250 f2f1e95cc91968254fbfad2a8d8196441ef2f5c208412e3a241b493285ed74f4
Сэтгэл санааны зав гарсан үед л ном унших хамгийн өгөөжтэй
Зочин:Тайжууд овогт Норзонгийн Энхбаяр
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Сэтгэл санааны зав гарсан үед л ном унших хамгийн өгөөжтэй
Тайжууд овогт Норзонгийн Энхбаяр

Орчуулагч Н.Энхбаяр ахтай номын баяраар уулзаж ярилцсан юм. Түүний "Экзорсист", "Хөлбөмбөгийн 100 агуу тоглолт" зэрэг орчуулгын бүтээлүүдийг уншигчид маань андахгүй сайн мэднэ. 

- Энхбаяр ах аа, сайхан намаржиж байна уу?

- Сайхан намаржиж байна. Чи сайхан намаржиж байна уу?

- Сайхаан. Таны бие тэнхээ данги уу? Ойрд ямар ном уншиж байгаа вэ?

- “Хархулангийн бөгж”-ийг уншиж байгаа. Танай ЧҮНДЖ-ийн “Ааргх”-ыг бас уншаад эхэлсэн, энд байна. Чамд гэж хэлэхэд, энэ ЧҮНДЖ, Ааргх гэхээр л надад нэг тийм нууц байгууллага юм шиг санагдаад байдаг юм (инээв. сурв.). Зээгээ хардаг болохоор бас цаг заваар маруухан байх юм. Орос хэл дээр бол япон зохиолч Мишимагийн нэг номыг уншиж байна.

- Орчуулгын салбарт анх хөл тавьж байсан дурсамжаас тань яриулъя гэж бодлоо.

- Номоо хэвлэсэн үеэсээ эхэлж ярих уу? Орчуулгыг бол дээр үеэс эхэлсэн юм. 70-аад онд ном их түлхүү орчуулсан. Гэхдээ ном болгож хэвлүүлж амжаагүй, сонин дээр жижиг өгүүллэгүүд гаргадаг байлаа. Харин ном хэвлэхдээ бол хүүхдийн номоор эхлүүлсэн юм аа. “Гэрээсээ явсан нь” гээд Козловын зохиол. Хүүхдийн ном арай хялбар ч байсан юм уу, бүү мэд. Улаан эрээн болтол нь засварлаж байсан санагддаг.

- Орчуулга хийхэд хөгжилтэй, сургамжтай явдал их гардаг байх даа?

- Зөндөө бий л дээ. Жишээлбэл, энэ “Хөлбөмбөгийн 100 агуу тоглолт” гэдэг номыг орчуулахад.

- Яагаад тэр вэ?

- Ерөөсөө яг сайхан онгод ороод явж байтал гэнэт гэрийн нэг ажил гараад л, хоол хийх жишээний, цагт баригдаад. Анх удаа ийм хүнд ном орчуулж байсныг ч хэлэх үү (инээв. сурв.). Бас өмнө нь би чинь их олон жил гурил зарсан хүн байгаа юм. Контейнерт голцуу номоо орчуулдаг байлаа. Тэнд суухаар өглөө, өдөртөө хүн ирэхгүй. Орой тийшээ хүмүүс гэртээ харих дөхөөд ирэхээр л наймаа эхэлдэг. Тэр болтол номоо нухаж сууна. Өвөл болохоор их хүйтэн. Толгойдоо бодоод л байна, бодоод л байна. Гаргаад бичье гэхээр чадахгүй.

- Даараад.

- Даараад харин. Мөнгө тоолж чадахааргүй тийм их хүйтэрдэг байлаа шүү дээ. Заримдаа хүн гуйж бичүүлнэ. Гадаа сүү зардаг улсууд орж ирж хууч хөөрнө. Эсвэл даарч байгаа хүмүүс чинь жаахан дулаацах хэрэг гарна. Тэр далимд нь, алив чи эмэгтэй хүн байна даа, гоё бичигтэй байлгүй, үүнийг нэг бичээд өгөөч гээд л гуйна. Орчуулга хийлгэх гээд ирдэг оюутнуудаар бас тав арван хуудас бичүүлнэ. Хурдавчилсан маягаар орчуулга хийх тохиолдол ч гарч ирдэг. Ялангуяа гар утас хөгжсөнөөс хойш гэх үү. Би өдөрт бараг зуун тавиад хуудас номыг орчуулаад хэлээд явчихдаг байсан шүү. Миний орчуулж хэлж байгаа дууг хураагаад авчихна. Оюутнууд цагаа тулгачхаад л сандарч явахгүй юу.

