258 f6c355cb9bfc7372c4c4b51f8a3055317e8fce48ca5fb6a8dfe7f88ebf67c130
Амьдралдаа огт харж байгаагүй, хэрэглэж үзээгүй зүйлийг энэ бидний өв соёл гэж хэлвэл тэр хүүхэд хэзээ ч ойлгохгүй.
Зочин:Намбаралын Эрдэнэбаяр
Нийтэлсэн:
2017-10-05
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Амьдралдаа огт харж байгаагүй, хэрэглэж үзээгүй зүйлийг энэ бидний өв соёл гэж хэлвэл тэр хүүхэд хэзээ ч ойлгохгүй.
Намбаралын Эрдэнэбаяр

Бид энэ удаагийн ярилцлага буландаа олон улсын 8 дахь удаагийн Манга уралдааны гранпри шагналт, хүүхдийн зураган номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяртай уулзсан ярилцлагыг толилуулж байна. 

- Бидний урилгыг хүлээн авч манай сайтын уншигчидтай уулзаж байгаа танд баярлалаа. Хүүхдийн ном сонирхогчийн хувьд хүүхдийн номын зураач, зохиолч хүмүүсийн талаар сонирхон судлах дуртай. Гадаадын хүүхдийн номын олон зураач, зохиолчдыг шимтэхээс гадна Монгол ахуй, өнгө будаг, сэтгэлгээ шингэсэн уран бүтээлчтэй уулзах хүсэлдээ хөтлөгдөн өнөөдөр тантай уулзаж байна.

- Баярлалаа. Танай сайтын эрхэм уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе!

- Багадаа номд дуртай хүүхэд байв уу?

- Түүхийн голдуу ном сонирхон уншдаг байлаа. Анх “Манан будан”-г уншаад их сэтгэл хөдөлж байлаа. Гэхдээ би өөрийгөө номноос гэхээсээ илүү видео дүрснээс илүү мэдээлэл авсан хүүхэд гэж боддог. Зурагтаар хүүхэлдэйн кино л их үздэг байж. Анх түүхийн номд дурласан болоод тэр үү энэ чиглэлийн ном цуглуулж, дэлхийн түүхийг ихээхэн сонирхож эхэлсэн. Эх түүхээ мэдээд ирэхээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм билээ. Ер нь түүхийг судлаад ирэхээр нэг тийм баримжаатай болдог гэх үү дээ. Ертөнцийн үүсэл хөгжил, дэлхийн хөгжлийн явц, орчин үеийн хөгжлийн үе шат гэх мэтээр судлах тусам багцаатай болж, үзэл бодол маань төлөвшиж, энэ нь дараа дараагийн уран бүтээл хийх сэдлийг төрүүлж өгдөг болсон гэж хэлж болно. Үүнийгээ дагаад туйлын үзэл баримтлалгүй болсон буюу  аливаа нэг зүйлд баригдалгүй, юмс өөрчлөгдөж болдог, өнөөдөр олны анхаарлыг татаж байсан зүйл маргааш гэхэд юу ч биш болж болдгийг ойлгосон доо. Одоо бол уншина гэдэг маань миний ажлын нэг хэсэг болсон.

- Ихэнх хүүхдийн номын зураачид өөрсдийн гэсэн зургийн хэв маягтай буюу зургийг нь хараад л хэнийх гэдэг нь таньж болохоор байдаг. Жишээ нь “The very hungry caterpillar”, “Brown bear, brown bear what do you see” зэрэг номуудаараа дэлхийн хүүхдүүдэд хэдийнээ танигдсан хүүхдийн номын зураач, зохиогч Эрик Карл гэхэд л эхлээд цааснуудаа будаад түүн дээрээ янз бүрийн хэв гаргаад, дараа нь түүнийгээ хайчилж коллаж хийх байдлаар бүтээлээ хийдэг өвөрмөц онцлогтой зураач. Та өөрийнхөө зургийн хэв маягийг тодорхойлбол?

