248 2b588b338761c5946315f9dedb30767200e7f797657731965f01da5ce7bc6ef6
Аугаа эрин цувралын тэргүүн дэвтэр Хөх илдний очис
Зохиолч:Б. Номинчимэд
Нийтэлсэн:
2017-03-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Аугаа эрин цувралын тэргүүн дэвтэр Хөх илдний очис
Б. Номинчимэд

Өчүүхэн уншигч би бээр монголынхоо түүхийг, тэр дундаа их Монгол улсын түүхийг шимтэн судлагч, сонирхон уншигч билээ. Тун ойрмогхон хэвлэгдсэн, мөн удаан ч хүлээсэн нэгэн номоо уншиж барав.

Өнө эртийн түүх бүхий өвгөн орон билээ, монгол минь. Өдгөө өвгөн монгол орон хуучнаа дурсан байна. Эзэн Чингисийн үе бол идрийн жавхаа бүрдсэн мэт сайхан цаг үе. Залуу насны гал цог бадарсан үед онох нь их ч, алдах нь бас буй. Түүний адил монгол минь мандаж ч явсан, задарч ч явсан. Бахдан баярлах, бачууран харуусам явдлууд мөнх тэнгэрийн дор ээлжлэн солигдож, монгол орон түүхийн шаргал ботид нэгэн хуудсыг эзлэн оршсоор буй нь гарцаагүй билээ. Цаашид хэрхэхийг тэнгэр мэдэх буй...

Бичлэгийн хувьд түүхэн сурвалжуудад байх тодорхой мэдээг гол болгон түүнийг баяжуулж, үйл явдлуудын холбоосыг урнаар илэрхийлэн өөрийн саналыг шигтгэжээ.

Эхний бүлгээс Эзэн Чингис хааны хүүхэд ахуй цаг буюу эцэг Есүхэй баатар нь татаарт хорлогдон, тайчууд урваж одсон тэр бэрх цаг дор Өүлэн эх тэргүүтэй өнчин, нялхас хэрхэн өсч, өндийв гэдгийг дэргэд нь суугаад харах мэт мэдсэн ч. Урианханы дархан Хабалын урласан, Агуу их хөлөг баатар Сүбээдэйтэй зэрэг "мэндэлсэн" Тэнгэрийн эрхэсийг ширээж хийсэн тэрхүү гайхамшигт илд чухам юуны тулд хэрэг болоо юм бол? мөн хөхөө өвлийн хүйтнээр гэнэт гарч ирэн алан, хядсан учир битүүлэг хүмүүс хаанахын, хэн гэгч вэ? гэсэн асуулт бас үлдэв.

Удаах нь Айн-Жалудад Монголын их гүрний амссан анхны томоохон ялагдлын тухай өгүүлнэ. Монгол орны нэр дэлхийн дайдад түгэн. Монгол орон дэлхийд энх тайвныг тогтоохоор хичээн байв. Морин туурай хүрэх газар бүрийд монголын цэрэг давхилдан хар буруу санаатнуудыг сөнөөн дарж байлаа. Монгол орон хичнээн хүчирхэгжих хэрээр төдийчинээ дайсантай болсоор эцэст нь тэд өөр хоорондын тэмцлээ түр орхин Монголын эсрэг босчээ. Даанчиг харамсалтай түүх буюу. Монголоо өмөөрөн, дайсныг буруутгах нь утгагүй хэрэг билээ. Энд чин үнэн, жигшүүрт худлын хоорондох дайн болсон юм. Худал ялав. Хүчтэй нь түрэмгийлэх бурангуй ёс хэвээр үлдэн хоорондын өш нь дахин сэдэрч зуу, зуун жил үргэлжилсэн цуст дайны талбар, жинхэнэ там болон хувирсан тэрхүү газар тэнгэрийн гэсгээлийг хүртсэн хэмээн сэтгэлээ тайтгаруулнам. Нэр нь үл дуурсагдах "нэргүй" баатрууд болох тандуулууд Монголын түүхэнд хэлж баршгүй их гавьяатай бөгөөд тэдгээрийн зах зухаас нь өгүүлсэн хэсэг нь гойд сонин байлаа.
Мөн гутгаар бүлэгт Айн-Жалудын явдлаас хэдхэн жилийн дараах нэгэн явдлын тухай. Хэмжээгээр бага боловч хэлэх санаа нь их бөгөөд нэгэн их хэрэг явдлын учиг гогцоо болсон учир битүүлэг бүлэг. Харин нэгэнт тодорхой зүйл гэвэл Монголын эзэнт гүрний харьяанд орших хэн боловч нэгэн ижил эрхтэй ба шударга бусыг үйлдсэн хэнбугай ч өөрт тохирсон шийтгэлээ хүртэх нь гарцаагүй ажээ.

Умардын аварга биетийн эрдэм чадлыг нь дор дурдсан энэхүү илд лугаа өдгөө цагийн Монголчууд бидэнд тун их хэрэг болох, шүтээн болгон тахиж, шударга үнэний хэмжүүр болгом ийм хэрэгсэл байх аваас юутай сайхан билээ. 
"Би хүүдээ хүчит цохилтод үл хугарах, шидэнд үл автах, муу хөх цуст хар санаатныг таньж чадах илд ширээж өгөхийг хүссэн. Биднийг эр, илдээр дийлээгүй хар шидтэнүүд ахан дүүс, анд нөхрийн дүрээр бидний дунд орж ирцгээсэн. Тэднийг танихад хэцүү. Андыгаа гэж эндүүрэм. Өштөнөө анд, андыгаа өштөн хэмээн төөрөлдөх нь гачлантай болмой. Өөр зуураа нэгсээ хардан тэрсэлдэн тэмцэлдэх гачлантай. Тэдний цусанд буй махан нүдэнд үл үзэгдэх хорслын хүйтэн хөх туяаг зөвхөн тэнгэрийн их галд ариудсан төмөр л мэдэж, дагжин хөлөрдөг юм."

Үйл явдлын тухай өгүүлэхийг болин өгүүлэхэд. Нүүдэлчин амьдралын онцлогоос шалтгаалан ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн энгийн арга ухааныг шигтгэж өгснөөрөө танин мэдэхүйн, түүхийн ач холбогдол нь хувь илүү болжээ. Сүүлийн үед гарах болсон элдэв янзын түүхэн уран зохиолын дэргэд бол ултай, үндэстэй. Түүхийн баримтаас гажаагүй боловч уран зохиолын үүднээс баяжуулан дэлгэрүүлсэн нь уншихад ойлгомжтой бөгөөд таатай байлаа.

Нийт сэтгэгдэл : 0