45 dc482408fd4b8e37a968c10fe79e36c5aef30f93299c7a5bb11e5a47c2ce86a0
Эр хүн уйлдаг юм
Зохиолч:Э. Хоролгарав
Нийтэлсэн:
2016-04-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Эр хүн уйлдаг юм
Э. Хоролгарав

Эр хүн уйлдаг юм, тэгэхдээ
Эзгүй хээр газар адуу малын бэлчээр 
Аглаг буйдхан хөдөөдөө цор ганцаар явахдаа 
Аргамаг мориныхоо эмээл түшин цурхирдаг юм. 
Өмөг түшиг олдоогүйдээ биш ээ 
Өөр хүнээс ичсэндээ юу? тэгвэл үгүй
Бүлээн хийгээд шорвог дуслууд хацар даган урсч 
Бүгд л ижилхэн уйлдаг шүү дээ хүмүүс. 
Цээжиндээ цугларсан сайн муу бүгдийг цуурай болон агаарт замхрахыг сонсон 
Цухал хорсол нь түүний ижил үгүй болохыг мэдрэн баясч . 
Нууж явсан гоморхол нь нулимстай нь хамт урсан 
Нутгийнх нь газар шорооноо дусал дуслаараа шингэхийг харан тайтгардаг юм.

Эр хүн уйлдаг юм, тэгэхдээ
Эрдэнэт хүний дүрийг олоход хувь тэнцүү оролцсон
Элбэрэлт эцэг эхээ үгүй болохын цагт нь
Энэ орчлонгийн жамыг сая бүрнээ ухаарч.
Мөнх амьдрах юм шиг санан эрхэлж туньж явахдаа
Мөнхийн ус байдаггүй гашуун үнэнийг мартаад
Ачийг нь хариулах байтугай
Ачыг нь харуулалгүй явуулж гомдоосноо ойлгоод
Ханхар цээж налан бүсгүй хүн шиг л мэлмэрүүлэхийг 
Хачин их хүссэн ч тийм цээж ганцхан өөрт нь л үлдсэнийг санаад
Харанхуй шөнө хөнжил дотроо дэр норгон хэвтэхдээ
Харуусал гунигийн нулимсыг өөрийн эрхгүй асгаруулдаг юм.

Эр хүн уйлдаг юм, тэгэхдээ
Энэхэн хорвоод удахгүй мэндлэх шинэ хүнийг хүлээн
Алагхан зүрх нь цээжин дотроо багтаж ядан цохилж
Аз жаргалын мишээл нүүр дүүрэн тодруулж
Хулжин одсон нойроо ирэхийг нь хүлээх зууртаа
Хувь тавилан юуг нь зөгнөн зөгнөн мөрөөдөж
Хожмын нэгэн өдөр эцгийнхээ нэрийг дуурсган 
Хотол даяар хүндлэгдэн алдар цуугаа мандуулах
Нуган үртэй болохсон гэсэн
Нууцхан хүсэл нь биелж
Удам залгах хүүтэй болсон гэдгээ дуулаад
Уяран догдолсондоо баярын нулимс унагадаг юм.

Нийт сэтгэгдэл : 0