- Би одоо хүртэл хайж л байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 гаруй ном бүтээсэн боловч одоо л нэг ном шиг ном бүтээх гэж сууна. Шинэ номтойгоо сүүлийн 2 жил ажиллаж байна. Дахиад 2 жилийн хугацаа орох болов уу. Мэдээж, миний өмнөх уран бүтээлүүдээс ямар нэг хэв маягийг олж харж болох ч би түүнийгээ өөрийн хэв маяг болготлоо хөгжүүлсэн гэж бодохгүй байна. Тийм болохоор одоо ч гэсэн ажиллаж байна.

- Хүүхдэд зориулсан ном хийнэ гэдэг маань өөрөө их сонирхолтой хэр нь нэлээд чадвар шаардсан ажил байдаг болов уу? Яагаад хүүхдийн уран бүтээл рүү оров? Томчуудад зориулсан комик ном хийх үү?

- Томчуудад зориулсан комик хийе гэсэн бодол байгаа. Гэхдээ Монголд гэлтгүй дэлхий дахинд комик эхлээд бага насны хүүхдэд зориулж гарч ирсэн. Өнөө комик уншиж өссөн хүүхдүүд том болоход нас, онцлогт нь тохирсон комик ном бүтээгдээд гардаг. Хөгжлийнх нь үе шат гэх үү дээ. Монголд өнөөдөр томчуудад зориулсан комик хийгээд гаргалаа гэхэд хэрэглэгч байхгүй. Өнөөдөр хүүхдэд зориулсан комик зах зээл дээр их байгаад байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Миний хувьд бол цаг үе нь бас ингэж таараад байна. Юу хийвэл өнөөдөр Монголын хүүхдүүдэд хэрэгтэй вэ гэж би их боддог. Уран бүтээлч хүний хувьд өөрийн дуртай зүйлээ хийхээс гадна яг одоо хүүхдүүдэд юу хэрэгтэй байна гэдгийг давхар бодох хэрэгтэй.

- Өнөөдөр Монголын хүүхдүүдэд зориулсан номын сонголт хангалтгүй байна гэж бодогддог. Таны хувьд манайд хүүхдэд зориулсан ямар агуулга дутагдаж байна вэ?

- Хүмүүжлийн ном. Яахав, танин мэдэхүйн ном байгаад байна, хэвлэгдэж байна. Хүүхэд бүр адилхан гэж үзвэл гадны гоё гоё номыг орчуулаад хэвлэж болж байна. Гэтэл бид өөрөө их онцлогтой ард түмэн. Хэдэн зуун жил нүүдлийн амьдралтай байсан. Хэрэв энэ бидний амьдралын мөн чанар болоод үүнээс бид өөрсдийгөө хайх ёстой юм бол үүнээсээ хэрэгтэйг нь аваад сонирхолтой хэлбэрээр хүүхдүүддээ санал болгох ёстой. Өнөөдөр угаасаа хэрэглээ байхгүй, ирээдүйд устах нь тодорхой болчихсон соёлоосоо хэрэгтэй шүү гэснээ аваад үр хүүхдүүддээ ойлгуулж өвлүүлэн үлдээх нь хамгийн ач холбогдолтой арга юм байна гэж би боддог. “Бумбардай”-гийн маань зорилго бол ердөө л энэ.

Манайд хэзээнээс орхигдож ирсэн асуудал бол хүүхдийн асуудал. Яагаад гэвэл, надад ийм асуудал байна гэж хүүхэд хэзээ ч хэлэхгүй. Шилжилтийн үед хүүхдийн асуудал хамгийн сүүлд орхигддог. Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар бодлоготой, ямар нэг томоохон зорилттой ажил дутагдалтай байна. Яагаад өв соёлын асуудал ийм чухал юм бэ гэж надаас асуувал уламжлал дээрээ суурилаж шинэчлэл хийсэн ард түмний хүүхдүүд суурь хүмүүжил, мэдлэг сайтай хүн болж төлөвшдөг гэж би хариулмаар байдаг. Нэг япон хүн надаас асууж байсан, Та нар яагаад энэ сайхан өв соёлоо хөгжүүлдэггүй юм бэ гэж. Зарим хүн өв соёлоо хадгалах гэдгийг ардын аман зохиол, үлгэр туулиа тэр чигээр нь хадгалах ёстой гэж ойлгодог. Нэг талаар зөв. Гэтэл үүнийг дахин хөгжүүлэх ёстой шүү дээ. Арван жил байтугай нэг жилийн өмнөх зүйл хоцрогдохоор тийм хурдтай хөгжиж байгаа энэ үед хэдэн зуун жилийн өмнө зохиогдсон тэр зүйлийг яг тэр чигээр нь өнөөдрийн хүүхдүүдэд хэлж ярьж өгнө гэдэг өөрөө өрөөсгөл зүйл. Хэзээ ч амьдралдаа харж байгаагүй, хэрэглэж үзээгүй зүйлийг энэ бидний өв соёл гэж хэлвэл тэр хүүхэд ойлгохгүй. Тэгэхээр түүн дотор байгаа агуулга, хэлэх гэсэн санааг, мөн чанарыг л хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй.

