253 980d6ac86c8aa08469910eb1f4a0609422be7e83d1f79a3c88d34154e52a15ec
АННА АХМАТОВА, НИКОЛАЙ ГУМИЛЁВ: ГУНИГТ ХАЙРЫН ТҮҮХ
Зохиолч:
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
АННА АХМАТОВА, НИКОЛАЙ ГУМИЛЁВ: ГУНИГТ ХАЙРЫН ТҮҮХ

Анна Ахматова гэдэг нэрийг “хайр” хэмээх үгтэй зүйрлэж болох юм. Сэтгэл зүрх нь хайрын хөгөөр үргэлжид эгшиглэж байсан агаад цааснаа буулгасан бадаг шад бүр нь хүмүүний дотоод мэдрэмжийг хөндөн догдлуулдаг билээ. Гэвч Николай Гумилёв тэр хоёрын дурлал хайрын түүх зүрх шимшрэм, дэндүү эмгэнэлтэй ажээ.

Тэд гимназид суралцаж байх үедээ танилцсан бөгөөд Гумилёв 17 настай, Оскар Уайлдын зохиол бүтээлд амиа тавьдаг, уг зохиолчийн бүх л зүйлийг дуурайхыг хичээхдээ нүд, уруулаа будаж, үсээ буржийлган, бортгон малгай өмсдөг омголон залуу хөвүүн, харин Аня Горенко 14 настай, дүрсгүй, дэгдэгнүүр охин байв.

Том нүдтэй, хасын царайг нь чимсэн тас хар үстэй охин тайзан дээр Бодлерын шүлгийг уншсанаас хойш Николай түүнд ухаангүй дурлажээ.

Аннад зориулан шүлэг бичих болж, гараас нь хөтлөн зугаалсан үдэш бүрийг нандигнан санаж явсаар нэгэн удаа сэтгэл зүрхээ нээв. Гэвч татгалзсан хариу сонсоод, Парис руу явахаар шийдсэн гэнэ. Сорбоннд амжилттай суралцаж, Итали орноор аялж, олон бүтээл гарган, он цагийг элээсэн ч хайртыгаа мартаж чадаагүй аж.

Энэ үеэр Анна Николайд хайртай эсэхээ ойлгож чадахгүй, шүлэг найрагтаа “хөлийнх нь чимээ алсаас дуулдана” хэмээн бичиж, нойргүйдэлд автан шаналж байв. Гумилёвт бичсэн нэгэн захидалдаа ганцаардал, цөхрөлөө дурдсан ч хожмоо туйлгүй их харамссан гэдэг. Захидлыг авмагцаа Николай Крымд яаран иржээ.

Тэнгисийн эргээр зугаалж яваад, бүсгүйг хормын төдийд ч мартаагүй явснаа найрагч залуу хэлэхэд Анна ахиад л хүлээж авсангүй. Тэр үед эрэг дээр далайн гахай үхсэн хэвтэхийг хараад, муу ёр гэж бодсоноо дараа нь бүсгүй тайлбарласан байдаг. Харин хоёронтоо гологдсон яруу найрагч сэтгэлийн гүн хямралд орж, амиа егүүтгэхээр Турвилийн нууранд живэх гэж үзжээ.

Азаар амьд үлдсэн түүнийг нөхөд нь дооглох болов. Магадгүй, энэ нь түүнд хүч өгсөн юм уу, юутай ч Аннад бичсэн ээлжит захидалдаа гэрлэх хүсэлтэй гэдгээ дурдсан байна. Гэтэл ахиад татгалзсан хариу авчээ. Гумилёв амьд явах хүсэлгүй болж, Булоны ойд очин, нойрсуулах эм их тунгаар уусан ч ойн цагдаатай таарч, эсэн мэнд үлдэв. Гутралд автсан найрагч Африкийг зорьжээ.

Тухайн үед Петербург хотноо Аннагийн шүлгүүд хэвлэгдэж эхэлсэн бөгөөд удалгүй алдар нэр нь цуурайтах болов. Харин яруу найргийг дэмий хоосон зүйл гэж үздэг хахир хатуу эцэг нь уран бүтээлдээ жинхэнэ овгоо тавихыг түүнд зөвшөөрсөнгүй. Иймд элэнц эмгийнхээ Ахматова гэх овгоор бүтээлээ хэвлэх болсон түүхтэй.

Гумилёв нутагтаа эргэн ирснээр авьяаслаг хоёр найрагч утга зохиолын хүрээний уулзалтууд дээр хүссэн хүсээгүй тааралдах болжээ. Удаж төдөлгүй Николай, Анна нар сүй тавьсан тухай мэдээ олныг гайхашруулав. Тэднийг 1910 оны дөрөвдүгээр сард Днепр мөрний зүүн эрэг дэх гэгээн Николайн сүмд ёслоход нь их удалгүй салж хагацна гэлцэх хүн олон байсан гэдэг.

“Их удалгүй” гэдэг нь найман жил болов. Хуримласныхаа хойтон жилийн хоёрдугаар сард Ахматова найздаа: “Үүнээс дор юм үгүй. Үхлийг хүснэ. Хэрэв уйлж чаддаг сан бол...” хэмээн бичсэн нь бий. Гумилёвын амлаад байсан диваажин үнэн хэрэгтээ там болж хувирчээ. Нөхөр нь баруун солгойгүй зугаацах болж, үүнийгээ ч нуудаггүй байв.

Уран бүтээлч хосын хувьд хүндхэн цаг үе тулгарсан нь: дэлхийн нэгдүгээр дайн эхэлмэгц эх оронч үзлээр жигүүрлэсэн Гумилёв фронт руу явж, харин Анна Ахматова эрчүүдийг бужигнуулж эхлэв. Эр нөхрөөсөө мэдрээгүй хайрыг тэрээр бусдаас эрж байлаа. Дайнаас эргэж ирээд Николай Гумилёв гэр бүлээ цуцлуулжээ.

Найрагч бүсгүй хүүгээ хадам ээждээ орхиод, нэрт судлаач Владимир Шилейкотой амьдралаа холбов. Энэ нь Гумилёвт хүнд цохилт болсон тул Аннаг буцааж авахаар шийдэн, гадаадад хамт амьдрах санал тавьсан ч бүтэлгүйтжээ.

Хэсэг хугацааны дараа Гумилёв дахин гэрлэж, харин Ахматова хэд хэдэн удаа нөхөрт гарсан байдаг. Гэвч анхны нөхрийг нь 1921 онд хувьсгалчид буудан хороосны дараа Анна түүний гар бичмэлүүдийг нандигнан хадгалж, Гумилёвын шүлгийн түүврүүдийг хэвлүүлсэн бөгөөд зөвхөн сайн сайхан дурсамжаа үлдээж, насан эцэс болтлоо хайртай түүндээ зориулсан шүлгүүдээ туурвисаар байжээ.

Орчуулсан: Д.Оюунгэрэл

Нийт сэтгэгдэл : 0