241 a1fcd07fad74c1a58eddef0e1f0a191dbc0b1fe1e5a75c12d6dd610dbae43425
Эргэлт
Зохиолч:Мо Янь
Нийтэлсэн:
2016-12-27
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Эргэлт
Мо Янь

Хэдхэн хоногийн өмнө нэгэн рестораны тайзан дээр “1983 оны төгсөгчдийн шинэ жил” гэсэн байхыг хараад урьд орой энд арван жилийн ангийн “хүүхдүүд” бут авч дээ гэсэн бодол төрж билээ. Хэзээд хэдэн биенээ хүүхэд насны тэр л байгаагаар нь ойлгож, ичиж зоволгүйгээр уйлж дуулж, инээж, тунирхаж чаддаг тэр хүмүүсийг “ангийн хүүхдүүд” гэнэ. Урьд орой энд яг тийм “охид, хөвгүүд” цуглаж, хэн хэн яадаг байснаа ярьж, хөхрөлдөж, чин сэтгэлээсээ инээж баярласан байх даа гэж бодохуйд өмнө минь өөдөөс ширтэх таван цулын шөл хүртэл сайхан харагдаад явчихсан шүү.

Эрхэм зохиолч Мо Янь “Эргэлт” (變) хэмээх зохиолдоо өнөө 1983 оны 10А ангийн охид хөвгүүдийг өгүүлэх мэт. Зохион бичлэг нь багшид нь таалагдаагүйгээс болж ангиасаа өнхөрч гарсан чигээрээ сургуулиа орхиж одсон Хэ Жиү, цуутай хүүхэн хуримгүй гэдгийг батлах гэсэн аятай амьдралын замыг туулах ангийн хөөрхөн охин Лү Вэньли, мэлхий хочит ууртай багш Лю, за тэгээд зохиолын гол дүрүүдийн нэг ГАЗ 51 машин. Хүүрнэл хэлбэрийн энэ зохиол надад их таалагдлаа. Хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болдгийг, нам засгийн бодлогын завсар орхигдсон тариачин ангийн хүүхдүүдийн амьдрал цаг үе солигдоход хэрхэн өөрчлөгдснийг уншлаа. 1983 оны 10А ангийн төгсөгчид дунд мөнгийг хүссэн хэмжээгээрээ олж чаддаг том биетэй, чанга дуутай хүү, аль болох хүнд муу хэлүүлэхгүй юмсан гэж байдгаараа хичээх охин, сайн зүйл хийхэд нь хэн ч магтдаггүй хэр нь хаа нэг газар хэн нэг нь бүдэрч унахад буруутгагддаг найгүй сахилгагүй бас нэг хүү, ааш муутай багш, аргадаж харьцдаг зөөлөн нь дэндсэн багш гээд энэ зохиолын бараг бүх дүр бий дээ, асуугаад үзвэл. Ангийн анд Хэ Жиүгийн адил сургуулиасаа хөөгдсөн тэр нэр алдарт хүрсэн зохиолч болтлоо цэргийн албанд үнэнч зүтгэж явсан үеийн хөгтэй, гунигтай, сургамжтай дурсамжаа бас энэ номдоо бичиж үлдээжээ.

Нобелийн шагналт зохиолч Мо Янийн Шандун нутгийн Гаоми тосгонд өнгөрсөн өөрийн амьдралын 1969 оноос хойших үйл явдлыг  хүүрнэн өгүүлсэн энэ зохиол 10А ангийнхныгаа санасан “хүүхдүүд”-ээс эхлээд олон уншигчдад таалагдах буй заа. 

Нийт сэтгэгдэл : 0