254 feac58b4eeb39244a40cbda42b11de1b3d82307c17c08cdd2593b28af032c696
САВАН :)
Зохиолч:
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
САВАН :)

Лондон хотын нэгэн зочид буудал үйлчлүүлэгчтэйгээ харилцсан зурвасаа Sunday Times сонинд нийтлүүлжээ. Сайхан инээж стресс тайлах ч зүгээр шүү, тийм ээ?

- Өрөөний үйлчлэгч танаа. Угаалгын өрөөнд зочид буудлын нэрийн саванг ахиж битгий тавиарай. Би өөрийн хэрэглэдэг Dial гэдэг саванг авчирсан байгаа. Хэрэглээгүй 6 ширхэг саванг шүүгээний доод талын тавиур дээрээс, мөн 3 ширхэгийг шүршүүрээс авахыг хүсье. Надад саад болоод байгаа юм.

Баярлалаа. С.Берман

- 635 дугаар өрөөний эрхэм үйлчлүүлэгч ээ, танай өрөөний үйлчлэгч өнөөдөр амарч байгаа тул би цэвэрлэгээ хийлээ. Шүршүүрээс таны гуйсан ёсоор 3 ширхэг саванг авав. Тавиур дээрээс 6 ширхэг саванг мөн авч, амны цаастай хайрцагт хийсэн. Та бодлоо өөрчилбөл хэрэглээрэй. Дээр нь 3 ширхэгийг нэмсэн байгаа. Учир нь зочид буудлын журам ёсоор бид өрөө болгонд өдөр тутам 3 ширхэг саван тавих ёстой юм. Санаанд тань нийцэж байгаа гэдэгт итгэж байна.

Үйлчлэгч Кати

- Эрхэм үйлчлэгч ээ, таныг манай өрөөний үйлчлэгч гэж найдаад бичиж байна. Савангийн талаар гуйсныг маань танд Кати дамжуулаагүй бололтой. Өчигдөр орой өрөөндөө ирээд би шүүгээний доод тавиур дээр 3 ширхэг Camay саван тавьсныг олж харлаа. Энэ зочид буудалд би 14 хононо. Иймээс өөрийн хэрэглэдэг Dial саванг авчирсан юм. Өөрөөр хэлбэл, тавиур дээр байгаа 6 ширхэг саван надад хэрэггүй гэсэн үг. Надад саад болоод байгаа тул эндээс авахыг хүсье.

Баярлалаа. С.Берман

- Хүндэт ноён Берман. Өнөө өглөө буудлын менежер Грин ярилаа. Та түүн рүү өчигдөр орой утас цохиж, өрөөний үйлчилгээний талаар гомдол мэдүүлсэн тул би өнөөдөр танай өрөөнд шинэ үйлчлэгч томилсон. Танд учруулсан таагүй байдалдаа хүлцэл өчиж буйг минь хүлээн авна уу. Асуудал гарвал надтай шууд холбоо барихыг хүсье. 8:00 – 17:00 цагийн хооронд 1108 дугаарт залгана уу.

Баярлалаа. Зохион байгуулагч Элен

- Хүндэт Элен. Тантай утсаар холбогдож би чадахгүй. Учир нь, өглөө 7:45-д гараад орой 18:00 цагт эргэж ирдэг. Иймээс би өчигдөр ноён Гринтэй утсаар ярьсан юм. Тэр үед та тараад явчихсан байв. Энэ савантай холбоотой асуудлыг нэг тийш болгож өгөхийг би түүнээс гуйсан. Таны томилсон шинэ үйлчлэгч намайг энд шинээр оржээ гэж ойлгосон шиг байна. Ингээд тэрээр шүүгээнд 3 ширхэг, шүршүүрт бас 3 ширхэг саван тавьжээ. Танай буудалд тав хонохдоо нийт 24 ширхэг савантай болчхоод байна. Ямар учиртай ингээд байгааг тань ойлгохгүй юм.

С.Берман

- Хүндэт ноён Берман. Танай үйлчлэгч Катид шинээр саван нэмж тавихгүй байх, илүү савангуудыг хурааж авах заавар өгсөн. Асуудал гарвал надтай 1108 дугаараар 8:00 – 17:00 цагийн хооронд холбоо бариарай.

