөх болов. Цоо шинээрээ, загвар нь ч хуучдахгүй. Гэтэл удалгүй манай сургуулийн охид яг тийм маягийн хувцсаар гангарч эхэлж билээ. Эмээ шинээр худалдаж авчхаад хуучин хувцас гэж надад өгдөг байсныг нь одоо л ойлгож сууна. Ганган хээнцэр харагдах нь залуу охинд хэчнээн чухал байдгийг мэддэг байж л дээ.

***

Манай орцонд нэгэн эр амьдардаг. Хавийн муур, нохой, тагтааг дандаа хооллоно. Нэг өдөр хүүтэйгээ харьж явтал хүү минь: “Ээж ээ, хар даа! Цасангуа байна!” гэж хашхирлаа. Хартал үнэхээр яг л Цасангуа шиг. Орцноос мөнөөх эрийг гарч ирмэгц тэр хавийн хамаг амьтад гүйх нь гүйж, нисэх нь ниссээр бүчин авч харагдав.

***

Осолд орсны дараа би нэг хэсэгтээ ярьж чадахаа больж, хүмүүстэй харилцахын тулд дэвтэр, үзэг биедээ авч явдаг боллоо. Эмнэлэгт хэвтэж байхад миний багын найз өдөр бүр ирж, янз янзын сэдвээр надтай мэтгэлцдэг болсон бөгөөд хариу бичихийг минь хүлээн тэвчээртэй суудаг сан. Цаасан дээрхийг уншаад өөдөөс маргах юм уу, эсхүл санал нийлэн, дуусаж дундаршгүй яриа өрнүүлнэ. Найзыгаа, тэр өдрүүдийг би ихэд нандигнаж явдаг юм даа.   

***

Охинтойгоо дэлгүүрт явж байлаа. Тэгэхэд охин минь гурван настай байсан юм. Үслэг цагаан дээл, сэгсгэр малгайтай, чимэг шигтгээ болсон хөөрхөн гуталтай. Том гэгчийн цэнхэр нүд нь гэрэлтэж, бумбагар хацар нь улаа бутарчихсан. Гэнэт ард нэг хүү: “Ээж ээ, би энэ охиныг авмаар байна! Яг ийм хөөрхөн охин л хэрэгтэй! Авахгүй бол би цаашид амьдарч чадахгүй шүү!” гэх дуулдлаа. Таван настай хүү гэнэ. Хүүгийн ээж бид хоёр инээлдэж, хүүхдүүд маань ингэж танилцсан юм. Энэ жил хуримаа хийцгээнэ.

***

Яг одоо амандаа чийдэнгийн шил гацаачхаад эмнэлэг рүү давхиж явна. Би чинь 33 настай, их сургуулиа улаан дипломтой төгссөн өмгөөлөгч, бас хоёр хүүхдийн ээж, овоо нэр хүндтэй яваа хүүхэн ингээд амандаа чийдэнтэй явж байдаг. Эрүү чилж өвдөөд, өвдөхийн хажуугаар өөрийгөө шоолж инээгээд нус нулимсандаа хутгалдчихсан. Нөхөр маань хажууд тас тас хөхөрсөөр одоо бүр зогисож эхэллээ. “Энэ яваа насандаа элдэв тэнэг юм хийж ч үзэлгүй, ямар уйтгартай амьдраа вэ!” гэснээс минь л хамаг юм эхэлсэн! Нөхөр бол намайг гэрлийн шил амандаа хийчхэнэ гэж итгээгүй болохоор тоглоом шоглоомоор санал болгосон хэрэг. Харин би! Гэхдээ сэтгэл хангалуун байна аа :).

***

Аливаад сонор хөршүүд маань цагдаа дууджээ. Манай гэрт орой болгон хүүхдүүд орилж, тавилга хэрэгсэл түс тасхийж унадаг тухайд аж. Хонх дуугарахаар нь очоод хаалга нээлээ. Үүдний гэрлээ асаасангүй. Өөдөөс: “Гэрт чинь том хүн байна уу?” гэж байна. Миний өндөр 152 см, жин 42 кг юм л даа. Тэгтэл ард минь 175 см өндөртэй, 80 кг жинтэй, уул овоо шиг том хүний дүрс гарч ирлээ. Араас нь ахиад нэг гараад ирэв. Цагдаа яг юу бодсон нь тодорхой. Гэрэл аслаа... Би бол гар бөмбөгийн тамирчдын ээж. Миний хоёр хүү 13 настай. Оройн цагаар тэд маань өрөөндөө “жаахан тоглох” дуртай юм.

***

Гэртээ “5 минут эрхлэх” гэдэг зүйл бодож оллоо. “Одоо 5 минут эрхэлцгээе” гэнгүүт нөхөр хүү хоёр маань хийж байсан зүйлээ орхиод намайг тэврэхээр ирдэг. Муураа бас аваад ирнэ гээч.

***

Бага байхад минь манайх их л ядуу аж төрдөг байв. Үсчинд орох ч мөнгөгүй болохоор аав минь л миний үсийг тайрна. Ааваараа тайруулсан хачин үстэй явахаас үнэхээр их ичдэг байж билээ. Харин одоо бол оёдлын машинаар сайхан оёчихдог, гутал оёж үс засдаг, байшин барьж хоол хийдэг аав ховорхон шүү хэмээн бахархан бодож сууна.

***

Охины минь хөл өвдгөө хүртэл тайранхай юм. Нөхөр бид хоёр охиноо бусдаас өөр гэж ичиж зовохгүй өсөөсэй гэсэндээ энэ тал дээр байнга хошигнож заншсан гэх үү дээ. Тэнгисийн эрэг дээр амарч байхад аав нь охиноо уснаас өргөж гарч ирээд: “Махчин загас хөлийг нь тасдчихлаа!” гэж орилох жишээтэй. Тэгээд элгээ хөштөл инээлддэг сэн. Ангийн хүүхдүүд нь саваагүйтэж асуухаар миний охин: “Халуун цэгт байлдаж явлаа. Тэсрэх бөмбөг дээр яг оноод гишгэчихсэн юм.” гэж хариулдаг. Хошин шогийн мэдрэмжтэй охин өсөж торниж байна даа.

***

90-ээд он. Ах маань найман настай, би таван настай. Эцэг эх минь ажилдаа явахдаа бид хоёрыг гэртээ орхино. Мэдээж, чихэр шоколад авах мөнгө үлдээхгүй шүү дээ. Хүүхэд л юм болохоор амттай юм идэхийг бодно. Нэг удаа ах маань ээжийн номнууд дундаас хоолны жортой нэг гоё ном оллоо. Хоёул уншиж судалж байгаад хамгийн энгийн жорыг сонгов. Ингээд хөршүүдээсээ хүнс цуглуулаад, өөрсдөө жигнэмэг хийсэн юм. Дараа нь ахиад л нөгөө айлуудынхаа хаалгыг тогшиж, амттанаа тарааж билээ. Сайхан дурсамж шүү...  

Орос хэлнээс орчуулсан Д.Оюунгэрэл

Нийт сэтгэгдэл : 1
Picture
2016-12-06 16:08:51

Хүн гэдэг ер нь сэтгэлийн амьтан.