- Зуун тавь гэдэг ч овоо тоо байна шүү.

- Тэгэлгүй яах вэ. Яс суугаад уншихад л тэгж байгаа юм. Цэрэгт байхдаа хал цэргүүдийн хөлд кино орчуулж суудаг байлаа шүү дээ. Хамт ажилладаг байсан хүмүүсээс намайг орос хэлтэй гээд халууд сонсчихсон. Тэгж синхрон орчуулж, хурдан орчуулж сурсан хүн, би. Кино зохиолын санаа, үйл явдал, утга руу нь орчих юм бол тухайн хэллэг маань аяндаа л урсаад явчихдаг. Зарим хал цэргүүд надад шанаа өгч байлаа. “Чи муу бидний хэлэнд тааруулж орчуулж байна уу?” гэх маягтай. Манай Зүүнбаянд зурагттай айл ховор байлаа. Намайг цэрэг байхад “Государтвенная граница” гээд олон ангит кино гарч эхлэв ээ.

- Орбитоор гарах уу?

- Орбитоор гарна. Тэгээд тэр киног орчуулаад эхэлсэн чинь манай анги тэр аяараа л нөгөө киног ярьсан, хүлээсэн улс болчихлоо. Офицерууд мэдчихэж. Тэгээд: “Энхбаяр аа, чи клубт наад киногоо орчуул. Том зурагт тавиад өгье.” гэдэг юм байна. Бүр микрофон өглөө, надад. Манай 204 дүгээр анги тэндхийн гэр хороололтой их ойрхон л доо. Тэндээс хүмүүс ирж цугларна, офицерууд эхнэр хүүхдээ авчраад сууна. Чухам л лут хүн тэнд орчуулаад байдаг, би чинь.

- Хэдэн оны явдал юм бэ? Зүүнбаянгийнхан санах байх.

- 1984-1986 оныхон шүү дээ. Надаар орос хэл заалгаж конкурс өгөөд дээд сургуульд тэнцсэн тав зургаан цэрэг бий.    

- Ямар ямар хэлнээс хэдий тооны бүтээл орчуулаад байгаа вэ?

- Орос хэлнээс жараад ном орчуулаад байна. Хэвлүүлж чадаагүй арав гаруй ном байна. Сүүлийн үед дөрвөн зуу шахам хуудастай номууд л орчуулж байгаа даа.

- Хамгийн их цаг зарцуулсан, судалгаа их хийсэн ном гэвэл?

- Миний тэсвэр тэвчээрийг барсан ном гэвэл энэ “Хөлбөмбөгийн 100 агуу тоглолт” л байна. Яагаад гэвэл, зохиолчийн санаа, хэлэх гэсэн өгөгдөл, арга барилыг нь их сайн шингээж чадсан гэж би хэлнэ. Дотроо улс төржсөн маягийн юм ихтэй, толгой ажиллуулсан ном байгаа юм. Нэг тоглолтыг орчуулахдаа тав зургаан удаа орчуулгаа зассан байна лээ. Бас нэг ном бий. “Хорвоо даяар гэр минь бий” гээд. Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Калле Кёнккёль гэж финлянд хүний бичсэн намтар ном. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүй, амьдрах орчныг баруунд хэрхэн өөрчилсөн тухай ном л доо. Энэ ном дээр ажиллахад нэр томьёоноос авахуулаад их төвөгтэй, манайд хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаггүй, тахир дутуу л гээд байдаг. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг доромжилсон өнгө аястай. Их судалгаа шүүлт хийж, хүн амьтантай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагуудаар явж байж орчуулсан.

- Тахир дутуу гэхийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгээр сольсон хүн нь та байх нь уу?

- Үгүй үгүй. Энэ хэллэг нь тухайн үед өргөн хэрэглэгддэггүй л байсан юм. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ч учир дутагдалтай нэршил. Бэрхшээлтэй биш шүү дээ гэснээс үүдээд, чухам хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэдэг нэр томьёоны асуудал ургаж ирсэн шүү. Эцэстээ “Нийгмээс учруулж байгаа бэрхшээлтэй тулгарсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэнэ ээ” гэж тогтсон. Хамгийн наад зах нь, босго байна. Босгон дээгүүр давж чадахгүй байна гэдэг л нийгмээс учруулж байгаа бэрхшээл юм гэж.

- Та орос хэлнээс голдуу орчуулдаг гэлээ. Бас англи хэлтэй шүү дээ. Өөр ямар хэл сурсан бол?

