267 dddbe8de3bfa273e8821e9ad26db41d4312aa0f630006e5b306f41f14f655b6f
Ааргх
Зохиолч:Андрей Белянин
Нийтэлсэн:
2017-11-04
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Ааргх
Андрей Белянин

ЧҮНДЖ - ийн эрхэм эгч Оюунгэрэлийн орчуулсан ААРГХ номыг инээсээр, номоосоо салж чадалгүй уншсаар дуусгалаа. Сайхан ч орчуулга болсон байна гэдгийг дуулгахад таатай байна.

Ааргх гэж хэн бэ? Тэрээр хүн, тролль хоёрын эрлийз. Хүдэр чийрэг, булиа биетэй, үнэхээрийн их хүчтэй. Ээж нь түүнийг Жаалхүү хэмээн хочилдог. Үлгэр домогт гардаг троллиуд нэг тийм дүнхүү байдаг бол манай Ааргх тийм биш. Эсрэгээрээ. Тэр маш их ухаантай. Тиймдээ ч хүмүүс түүнийг "буруу" ааргх гэж нэрлэдэг. Өөрөө ч хэрэндээ "зөв" байх гэж хичээнэ. "Торонд байгаа шувуу нисэхийг өвчин гэж ойлгодог" гэдэг шиг...

Онолоор бол ааргхууд тэнэгдүү, боловсролгүй, сэтгэл хөдлөлгүй, хэдэн үг холбоод олигтойхон ч ярьж чаддаггүй, болхи бүдүүлэг, заваан, шүлсээ савируулж, хэлээ унжуулсан маанагдуу байх ёстой. Аа харин манай Жаалхүү тийм биш. Тэр уншиж бичиж чадна. Бас хэрэндээ хошигноно. Үг холбох нь байтугай бусдыг алмайртал шүлэглэнэ. Дайснууд нь энэ эргүү юу хэлчихэв ээ гэж алмайрч байх хооронд дайснаа дардаг тулалдааны тактиктай. Аливаа зүйлийн учир зүйн дараалал, логикийг сайн ойлгоно. Тэр маш ухаантай. Товчхондоо царай муутай л болохоос биш дажгүй залуу.

Жаалхүү сонин тохиолдлоор Эзэн хааны торгон цэргийн командлагчийн дүү, хязгаар нутагт тусгай даалгавар биелүүлж яваа залуухан, онгироо, бодлогогүй Эшли гүнтэнд хөлсний хамгаалагчаар ажиллахаар болдог. Хотын эрх танхи, нялцгай залууг замчилж, алс холын аянд гарахдаа ааргх хамт яваа гүнтнээ хичнээн их дайсантай болохыг гадарласан ч үгүй, хүрэх газар нь бушуухан хүргэж өгөөд, мөнгөө авчихна ухааны юм бодож явлаа. Гэвч санаснаар болсонгүй.

Түүнийг шил даран хар хувцастай цэргүүд, шулмууд алахаар хөөцөлдөнө. Хаяад явж болох ч ааргхын амлалт бол юунаас ч илүү. Тэр худлаа хэлдэггүй, хулчийж зугтдаггүй. Урт удаан аяныхаа замд тэд жихүүдэс хүрэм үнэгэн биет, хүн толгойт хнара, хараал хийлгүүлсэн шулман хүүхэлдэйнүүд, эльфүүд, анахай, гролль гээд олон дайсантай таарах боловч заримтай нь нөхөрлөж явлаа. Өндөр шан харамжийн төлөө дуулгавартай яваа эрэлхэг, тожгор хоёр анахай, баатарлагаар амиа алдахыг хүсэгч эльф, хөлсний цэрэг, чадварлаг дайчин, сайхан бүсгүй Сун гээд тэдний цомхон армийг дийлэхэд тун ч төвөгтэй. Тэд хязгаар нутгаас гарч олон газраар дайран шулмуудын цайзад нэвтэрч, хүч тэнцвэргүй тулаануудтай тулгардаг. Ийн явахдаа үнэнчээр бие биедээ дасан нөхөрлөж, нялцгай гүнтэн маань ч эр хүн болон өөрчлөгддөг.

Тэдний аялал хэрхэн дуусах бол? гэдэг асуулттайгаар номынхоо тэмдэглэлийг өндөрлөе. Хэрвээ уншвал, уншсан бол бидэнтэй хуваалцаарай.

Уг роман маань гурван дэвтэртэй бөгөөд нэгдүгээр дэвтэр нь уншигч бидний гар дээр ирээд удаагүй байгаа билээ. Тус романаар кино хийвэл ч ёстой гоё болно гэж батлахад ч бэлэн байна. Бөгжний эзэн кинон дээр гардаг дүрүүд гарч байгаа нь ойлгоход хялбар. Гэхдээ үйл явдал нь тэс өөр. Заавал уншаад үзээрэй. Уйдаахгүй л дээ.

М.Тунгалагтуул 
2017.11.04 

Нийт сэтгэгдэл : 0