84 70708072791809e8e949a142a97596c7af2bd143f360cb532ccd10ed2b406a29
“Аянгат цагийн тууж”-ийн Жанибек өвгөний дүр ихэд таалагдаж билээ...
Зочин:Цагаанзаан овогт Цоодолын Жаргалсайхан
Нийтэлсэн:
2016-04-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
“Аянгат цагийн тууж”-ийн Жанибек өвгөний дүр ихэд таалагдаж билээ...
Цагаанзаан овогт Цоодолын Жаргалсайхан

БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга, судлаач Ц.Жаргалсайхантай хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна. 

- Та сайхан хаваржиж байна уу? Анх ямар номд дурласан талаар тань яриагаа эхэлье.

- Сайнтай муутай хорвоогийн саар бүхнийг гийгүүлэн цэвэрлэгч алтан нарнаас гадна өөр нэгэн наран бол өөрт болоод өрөөлийн сэтгэлд орших гэрэл гэгээг бэлэглэгч – ном  юм. Саар бүхэн цэцэглэж байгаа самуун цаг, цөвүүн үе гэж хэлж болохоор зарим үед санагдах  энэ цагт үнэхээр хэрэгтэй энерги, хүч болсон номын тухайд өгүүлэх энэ сайт нээгдэж, хүмүүст хүрэн гийгүүлж эхэлж байгаад баяртай байна аа. Миний хувьд аав ээж минь цэл залуухан, шинэ өргөө гэр барьж байсан тэр үед хаяа нь дэлгээтэй тэр “ордон”-доо  хөлөө гозгонуулан хэвтэж, үлгэрийн ном харж байсан тэр үе санаанд үлдсэн хамгийн эхний сайхан дурсамж юм. Түүнээс хойш сургуульд орж Арвайхээр хотынхоо номын санд “Идэвхтэн уншигч” болтлоо тэр л үед тэнд байсан хүүхдийн номыг баргийг нь уншсан байх. 5-р ангидаа 160 ном уншиж тэмдэглэл хөтөлж байсан даа. Тэгэхээр хүүхдийн номыг бол сайн уншсан байж.

- Одоо ямар ном уншиж сууна вэ?

- Яг одоо бол манай соёлын салбарын нэртэй зүтгэлтэн Цамбын Жаргалсайхан ахын “Соёлын лавлах товчоон” гэсэн номыг харж сууна. Энэ ном “Соёл”-ын агуулгыг өргөн хүрээнд нь авч үзсэн, түүний олон талын мэдлэг, ойлголт, соёлын хүрээний нэр томьёо, үндсэн ойлголтууд, эх сурвалж, тоо баримт, мэдээллүүдийг багтаасан сайхан ном байна аа. Ширээн дээр өнөөдөр бол “Онгийн голын Орги”, “Монгол үндэстний биет бус соёлын өв”, М.Батчимэгийн “Шатрын өрөг дэх Монгол”, Г.Гонгоржав гуайн “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, Н.Эрдэнэцогтын “Монголын нүүдлийн мал аж ахуй”, Кэролин, Хамфри нарын “Нүүдэллэхүй ёсон эцэслэх үү?”  гэсэн ажлын холбогдолтой л номууд байна.

- Залуучуудад заавал уншихыг зөвлөмөөр санагддаг номууд бий байх?

- Бид бол нэг талаараа “Ганц дайчин ганцаардахгүй”, ”Овод”, ”Болд хэрхэн хатаагдсан”–ыг   заавал унших ёстой хэмээсэн тийм цаг үед залуу нас маань өнгөрсөн ч гэсэн, нөгөө талаараа дэлхийн сонгодгуудыг голчлон уншиж өссөн үеийнхэн. Б.Баабар “Дори идэр дүүдээ...” номдоо залууст ямар ном уншихыг бас хэлсэн байгаа. Миний хувьд,  залуу хүн эрч хүчтэй үедээ зөв, эерэг, мөн дээр нь танин мэдэхүйн номуудыг уншвал дээр гэж зөвлөмөөр санагддаг. Тэгвэл тэр их эрч хүчтэй сайхан үедээ олж уншиж тогтоосон нь ирээдүйд өөрт нь болоод нийгэмд хэрэгтэй л гэж боддог. Сайн сайхан номууд дүүрэн байна, хувь хүн л өөрөө сонгох цаг гэж бодоод байна. Одоо залуус сонголтоо өөрөө хийдэг болсон болохоор нэр заагаад хэрэггүй л болов уу гэж бодогдож байна.