- Төвөдөөр жаахан үзэж байсан. Ярианы хэл бол байхгүй. Номын талын юмнууд л оролдсон доо. Гэхдээ сайн хөгжүүлж чадаагүй. Англи хэлийг ч бас. Бямбын Ринчен гуайн хэлснээр “Хав болох” гэж энэ. Нэг хүн түүн дээр ирээд: “Тэр хэн гуай орос хэл их сайн үзсэн хүн.” гэж л дээ. Ринчен гуай сонсож байснаа: “Тэр чинь хав болчихсон хүн байхгүй юу.” гэж гэнэ. Учрыг нь асуухаар: “Орос хэлний мэдлэг нь үзэж байснаасаа цааш гарахгүй тулчихсан, түүндээ ханаад хав болохыг хэлж байгаа юм.” гэж. Тэгэхээр үзсэн дуулснаа цааш хөгжүүлж чадаагүй, ханаад зогсчихсон хүнийг хэлж байх нь л дээ. Би яг тийм талын л хүн болчхоод байна. Залуу байхдаа франц хэл сурах юм сан гэж их олон жил мөрөөдсөн. Сурч чадаагүй. Хэлний морфологи талын бүх шинж энэ хэлэнд орсон байгаа юм. Авиа зүйн талаас тэр хамрын гуншаа, хэлний угийн, нугалаа гээд бүх дуудлага орсон ийм сайхан хэл. Англи хэлнээс ч илүү намайг татдаг.

- Хэл гэснээс, орос хэл манайд нэг хэсэг орхигдов уу даа?   

- Тийм ээ. Нийгэмтэй холбоотой. Хуучин цагт явагддаг байсан найрамдлын сарын аян ч зогссон. Хүмүүст наалдацтай нөлөөлөл алга болсон. Орос хэл дээрх шинэ үеийн номууд ч ирэхээ больсон гэх мэт. Миний хувьд л гэхэд, орос номууд алга болохоор өөрөө гандаад явчхаж байгаа юм. Уг нь би орос ном их хэмжээгээр цуглуулж авсан хүн. Залуудаа уншаад бараагүй номуудаа яг тэр зогсонги болсон үед гаргаж ирээд уншсан л даа. Урьд нь “Огонёк” сэтгүүл захиалахад тав зургаан зохиолчийн ном дагаж ирдэг байлаа. Зуун гучин хэдэн төгрөгөөр захиалдаг байсан. Жилийн дотор дажгүй номын сантай болчихно гэсэн үг. Лермонтов, Чеховын ботиуд, дэлхийн сонгодгууд ч ирнэ. Бернард Шоу, Вильгельм, Стейнбек, Элвиний номуудыг тэгж олж авсан даа. Орос бол манай мөнхийн хөрш. Мөн гуч дөчөөд оноос эхэлж тавигдсан, бидний дассан ахуй бол европ маягтай. Энэ монголчилж авсан ахуйгаас бид тасарна гэж байхгүй. Зам, тээвэр, шинжлэх ухаан, техник технологи, анагаах ухаан, улс ардын аж ахуйн хөгжлийн маань гараа Оросоос эхтэй. Тэр үеийн боловсон хүчнүүд ч Зөвлөлттэй холбоотой байлаа шүү дээ. Тэд чинь нэр томьёог бий болгож өгсөн байхгүй юу. Түүн дээр дөрөөлсөн сэтгэлгээ маань бас л орос тал руугаа гэх юм уу. Тэгэхээр Оросоос гажих арга алга. Одоо манай эдийн засгийн том том төслүүд бодлогын төвшинд баруун руу л хандаад байна. Гэвч үндсэн техникийн мэдлэг суурь нь бол орос. Орчин үед Оросын технологи бол эдийн засгийн хүрээнд томоохон байр суурьтай байна. Дунд сургуулийн сургалтаас орос хэлийг нэг хэсэг хассанд их эмзэглэж явдаг. Зурагтаар болсон болоогүй солонгос кино гаргаж байхын оронд Оросын танин мэдэхүйн нэвтрүүлгүүд, баримтат кинонуудыг гаргаасай гэж бас хүсдэг. Манайд ганцхан “Зөн билгийн тулаан”-ыг л орчуулж гаргаад байна уу даа.

- Орчуулагчид их болжээ. Ялангуяа уран зохиолын салбарт. Энэ талаар таны бодол?

