252 f163ef88e9f7fecf148dfddff056dea964c5ec9a27581ab2d8bf1bbc1936b2d4
ИХ НАЙРАГЧИЙН ОХИД - 1
Зохиолч:
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
ИХ НАЙРАГЧИЙН ОХИД - 1

ИХ НАЙРАГЧИЙН ОХИД

Александр Сергеевич Пушкин, түүний эхнэр Наталья Гончарова нарын туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлдэг ном зохиол, кино бүтээл олон бий. Наталья Николаевнаг бэлэвсэрсний дараа хошууч генерал Ланской гэргийгээ болгож, Пушкиний хүүхдүүдийг халамжлан өсгөснийг ч хэн хүнгүй мэднэ. Харин Александр Сергеевичийн хоёр охиныг ямар хувь заяа тоссон бол? Суут найрагчийн их охин Мариягийн тухай энэ удаад орчуулан хүргэе. Бага охин нь ээжтэйгээ ижил нэртэй бөгөөд удахгүй түүний амьдралын талаар орчуулахаа амлаж байна.

МАША, МАШКА, МАШЕНЬКА

Эхнэртээ илгээсэн захидлууддаа Пушкин хайртай охиноо ингэж нэрлэдэг байжээ. Машенька эцгийнхээ төрхийг хуулж төрөөд, өсөж томрох тусмаа улам л адил болсоор байв. Багадаа өвчин хууч ороосон хэрнээ дүрсгүй, хөдөлгөөн ихтэй, хүүхэлдэйгээр тоглодоггүй, хөвгүүдийн тоглоомыг илүү сонирхдог, морь унах дуртай хүүхэд байсан бөгөөд төгөлдөр хуур сайхан тоглодог, шатар сайн нүүдэг, зураг зурах, гадаад хэл сурахдаа гарамгай, гар урлалд сонирхолтой, өндөр боловсролтой бүсгүй болж өсжээ.

Хорин нас хүрээд дээдсийн хүрээлэл дунд орж, өргөн мэдлэг, өвөрмөц сэтгэлгээ, дур булаам төрхөөрөө олон ч эрсийн зүрхийг булгилуулж явсан боловч нэлээд хожуу нөхөрт гарсан нь түүний шилж голдог хянуур зан, мөн багавтар инжтэй холбоотой биз ээ.

Ланской генералын гэрт зохиолч, яруу найрагч, жүжигчин, цэргийнхэн гээд зочид байнга цугларна. Энд Мария Пушкина, адуу үржүүлгийн газрын эзэн Леонид Гартунг нар анх уулзжээ. Гуниг хурсан сайхан нүдтэй залууг Мария анзаарч, өөртэй нь ямар нэг талаар адил болохыг ойлгосон бөгөөд удалгүй тэд сүй тавин, Тула хотын ойролцоох Леонидын эдлэн газарт амьдрахаар явсан байна.

Мария аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдарч, үе үе гэртээ хөгжимт үдэшлэг зохион, найз нөхдөө дайлж цайлна. Нэгэн удаа Лев Николаевич Толстой тэднийд ирснээр утга зохиол, урлагийн тухай яриа өрнүүлж, улмаар Мария тэр хоёр сайн найзууд болсон гэдэг. Хожим Толстой алдарт Анна Каренинагийн дүрийг гаргахдаа Мариягийн зан төрхийг шингээсэн түүхтэй.

1877 онд Леонид залилангийн хэрэгт гүтгэгдэж, шүүхийн хаалга татсан бөгөөд нэр төрөө сэргээж чадалгүй амиа егүүтгэжээ. Эр нөхрөө нас барсны дараа Мария Александровна сохор зоос ч үгүй хоцроод, эх нэгтэй дүү нар дээрээ (Ланской генералын охид) очин нэг хэсэг амьдарч, дүү Александрынх нь эхнэр нас эцэслэхэд тэдний 11 хүүхдэд ээж болж амьдралаа зориулсан байна.

Эцгийнхээ нэртэй холбоотой бүхэнд сэтгэл зовнин санаа тавьдаг, сайхан сэтгэлтэй, идэвх зүтгэлтэй энэ эмэгтэй Пушкиний нэрэмжит Москва хотын нийтийн номын сангийн хүндэт тэргүүлэгчээр ажиллаж, нэрт найрагчийн дурсгалыг хүндэтгэх утга зохиолын уулзалт бүрийг алгасалгүй оролцдог байв. Насан өндөр болсон хойноо дан хар хувцас өмсдөг болж, аавынхаа “Машка, Машенька минь...” гэж энхрийлэн дууддаг үгсийг, халуун гарыг санан санан, гантиг чулуун хөшөөнийх нь дэргэд удаан суудаг болсон аж. Мария Александровна Пушкина-Гартунг 1919 онд 87 насандаа таалал төгсжээ.

Яруу найрагчийн энэ хүрэл гар цагтаа
Ямар халуун, ямархан зөөлөн байсныг 
Орос даяар одоо ганц л хүн
Онгож бууралтсан энэ эмгэн л мэднэ... гэж Николай Доризо бичсэн нь бий.

Орчуулсан: Д.Оюунгэрэл

Нийт сэтгэгдэл : 0