- Ном уншдаг арга барилынхаа талаар?

- Бага байхдаа үг үсэггүй, нарийн нягт уншдаг байсан бол арай том болоод сонгож уншдаг, бас тэмдэглэл хөтөлдөг болсон. Одоо бол хэрэгтэй номоос хэрэгтэй мөрийг олж ялгаж уншиж, тэмдэглэдэг болсон доо. Би ер нь багаасаа их түргэн уншдаг хүүхэд байлаа. Сүүлд хэвлэлийн газарт арваад  жил эх бэлтгэлийн редактор хийхдээ бүр түргэн, хуудас хуудсаар нь харж, уншдаг болсон байсан. “Мөнхийн үсэг”-ийн эх бэлтгэлээс гарч байгаа бүх л ном, сурах бичиг, хэвлэлтэд орох бараг бүх материалыг харж, “Хэвлэхийг зөвшөөрөв” гэж гарын үсэг зурж байсан болохоор тэгж хурдан харж уншихаас өөр арга байгаагүй байх. Ном уншингаа тэмдэглэл маш их хөтөлдөг нь их ач тустай гэж боддог.  Би тааралдсан болгоноо бас уншаад байдаггүй, нилээд сонгож уншдаг.

- Сард хэдэн ном уншдаг бол?

- Янз бүр л байдаг. Би ер нь л уншихыг боддог. Сард 2-3 шинэ ном, эсвэл хуучин номын лангуун дээрээс ном эрж олж авдаг. Бас Л.Түдэв гуайн нэгэнтээ хэлсэнчлэн, өдгөө надад хэрэггүй ч өөрөөс минь хойш төрөх дараагийн “Би”-д хэрэгтэй гэж боддог шүү дээ, хэхэ. Номд дурласан, номд хорхойтой хүмүүс ер нь андашгүй дээ, бүгд л миний адил ном гэхээр нүд нь сэргээд явж байдаг улс. Тэдэнд үнэлгээ ч хэрэггүй байдаг. Мөрөөрөө.

-Яаж ажлаа зохицуулж, ном унших цаг гаргадаг вэ? Хүмүүс завгүй болохоор ном уншихтай манатай байна гэлцэх юм.

- “Завгүй хүн л зав гаргадаг” гэдэг. Надад бол ямар ч завгүй байсан ном харах, тэмдэглэх зав гардаг. Нэг инээдтэй тохиолдол хэлье. Би “Хархорины товчоон”-оор “өвчлөөд” байсан үе. Зун хөдөө айлд амарч байтал радиогоор нь Хархорины тухай миний олж мэдээгүй нэг мэдээ нэвтрүүлээд. Нойрон дундаа сонссон болохоор бичих цаас, үзэг ч хол.  Тэгээд гэрийн ханан дээр шүдэнзээр зурж хэдэн үг тэмдэглэж авч байж билээ. Тэр мэдээ ч их хэрэг болсон. Та бүхэн өнөө үед гадагшаа их явж байгаа, тэр их завгүй Япон зэрэг хөгжил нь хэтэрсэн оронд хурдан галт тэргэн дотор хүн бүр л ном шагайж явааг харсан байх. Ном бүрээ зүгээр л бичиггүй цаасаар хавтасласан нь бас юу уншиж байгаагаа “нуусан” хэрэг юм билээ. Тэгэхээр “завгүй” гэдэг бол залхуурсан л гэсэн үг гэж ойлгож байна.

- Хархорин судлалаар таны дараагийн бүтээл хэзээ гарах вэ?