- Үнэн үнэн. Гэхдээ энд цензур байх ёстой. Орчуулгыг хянаж баталдаг, дамжуулж гаргадаг хэвлэлийн редакторын газар баймаар юм уу. Бас тухайн хүний мэдлэг боловсрол нь ном орчуулах хэмжээнд яг хүрсэн эсэх дээр тодорхой хэмжээний босго баймаар. Нэг ёсондоо, TOEFL шиг ч юм уу, тийм шалгалтаар магадлан итгэмжлэгдэх хэмжээнд орчуулагчдыг очоосой гэж би бодоод байгаа юм. Тэгэхгүй бол модон хэллэгтэй, эрээн бараан элдвийн л ном орчуулагдаж байна. Цэвэр мөнгө, цэвэр алт гэж орчуулж уу? Эсвэл цалин мөнгө, шижир алт гэж үү? гэдэгт л ялгаа нь байгаа. Монгол хүний унших ном монгол ахуйд наалдаж өгсөн байвал амттай.

- Яаж ажлаа зохицуулж ном уншдаг вэ?

- Би их эрт сэрж ном уншина. Бас гэр орны ахуй байдал түвшин сайхан, сэтгэл санаа өөдрөг байхад ном уншвал их наалдацтай. Залуу байхад бол хүн хараас хамаарахгүй, тусгаар үе их байж л дээ. Хүүхдүүд томроод, бие даасан амьдралд хөл тавихдаа хамаагүй цүл палхийж ороод л, түүнийг нь дагаж адилхан сэтгэл түгших гэх мэт асуудал гарах юм. Тийм үед уншсан ном бол хоёр гурав хоноод л мартагддаг. Сэтгэл санааны зав гарсан үед л ном унших хамгийн өгөөжтэй.

- Таны номын сан хэр баян бол? Хамгийн ховор ном?

- Ховор номын тухайд бол А.Амар гуайн бичсэн “Монголын товч түүх”, хуучин монголоор бичсэн ном л доо. С.Шагжийн монгол хэлний ном бий. Яг хуучнаараа. Гучаад онд Орост хэвлүүлж байсан, манай нам засгийн шийдвэр тогтоолуудыг гаргасан, тугалын зооны ширэн хавтастай ном бас байна. Их арвин номын сантай л даа, уг нь. Тал цус харвасны дараа гэрийнхэн айгаад бүх номыг минь шүүгээ савтай нь гаражид аваачаад хийчихсэн. Түүнээс өмнөхөн фэйсбүүкээр номын сангаа танилцуулах аян явагдахад харин хэдэн зураг авч амжсан байдаг. Гэхдээ би гандан буурахгүй л дээ (инээв. сурв.). Орчуулах хэмжээндээ байгаа минь овоо шүү гэж бодож байна.  

- Одоо та ямар ном орчуулж байна?

- Хөлбөмбөгийн номынхоо үргэлжлэлийг. Багуудын тухай юм. Бас С.А.Плетнева гэдэг археологич эмэгтэйн “Дундад зууны үеийн нүүдэлчид” зохиолоос орчуулж байна. Археологийн судалгаан дээр үндэслэж, тухайн үндэстний түүхийн бүдэг бадаг жимийг тодруулах, эд өлгийн зүйлсээр он цагийн баримжаа гаргаж, тухайн нутаг оронд амьдарч байсан ард түмнүүдийн биет соёл, төрт ёс, нийгмийн тогтолцоо, хаашаа нүүдэллэж байсан зэргийг тодруулах ийм ном юм.

- Монголчууд голлож байх юм уу?        

- Дан монголчууд. Гол төлөөлөл нь Хүннү. Тэгээд Кидан орж ирнэ гэх мэтээр цааш долоон үе шат болгож бичихэд дандаа монголчууд ноёлно. Хажуугаар нь пловчууд, сарматууд, кипчакууд цуг яваад байгаа юм. Түүхийн сурвалж бичгүүдээс дандаа цохвор, баримтуудыг эш татаж жагсаасан. Орчуулахад их хэцүү, археологийн мэргэжлийн хэллэг ихтэй. Тэгэхээр энэ чиглэлээр өөрийнхөө хэмжээнд судалгаа хийхгүй бол болохгүй байгаа.

- Энэ гоё номоо хэдийгээр гаргах бол?

- Жил гаруй нухаж байна. Сайн явж өгөхгүй байгаа юм. Хүчээр л явуулж байна. Гэхдээ хүчээр орчуулахаар ном олигтой болдоггүй л дээ. Дахиж уншаад засна. Ингэсээр байтал ахиад жил гаруйн бараа байна уу даа л гэсэн бодолтой байна. Мишимагийн тэр ном, би түрүүнд дурдсан даа, их сонирхол татаад байгаа юм. Орчуулж дөнгөдөг болов уу, яадаг бол? Япон хэлтнүүд, орос хэлнээс дамжуулж орчууллаа, энэ тэр гэх байх. Жаахан айдас ч төрөх шиг. Бас нэг ном уншсан. “Харри Поттер”-ийн зохиолч Жоан Роулингийн “Шидтэнүүдийн уншдаг үлгэр” гэж. Их сонирхолтой ном байна. Энгийн үлгэрүүд биш, шидтэнүүд уншдаг үлгэр гэхээрээ их ондоо.