Баярлалаа. Зохион байгуулагч Элен

- Эрхэм ноён Грин. Миний Dial саван алга болчихлоо. Миний өрөөнд байсан бүх саван, түүн дотор өөрийн минь хэрэглэдэг Dial үйлдвэрийн саван хүртэл алга болсныг дуулгая. Өчигдөр орой би reception рүү утасдаж, саван авчирч өгөхийг хүссэн. Тэгтэл надад 4 ширхэг Cashmere Bouquet савангийн өөдөс авчирч өглөө.

С.Берман

- Хүндэт ноён Берман. Зохион байгуулагч Эленд таны савантай холбоотой асуудлыг мэдэгдлээ. Таны өрөөнд яагаад саван алга байсныг ойлгохгүй байна. Учир нь, үйлчлэгч нар өдөр бүр өрөө болгонд 3 ш саван тавьж байх учиртай юм. Алдааг залруулахаа амлаж байна. Танаас уучлал хүсье.

Менежер Мартин Грин

- Хүндэт Элен. Миний өрөөнд хэн 54 ширхэг жижигхэн Camay саван тавьсан байж болох вэ? Өчигдөр орой өрөөндөө ирээд олж харлаа. Надад 54 ширхэг Camay саван огт хэрэггүй бөгөөд Dial савангаа буцааж авахыг хүсэж байна. Манай өрөөнд 54 ширхэг танай нэрийн саван байгааг та ер нь мэдэж байгаа юу? Надад хэрэгтэй зүйл гэвэл ердөө миний Dial саван юм. Эргүүлж өгөхийг танаас хүсье.

С.Берман

- Эрхэм ноён Берман. Өрөөнд хэтэрхий олон саван байгаа талаар таны гаргасан гомдлын дагуу би бүгдийг гаргасан. Дараа нь та ноён Гринд савангүй байгаа тухайгаа гомдол мэдүүлсэн билээ. Би өмнө нь гаргасан 24 ширхэг савангаа эргүүлэн тавьж, өдөр бүр өгөх ёстой 3 ширхэг саванг нэмсэн болно. 4 ширхэг Cashmere Bouquet савангийн талаар би юу ч мэдэхгүй. Өрөөний үйлчлэгч Кати намайг танай өрөөнд саван оруулж тавьсныг мэдээгүй бололтой. Тиймээс мөн адил 24 ширхэг Camay саван, дээр нь өдөр тутмын 3 ширхэг савангаа нэмээд тавьсан байна. Манай буудал Dial үйлдвэрийн том саван өгдөг гэж яагаад бодсоныг тань мэдэхгүй юм. Гэвч би Ivory үйлдвэрийн саван олсон бөгөөд түүнийгээ таны өрөөнд оруулж тавилаа.

Зохион байгуулагч Элен

- Хүндэт хатагтай Элен. Одоогийн байдлаар манай өрөөний савангийн нөөц ямархуу байгааг танд мэдэгдэх гэсэн юм.

Шүүгээний доод талын тавиур дээр – 18 ширхэг Camay байна. Дөрөв давхарлаж өрсөн 4 эгнээ, хоёр ширхэгтэй 1 эгнээ.

Амны цаасны хайрцагт – 11 ширхэг Camay. Дөрөв давхарласан 2 эгнээ, гурав давхарласан 1 эгнээ.

Цагаан хэрэгслийн сагсан дээр – 3 ширхэг Cashmere Bouquet, 4 ширхэг Ivory, 8 ширхэг Camay (дөрөв давхарлаж 2 эгнээ өрсөн).

Шүүгээнд – 14 ширхэг Camay. Дөрөв давхарласан 3 эгнээ, хоёр давхарласан 1 эгнээ.

Шүршүүрт – 6 ширхэг Camay.

Угаалгын өрөөний зүүн хойд буланд – 1 ширхэг Cashmere Bouquet.

Угаалгын өрөөний баруун хойд буланд – 6 ширхэг Camay. Гурав давхарласан 2 эгнээ.

Манай өрөөг цэвэрлэхдээ бүх савангийн эгнээг тэгшилж өгнө үү гэж Катид дамжуулна уу. Мөн дөрөв давхарлах нь нурж унах эрсдэлтэй гэдгийг дамжуулаарай. Зориг гарган санал хэлье. Цаашид манай өрөөг савангаар хангахдаа угаалгын өрөөний хоосон тавцан дээр өрж байхыг хүсье. Би өөртөө том Dial саван худалдаж авсан бөгөөд үл ойлголцол гарахаас сэргийлэн буудлын сейфэнд хадгалж байгаа болно.

С.Берман

Орчуулсан: Д.Оюунгэрэл

Нийт сэтгэгдэл : 0