- “Бумбардай” одоо хэдэн оронд хэвлэгдэн гарч байна?

- Японд худалдаалагдаж байна. Азийн 11 оронд гаргахаар гэрээ хийсэн. Одоогийн байдлаар Вьетнам, Тайланд, Индонез хэл рүү орчуулагдаж байна. Он гаргаад олон улс руу гаргах ажил эхэлнэ дээ.

- Олон улсын уншигчид хэр хүлээн авч байна вэ?

- Бид “Бумбардай”-г олон орны хүүхдүүдэд уншуулж үзсэн. Бид эхнээсээ олон орны хүүхдүүдэд ойлгогдохоор хийх гэж зорьсон. Сэдвийг нь яривал гадаад орны хүүхдүүдэд их уйтгартай л даа. Гэхдээ энэ сэдвийг хүүхдэд гэлтгүй эцэг эхчүүдэд, гадаад хүүхдүүдэд сонирхолтойгоор тайлбарлана гэдэг, соёлын онцлогийг гадныханд ойлгуулна гэдэг амаргүй. Жишээ нь, аргалдаа явлаа гэвэл гадныханд үхрийн баас түлнэ гэхэд ойлгомжгүй, гэтэл бидний хувьд аргалын утаа гэдэг сайхан зүйл.

- Тийм шүү, хүүхдийн номын зохиолч гэдэг бол хэн бүрийн хийдэг зүйл биш юм. “Бумбардай”-н дараагийн цуврал хэзээ гарах вэ?

- Энэ бүтээл маань цаашлаад кино болж гарах учир бүтэн концепцийнх нь хувьд дахин сайн ажиллаж байна. Өмнөх дугааруудыг хүртэл засаж янзалж байгаа. Одоо бид тав дахь цуврал дээр ажиллаж байна. Он гараад энэ ажил руугаа орох байх.

- Залуу уран бүтээлч хүн гэхэд чамгүй амжилт үзүүлж, бусад залуучуудад үлгэр дуурайлал болж байгааг тань хараад бахархаж байна. Хийж буй ажлынхаа төлөө уйгагүй, тууштай явж байгаа харагдана. Амжилтынхаа нууцаас хуваалцаач.

- Тууштай байна гэдэг хүний зайлшгүй нэг чанар гэж боддог. Хүн унтах нь ойлгомжтой, идэх нь ойлгомжтой. Хүүхэд хөлд орно, хэлд орно гэдэг тууштай уйгагүй байсны л шинж. Яг үүн шиг аливаа зүйлд уйгагүй хөдөлмөр, цаг хугацаа орох нь тодорхой, хичээсний дүнд үр дүнг нь хардаг шүү дээ. Нэгэнт ямар нэг зүйлд зорьсон бол тэвчээртэй тэмцэх хэрэгтэй. Үнэхээр сонирхлыг чинь татаад, хорхойг чинь хүргээд байвал хүн түүнд хүрэхийнхээ тулд хэзээ ч залхуурдаггүй. Түүнийгээ гол зорилгоо гэж хараад тэр тойрогт орсон тохиолдолд хүний холбиромтгой байдал үгүй болно л гэсэн үг. Зарим хүн тэр тойргийн гадна байгаа учраас ихэнхдээ амьдрал нь, ажил нь хийдээд байх шиг байгаа юм. Нэг л олоод харчихвал алгуурлаад байх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр хийх зүйлээ олж харсан хүн, олж хараагүй хүн гэж ангилж болно. Миний хувьд бол хийх зүйлээ олж харсан хүн гэх үү дээ.

