251 374d85f089e39b8e2728e226505d806ba669cbe3473c22fc8bf61b4dfe739b2a
ИХ НАЙРАГЧИЙН ОХИД - 2
Зохиолч:
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
ИХ НАЙРАГЧИЙН ОХИД - 2

Александр Сергеевичийн бага охин Наташа Пушкинаг багад нь “Чөтгөрхөн Таша” гэж дууддаг байв. Дэггүй нь дэндсэн, хаа сайгүй гүйж явдаг охины араас хэд хэдэн асрагч эх хөөцөлдөж өсгөсөн гэдэг. Наймхан сартайд нь эцэг нь өөд болсон болохоор эхийнхээ хайранд умбаж хүн болжээ. Таша пансион (дотуур байртай сургууль) төгсөхдөө франц, герман хэлийг төгс эзэмшиж, сайн боловсрол олсон байлаа. Арван зургаа хүрмэгцээ олон хүн бужигнасан цэнгүүн, наадамд оролцох болж, залуу гүн Николай Орловт дурласан нь түүнд сэтгэлийн шарх л авчирсан юм.

Николай бол эзэн хааны жандармерия буюу харгис цагдаагийн газрын дарга Алексей Федорович Орловын хүү. Залуу хос харилцан сэтгэл алдарч, гал халуун дурлалдаа шатаж явсан хэдий ч залуу гүнгийн эцэг тэднийг гэрлүүлэхээс эрс татгалзаж, хүүгээ хилийн чанадад явуулжээ. Сайхан бүсгүй байгаад нэмэргүй, гагцхүү “цэвэр” сурвалжит угсааны бэр тэднийд хэрэгтэй байв.

Бардам бүсгүй өөрт нь гэрлэх санал тавьсан эхний хүнд шууд зөвшөөрч, Михаил Дубельт гэгчтэй гэрлэсэн бөгөөд хувь заяаны шоглоом гэх үү, нөгөө Орловын удирдлага дор ажилладаг генералын бэр болжээ. Михаил үрэлгэн гэж туйлгүй, мөрийтэй тоглоомд донтож, хэрүүл шуугиан дэгдээж явдгаараа зартай залуу байсанд Ташагийн сонголтыг эх нь эсэргүүцсэн боловч дийлсэнгүй. Хойт эцэг нь ятгаад ч тусыг эс олжээ. Гэвч зөрүүд бүсгүй хийсэн алдааныхаа горыг тун удалгүй амсаж эхэлсэн нь харамсалтай.

Хуримласан анхны өдрөөсөө л Михаил эхнэрээ огт анхаарахгүй хөзөр тоглож, инжинд нь ирсэн 28 мянган мөнгөн зоосыг хэдхэн өдрийн дотор тавиад туучихжээ. Тэднийх байнгын хэрүүлтэй, Михаил их хартай, Наташад гар хүрэх нь энгийн хэрэг болов. Нөхрөө ухаан сууна гэж найдсаар гурван хүүхэд төрүүлсэн ч байдал хэвэндээ, эцэст нь гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэсэн хэдий ч Дубельт хуучин эхнэрээ мөрдөж, Европ даяар араас нь элдэн, амар заяа үзүүлэхгүй л байлаа.

Наталья Александровна энэ бүх зовлон бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөх шахам явсаар бас нэгэн Николайтай учирч аз жаргалаа олоод, амар жимэр амьдралыг үзэв. Нассаугийн хунтайж Николай Вильгельм – жинхэнэ язгууртан эр. Тэд Германд танилцаж, удалгүй гэрлээд, Наталья “гүнгийн авхай Меренберг” хэмээх хэргэм хүртсэн байдаг.

Николайд Наталья гурван хүүхэд төрүүлж өгөөд, элбэг хангалуун амьдарч байв. Гэтэл эцгийнхээ хувийн захидлуудаас болж, айхтар ширүүн хэрүүл тэмцлийн гол бай болон хувирчээ. Эх нь хүнд бэрх цаг тохиолдвол эдгээр захидлуудыг хэвлүүлж мөнгө олоорой гэж охиндоо өгч байсан юм санж. Наташа дутах зүйлгүй амьдарч байсан хэдий ч эцгийнхээ санаж бодож, хүсэн мөрөөдөж явсан бүхнийг шүтэн бишрэгчдэд нь нээж харуулах санаа агуулан, уг захидлуудыг нийтлүүлэх гэж шийдсэнээс хамаг хэрэг ундарсан байна.

Гүнгийн авхай захидлыг хэвлэн нийтлэх ажилд туслалцаа хүсэж, Иван Сергеевич Тургеневт хандсанд мань эр үүнийг нэр төрийн хэрэг гэж үзээд, бушуухан хийж гүйцэтгэсэн бөгөөд олон нийт энэ явдлыг Пушкиний хувийн амьдралд бүдүүлгээр халдсан алхам хэмээн хурцаар шүүмжилсэн юм. Их найрагчийн хөвгүүд хүртэл Тургеневийг ирүүл тулаанд дуудах шахсан гэдэг.

Энэ ярвигтай асуудлыг Наташагийн нөхөр хурдан хугацаанд шийдвэрлэж өгсөн гэх бөгөөд улс амьтан ч удаж төдөлгүй мартагнан намжжээ. Николай, Наталья хоёр олон жил бие биедээ үнэнч, эв найртай амьдарсаар насан эцэс болцгоосон гэнэ.

Нассаугийн хууль ёсоор Натальяг нөхрийнх нь дэргэд оршуулах хориотой байв. Иймд гүнгийн авхай гэрээслэлдээ: “Миний чандрыг нөхрийн минь булшны дээр цацаж хийсгээрэй” гэж бичиж үлдээжээ. Гэрээслэлийн тус заалт 1913 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэгжсэн юм. Ийнхүү суут найрагч Пушкиний бага охин гантиг самбар дээр ч нэрээ үлдээлгүй, энэ хорвоог орхин одсон түүхтэй ажээ.

Орчуулагчийн зүгээс: А.С.Пушкин хоёр хүү, хоёр охинтой байв. Түрүүчийн нийтлэлд дурдагдсан Александр хүү нь 11 хүүхэдтэй, Наталья 6 хүүхэдтэй. Харин Мария, Григорий нар нь үр хүүхэдгүй байжээ. Их найрагчийн үр хойч өдгөө Америк, Англи, Орос, Бельги, Герман улсуудад амьдардаг гэнэ.

Орчуулсан: Д.Оюунгэрэл

Нийт сэтгэгдэл : 0