- Ном уншина гэдэг таны хувьд?

- Миний хувьд бол ном унших нь хүн болох үйл явц юм. Яг нарийндаа бол тийм шүү дээ. Хүн дээшээ өгсөж дэвшиж явах нь гол биш. Хэрхэн өргөн фронтоор явахдаа л гол нь байгаа юм. Мэдлэгээ өргөжүүлэх тухайд.

- Хамгийн хайртай номын баатраа нэрлэвэл?

- Миний хамгийн хайртай баатар бол Итгэлт шүү.

- “Тунгалаг Тамир” уу?

- Ай даа. Итгэлтийн ухаан бол аль ч газар амьдрах чадвартай хүний ухаан юм.

- Лодойдамба гуайн ухаан биш гэж үү?

- Лодойдамба гуайн гэхээсээ илүү аавынх нь ухаан шүү дээ. Аавыгаа бичсэн гэдэг юм. Гэхдээ тэр тодорхой дүр төрхөд аавынх нь зан чанараас шингэсэн боловч Лодойдамба гуайн ухаан гүйцэд боловсорч гүйцсэн дөчөөд насных нь үеийн нарийн ажиглалт, суурь, мэдлэг оюун нэвт шингэсэн ийм л дүр байгаа юм. Бас нэг баатар бий. Түдэв гуайн бүтээсэн Санж лам.

- “Оройгүй сүм”

- Яг зөв. Яахав, тэр шашныхаа бурангуй ёсонд хэлмэгдсэн боловч эзэмшсэн мэдлэг эрдэм, оюун ухааныг бол би жинхэнэ монгол лам нар, гүндүүгүй, эрдэмт монгол хүнийх гэж боддог. Намайг оюун санааны хувьд хүмүүжүүлсэн хүн бол миний эмээ. Тэр үеийнхэн болохоор бидэн шиг, орчин үеийнхэн шиг ингэж сэтгэлийн доторх давалгаа, салхийг нүүрэндээ ил гаргахгүй. “Сүхбаатар” киног үзсэн биз дээ? Тамгаа хураалгаж байгаа ноёдыг хараарай. Харуусаж, харамсаж байгаагаа огт үзүүлэхгүй. Монголчууд ерөөсөө л тийм дүртэй, зан төрхтэй хүмүүс байсан гэж ойлгодог. Тэр чанарыг би их эрхэмлэдэг юм. Яг тийм улсуудын дунд өссөн болохоор бүр ч их дотно санагддаг юм уу даа. Ингээд яриад байвал би ч зогсохгүй хүн.

- Таныг чилээлгүй ингээд ярилцлагаа өндөрлөе дөө. Цаг зав гаргаж, сайхан хөөрөлдсөнд их баярлалаа. Биеэ сайн бодож байгаарай. Таны бодож тунгааж явдаг санааг уншигчдадаа дамжуулъя.

- Уран зохиол бол тухайн үндэстний соёлын толь юм. Ийм учраас уран зохиолыг аль болох уншиж л байхыг эрхэмлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, дэлхийн сонгодог зохиолууд, сүүлийн үеийн хандлагуудыг бас сурч мэдэж авах ёстой. Үүгээрээ зохиолчдын хөдөлмөр, уран бүтээлийг үнэлж, дүгнэж байгаасай. Дэвшил рүү явж байгаа хэрэг шүү дээ. Ер нь, орчуулгын төрлийн уралдаануудыг залуучууд дунд олноор зохион явуулж байх хэрэгтэй. Тусгай хөтөлбөр гаргасан ч болно шүү дээ. Ингэж шилдэг сайн орчуулагчдыг гаргаж, гадаадын сор болсон бүтээлүүдийг уншигчдадаа хангалттай танилцуулах боломжтой болно.

- Таны уран бүтээлд амжилт хүсье. Орчуулгын бүтээлээс тань олж авах хүсэлтэй, танилцаж хамтран ажиллах сонирхолтой хүмүүс асуувал холбогдох утасны дугаарыг өгч болох болов уу?

- За, тэг ээ тэг. Өгчих (инээв. сурв.).

Нийт сэтгэгдэл : 0