256 97d921dfc1ff618b410a9ebf512d35c31c58c49c159700432d38e530f5f96477
"The Book of Mirrors"
Зохиолч:Eugene Chirovici
Нийтэлсэн:
2017-10-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
"The Book of Mirrors"
Eugene Chirovici

ХЭН АЛУУРЧИН БЭ?

Хүний амьдралд заримдаа өөрчилж боломгүй алдаа, бие биесээ буруугаар ойлгон насыг барах тохиолдол бишгүй. Нэг хүний зөв гэж бодож явдаг зүйл нөгөө хүнийг гонсойлгон, нэг эрийн үнэн ярьсан зүйл нөгөө эрд огт үнэмшилгүй санагдах.

Зохиолч болох мөрөөдөлтэй нэгэн эр амьдралынхаа эцсийн мөчид бичсэн анхны бөгөөд сүүлчийн зохиолоо хэвлүүлэхээр зөвхөн эхний бүлгийг илгээжээ. Харин энэ нь түүний ухаан санаанаас урган гарсан зүйл бус орь залуу насандаа орооцолдож явсан нэгэн хэргийнх нь үнэн түүх байсан хэрэг. Хэвлэлийн компанийн ерөнхий редакторын сонирхлыг ихээхэн татсан тул нааштай хариу бичээд хүлээхээр шийдэж. Хэд хоног өнгөрсөн боловч өвгөн зохиолчоос хариу ирсэнгүй, аргаа бараад гэрийнх нь хаягаар явж очтол хөөрхий Флин хэд хоногийн өмнө насан эцэслэсэн байж. Харамсалтай санагдаад болж өгсөнгүй тул мань эр үлдсэн хэсгийг олж авах гэж өчнөөн яваад барсангүй, эцэст нь энэ бодит гэмт хэрэгт буюу зохиолтой нэр холбогдсон бүх хүнийг олж уулзахаар, цаашлаад бүр зохиож бичихээр шийдээд энэ төрлөөр гаршсан залуу сэтгүүлчийг хөлслөн авлаа.

Сэтгэл судлал, хүний оюун ухаан, ухамсарын талаар дагнан судалж, мөн Дэлхийн ll дайны улмаас сэтгэл зүйн хүнд дарамт айдаст автсан цэргүүдэд тусгай эмчилгээ хийдэг Доктор Вийдэр тухайн үед буюу 1987 онд нэр бүхий томоохон их сургуульд багшилдаг байлаа. Нэр хүндтэй, буурь суурьтай, баян чинээлэг энэ эрхэм ганц бие бөгөөд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болохоор түүнд хүн бүр ам сайтай.

Математикийн ухааны сургуулийг амжилттай төгсөхдөө бүх л уралдаан тэмцээнд гайхалтай амжилт үзүүлсэн хэр нь сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт урван орж ирсэн оюутан охин Лаурагийн гоц ухаан түүнд шинжлэх ухааны гайхалтай ном бичихэд тус болсноор барахгүй номыг нь хамтран бичих болов. Лаура үзэсгэлэнтэй, залуухан, дэндүү ухаалаг, манлайлагч гээд харсан болгоны хайрыг татах хатуу самар.

Флин тэр үед жирийн нэгэн оюутан байсан бөгөөд Лауратай байраа хувааж түрээслэх хувь оногджээ. Флин Лаурад ухаангүй дурласан ч Доктор Вийдэрийн гэрт номын санчийн ажилд ортлоо үүнийгээ сохор дурлал гэж бодож явжээ. Лаура эрдэмтэн хоёрын харьцаа жирийн бус гэдгийг гадарлаж, жигтэй энэ өвгөн нууц төсөлд хамрагдаж ямар нэг юм хийдэг гэхээс цааш таамаглах зүйл олдсонгүй. Амьдралыг нь там болгон хувиргасан тэр нэг шөнийг Флин насан эцэслэтлээ мартаагүй гэдэг. Учир нь, Доктор Вийдэрийг хэн нэг нь хороосон байлаа.

Харин хэн бол?

Ойрын хэдэн сар зөвхөн мэргэжлийн хийгээд шинжлэх ухааны голдуу ном барьж уншсан болоод тэр үү Румын зохиолчийн 2017 оны эхээр хэвлэгдсэн шинэхэн зохиолыг уншихад сонирхолтой санагдаад хуваалцахаар шийдлээ. 
Зохиолын бүтэц маш сонирхолтой, нэг өгүүлэгчийн зан төрх байдлыг дараагийн өгүүлэгчээр тодорхойлуулна. Бүлэг бүрт шинэ дүрүүд гарч ирэх ч хоорондоо ямар нэг байдлаар гинжин холбоо үүсгэн цаасан дээр зурж байгаад дүрсэлмээр сонин. Зарим уншигчид энгийн нэг адал явдалт кино мэт зохиол гэж үнэлсэн хэдий ч надад бол сонирхолтой л санагдлаа.

Бас нэг зүйл, номоо хаанаас авч уншдаг вэ гэж асуудаг найз нартаа хандаж хэлэхэд манай Интерном сүүлийн үед шинэ содон зохиолуудыг цөөн тоогоор авчирдаг болсон байна билээ. Шангрила салбарт англи хэлээр номууд сонголт гайгүй байсан шүү.

Н.Энхсайхан

Нийт сэтгэгдэл : 0