246 e3d9dcc49d2a97b827b8e78849723c448c2065beb2914d95f4a1018fb14d7119
Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би сэрээд...
Зохиолч:Мегги Ройер
Нийтэлсэн:
2017-03-13
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би сэрээд...
Мегги Ройер

Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би сэрээд өөртөө өглөөний цай бэлдэж, орондоо цайлав. Өндгөн дээрээ давс, перец цацаж, шарсан талхан дээрээ гахайн утсан мах, бяслаг тавилаа. Аягандаа усан үзмийн шүүс дүүргэв. Хайруулын тавагныхаа түлэнхийг хусаж арилгаад, ширээн дээр асгарсан тосыг арчлаа. Аяга тавгаа угааж, алчууруудаа эвхэж тавив.

Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би дурлав. Гэхдээ гудамжны үзүүрт амьдардаг хөвгүүнд, дунд сургуулийнхаа хичээлийн эрхлэгчид дурлаагүй юм. Өдөр бүр гүйдэг тэр нэгэн залууд, цүнхэн дэх авокадогоо үргэлж унагаж явдаг худалдагч эрд ч дурлаагүй. Өрөөний минь шалан дээр суугаад, цуглуулдаг байсан чулуунуудыг минь алгаа хөлөртөл энхрийлэн атгах ээждээ би дурласан. Голын эрэг дээр суугаад, бичиж байсан тэмдэглэлийг минь лонхонд хийн, усанд хөвүүлэх аавдаа би дурласан. Нэгэн цагт бодь гөрөөс бий гэдэгт итгэдэг байсан ах минь ширээнийхээ ард суугаад, миний дүү амьд байгаа гэж өөртөө итгүүлэхийг хичээж буйг хараад түүнд ч бас дурласан.

Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би нохойтойгоо салхилав. Би түүнийг хажуугаар нь шувуу нисэн өнгөрөхөд сүүлээ хөдөлгөхийг, муур хараад хурдлахыг харсан. Надтай хамт бөмбөг хөөж тоглодог байснаа санаад эргэн харахад нь тэнгэрийн хаяанаас өөр юу ч үзэгдээгүйд харц нь гунигтай болохыг анзаарсан. Хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүс хамрыг нь илэхэд яг л надад эрхэлдэг байсан шигээ тэдэнд наалдахыг нь ч бас ажигласан.

Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би хөршийнхөө арын хашаанд орж, хоёр настай байхдаа үлдээсэн хөлийн минь мөр бүдгэрч арилсныг олж мэдэв. Хэдэн ширхэг сараана цэцэг түүж аваад, хажуугаар нь ургасан зэрлэг ургамлыг зулгааж хаях зуураа цонхны дэргэд суугаа эмгэн гартаа барьсан сонин дээрээсээ миний үхлийн тухай уншиж байгааг, өвгөн нь гал тогооныхоо угаалтуур руу тамхиа хийж орхиод, эмгэндээ өдөр бүр уудаг эмийг нь авчирч өгөхийг харсан.

Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би нар мандахыг харав. Жүржийн модны мөчир жимсээ даахгүй багсайхыг, жаалхүү гудамж уруудан алхахдаа ганц улаан үүлийг хуруугаараа заан ээждээ үзүүлэхийг харсан.

Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би цогцос хадгалах газар хэвтэх амьгүй бие дээрээ очиж, алдааг нь ухааруулах гэж оролдов. Би түүнд авокадо, чулуу, гол, бас аав ээжийнх нь тухай ярьж өглөө. Жаргаж буй нар, нохой, далайн эргийн тухай ч бас ярьсан.
Амиа егүүтгэсэн тэр өглөөнөө би амиа аврах гэж оролдов. Даанч би эхлүүлснээ дуусгаж чадаагүй дээ.

 

Нийт сэтгэгдэл : 0