- Аливаа зүйлийг хөгжүүлэхэд багийн ажиллагаа чухал. Та хийсэн бүтээсэн зүйлээрээ тэр том шагналыг аваад, Монгол хүн хийж болдог юм байна гэсэн итгэл үнэмшлийг залуустаа төрүүлчихлээ шүү дээ. Та залуу уран бүтээлчидтэй хэрхэн хамтарч ажиллаж байна?

- Би өөрөө сайн чадахгүй байх үеэсээ эхлээд л баг бүрдүүлж эхэлсэн. Эхний номынхоо дараагаас өөрийн гэсэн багтай болсон. Намайг зориод ирсэн хүмүүст тусалж, өөрөө мөнгөгүй хэр нь хүний номыг хэвлүүлээд гүйгээд явж л байлаа. Одоо ч мөн багаар ажиллаж байна. Энэ хооронд хүнтэй ажиллаж сурах, нөгөө хүмүүсээ бэлдэх, энэ өрөө маань нэг хүнийх бус нэг хэсэг хүний ажлын байр болж, сүүлдээ бүр Монгол улсын хөгжлийг дэмжих нэг салбар болохын тулд яах ёстой вэ гэдэг дээр толгой маань ажиллаж байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бидэнд бодлого хэрэгтэй.

- Хүүхдийн зохиолын салбарыг хөгжүүлэх бодлогын тухай та юу хэлэх вэ?

- Аливаа нэг салбарт үндэсний хэмжээнд амжилттай ажиллаж дэлхийн тавцанд гарна гэдгийг эхлээд бодлогоор шийдэх хэрэгтэй. Бид бүгдийг хийж чадахгүй ч тодорхой боломжит салбараа тодорхойлоод хөрөнгө оруулалтыг хийхэд болохгүй зүйл үгүй. Томоохон цар хүрээтэй харъя гэвэл энэ бол төрийн ажил, багахан хэмжээнд хөгжүүлнэ гэвэл энэ төрлийн уран бүтээлчид, бизнес эрхлэгчдийн асуудал. Гадаа хүүхдээ салхилуулаад яваа ээжийн санаа зовох асуудал биш байхгүй юу. Жирийн нэг иргэн үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, сайн ном уншуулж ирээдүйн монгол хүнийг төлөвшүүлэхээс биш тэр хүн Монголын хүүхдийн номын төлөө санаа зовох хэрэггүй юм шүү дээ. Аль ч газар тухайн салбарын хүмүүс нь хийж буй зүйлээ төрдөө ойлгуулах ёстой. Түүнээс биш төрд ажиллаж хууль боловсруулж байгаа хүмүүс нь энэ манга комик нь яадаг зүйл вэ гэж бодох суухгүй. Бид зөв санал тавиад явахад харин ч манай төрийнхөн миний бодлоор их дэмждэг. Жишээ нь, бид “Бумбардай” төслөө Н.Алтанхуяг даргыг сайд байх үед нь танилцуулж л байлаа. Тухайн үед Ерөнхий сайд нь хүүхдийн ном хийдэг ямар онцгүй юм бэ, хийх ажилгүй хүн үү гэж ярьцгааж л байсан. Тэглээ гээд буруудаагүй, өнөөдөр манай төсөл олон улсын хэмжээнд гарч байна шүү дээ. Тэгэхээр тухайн салбарын хүмүүс нь өөрсдөө асуудал болгох хэмжээнд ярьж ойлгуулах хэрэгтэй. Хүн ам ихтэй, зах зээл нь өргөн улсад зарим нэг салбар өөрөө хөгжөөд явдаг, жишээ нь би Индонезд 100 зураачтай манга студид очиж л байсан. Тэд Холливуудаас захиалга аваад хийдэг. Гэтэл Монгол шиг цөөн хүн амтай улсад за та нар өөрсдөө хөгж гээд орхичхож болохгүй. Зөвхөн сонирхогчийн оролдлогоор дуусаж болохгүй. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадагшаа гаргах гэсэн санаатай ажиллах нь зүйтэй гэж би боддог.

- Цаг заваа зориулж, ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Suna Khada, Н.Энхсайхан

Нийт сэтгэгдэл : 0