31 fefd3caf337b18495285182226ebac6048c2c2a44f4a8619966c4121adafec4f
САМУЕЛ БЭКЭТ-д бичсэн захидал
Зохиолч:Самуел Бэкэт
Нийтэлсэн:
2016-04-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
САМУЕЛ БЭКЭТ-д бичсэн захидал
Самуел Бэкэт
Мэндлэлгүй, оршилгүй захиа.

       Самуел Бекет, чи намайг хэдий болтол доромжлох гэж байна? Хэдий болтол миний оршихуйг үгүйсгэн, амьдралыг минь амьдрал биш гэж ятгуулах туршилт хийх гэж байна? "Чиний наад амьдрал гээд байгаа чинь амьдрал биш шт. Огтоос биш. Биш. Бас биш. Амьд явах төдий. Хүлээлтийн хүлээсэнд баригдсан арчаагүй амьтан. Аалзны торон дотор орсон хорхой ч чам шиг өрөвдөлтэй биш. Хүлээсэн дотроо 'аз жаргалаа' мэдрээд сууж бай" гэж чиний ямар ч жүжгийг уншсан, ийм л шударга үгс намайг загнах шиг болдог. Харамсалтай нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр би үнэнг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

        Чиний тэр дуусдаггүй ямар ч төгсгөлгүй жүжгүүд, уншиж дуусах агшинд 2 цаг хөдөлгөөнгүй бодолд оруулах ямар адын шидтэй юм бэ?! Парадокс байдлаасаа гарах гэж хэд хоногтоо "нийгэмшиж" үл чадан, амьдралын өнцөг булан бүр сонин харагддаг байсан энэ сониуч охиныг юунд ингэж ганцааранг нь толгой гудайлган бодолд орсон зожиг нэгэн болгоно вэ?

        Happy days-ыг би уншсан. Би үзсэн. Би чамд доромжлуулсан.
Бүсэлхий хүртлээ элсэн дунд байх тэр хадагтайгаар чи намайг л дүрсэлж байсан шт. Хэтэрхий их аз жаргалтай дүр... Годо ч ирээгүй. Би хүлээсээр байгаа. "Би Год биш Годо гэсэн шт. Үнэхээр Бурханы тухай бичих бол би зүгээр л Год гэх байсан" гэж хээв нэг хэлэх чи уурыг минь ямар ихээр хүргэнэ вэ? "Үггүй жүжиг" гэх гарчиггүй мэт гарчигтай амьдралын тухай өгүүлэх чиний тэр жүжгийн цаад санаа нь мөн л үхлийн тухай байсан. Бурхан та 2 намайг хуурсан. Худалчууд. Бас хулчгарууд!


        Ницшед мөн дамжуулаарай. Түүний "Галзуу хүний сургаал" шүлэгт тэр Бурханг үхүүлдэг. Ницшед энэ үгсийг өөрт нь өгөн уншуулаарай. "Ницше, Бурхан үхээгүй ээ, Бид алчихсан юм. Үнэхээр түүний оршихуйг үгүйсгэмээр байгаа бол Бурхан алагдчихсан."


         Чиний "Piece of Monologue" жүжиг Ла Мама экспэримэнтал театрын захирал Дэвид Вэриловын "Үхлийн тухай жүжиг зохиогоод өгөөч" гэх захиалга байсан гэдгийг би сүүлд мэдсэн. Харанхуй тайзан дээр унтлагын цагаан хувцас, цагаан оймстой буурал үстэй өвгөн над руу ширтэж байгаад "Миний сүнс ямар бол?" гэж надаас асуусан. 2.5 тэрбум секундын амьдралаа тэр өвгөн хүүрнэхдээ яагаад ганцхан төрөх бас үхэх 2ыг л онцолж ярьдаг юм бэ? Жүжгийн 3дагч этгээд нь үзэгч буюу үзэгчддээ ойртож байна гэж чиний бодож бичсэн зүйл биднийг улам бодолд оруулдаг. Fitzgerald хэлэхдээ "Үйлдэл бол дүр" гэснийг чи ойлгосон болохоор л "зөвхөн Самуeл Бeкетийн"гэж бахархалтайгаар зарлах чиний уран бүтээлүүд нүдэнд харагдах бодит дүр цөөтэй ч нүсэр их дүрээс бүтдэг биз.

         Чиний жүжгүүдийг тэмдэг нэрээр дүгнэж болдоггүй. Тодорхойлох ч боломжгүй. "Францаар ийм мэдрэмжийг илэрхийлж болдоггүй" гэж нэгэн шүүмжлэгч хэлснийг ч чи мартаагүй байх. Эдгар По-гийн "The fall of the house of Usher" өгүүллэгийг уншихад "a sense of insufferable gloom pervaded my spirit" гэх үгс байсныг хараад би ямар их  баярласан гээч, миний чамаар зэрэмдэглүүлсэн оюун бодлыг хамгийн сайнаар дүрсэлсэн  илэрхийлэл энэ байсан.

          Эцэст нь энэхүү захиаг уншилгүй өнгөрөх "их зант" Бэкэт минь, би зориглоод энийг биччихсэн, тэр л чухал. Би чамайг хайрладаг бас үзэн яддаг.

Самуэл Бэкэт-д Годог хүлээгчээс.
Нийт сэтгэгдэл : 0