- Би ч нэг их сүрхий зохиолч, мундаг хүн биш шүү дээ. Зүгээр, эх түүхэндээ элэгтэй жирийн сэхээтний хувьд өөрийн мөхөс билиг оюунаа дайчилж, хийе бүтээе хэмээн зорьж “Өвөрхангайн тайлбар толь”-ийг нутгийн эрдэмтэн өвгөдтэй хамтран бичээд, өвгөдийн дуу хоолой цусанд минь, зүрхэнд минь оршин байгаа учраас, нэгэн үе “Дэлхийн нийслэл” гэгдэж байсан Хархорины түүхээр нийтлэл-тэмдэглэлийн ном бичиж хоёронтоо хэвлүүлсэн. Одоо гурав дахиа хэвлүүлэх санаатай байгаа. Их Д.Пүрэвдорж гуай тоож, миний  номын өмнөтгөлд  “Манай түүх болвоос язгуур дээдсийн цусны эргэл, зүрхний цохил, амин амьсгал, алтан гэрээс мөн... Хархорум бол тэнгэрийн чагтгатай зарлигийн хот. Арвайхээрийн хөвгүүн Цоодолын Жаргалсайханы түниршин хулжсан түүхийн мөрийг мөшгөн цомойлсон эл “товчоон” сэтгэлд авалцсанд олзуурхнам” гэж бичсэн үг надад их урам өгсөн. Д.Эрдэнэбаатар доктор, МУШУГА Ж.Батсуурь доктор, МУСГЗ Н.Даваадаш багш нар бас ихэд үнэлж бичсэн нь мөн л урам зориг төрүүлдэг. Орчуулсан жижиг ном бас бий.

- Таны редакторласан номууд их байдаг. Ер нь хэдий тооны ном бий вэ? Хамгийн их цаг зарцуулсан, ухаан шавхсан ном гэвэл?

- 185 ном дээр редактор, эх бэлтгэлийн редактор, хэвлэлийн редактор, техник редактор гээд нэрээ үлдээсэн нь миний нэг баялаг юм. Сүрхийдээ ч биш, гэхдээ тэр номуудыг, нүдний өмнүүр өнгөрч, хариуцлага, сэтгэл шаардсан тэр олон ном судар, хэвлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг бүгдийг харж тэмтэрч шалгаж засаж тэмдэглэж “эх барьсан” болохоор бүгд л сайхан санагддаг. Өнөөдөр ч хүмүүс дур зоргоороо янз бүр л ярьдаг болж дээ. Гэхдээ миний ажиллаж байсан үед сурах бичгийг хэвлэхдээ тендерт орж хэвлэх эрх авч, бүтэн сар, 2 сар гаруй зохиогчидтой нь хамт байж эхийг бэлтгэн, дахин дахин хянуулж хэвлэдэг байсан. Өдгөө ч тийм л байгаа байлгүй гэж бодох юм. 12 сурах бичиг дээр нэр тавигдсан нь хамгийн хариуцлагатай ажлуудын маань нэг хэсэг байсан. Нэр тавигдсан гээд л байгаа, редакторын нэр ч голдуу хамгийн сүүлд жижиг үсгээр л тавигддаг учраас хүмүүс нэг их анзаардаггүй ч байх аа, хэхэ. Нэр тавиулахдаа гол нь биш, нэр бичээгүй өчнөөн л бий. Гэхдээ “Ц.Жаргалсайхантай тооцно” гэсэн тамга гэж л бодож явдаг учраас ингэж хэлээд байгаа юм шүү.

- Чинагийн Галсан гуайн номуудад та өмнөтгөл үгийг нь бичсэн байдаг. Таны хувьд Галсан гуайн гайхамшигт бүтээлүүдээс сэтгэлд хоногшиж үлдсэн дүр хэн бэ?

- 2009 онд байх аа, “Мөнхийн үсэг”-т Чинагийн Галсан гуайн “Аянгат цагийн тууж”, “Өлзий хээтэй бухал”, “Арван сарын тэнгэр дор” гэсэн гурван ном хэвлэгдсэн. Өмнөтгөл бичсэн, тэр нэртэй хүнээс айж эмээсэн. Харин Чинагийн Галсан гуай сайн муу болж гээгүй. Зохиолыг нь маш сайн уншсан. Эзэнт гүрний монголчуудын их  байлдан дагууллын  нэлэнхүй хэрэгцээ болж асан хөтөлгөө морь яах аргагүй математикийн шинжлэх ухааны орчин үеийн шинэхэн салбарын нэг-найдварын онолын эх үндсэн санаа байсан гэхэд хилсдэхгүй байх. Тэгвэл өнөөдөр хос морины сойлтыг аль алийг нь тэгш тааруулан холын Герман, Европт орон улсаа алдаршуулж, олон зууны их өв, өндөр соёлтой уншигчдад нь өндөр үнэлэгдсэн зохиолоо бичиж туурвиж байгаа Чинагийн Галсан гуай Их эзэнт гүрний хөтөлгөө морьтнуудаас хойш их дэлхийд дахин “туурайн мөрөө дурайтал гаргах” гэсэн бидний итгэл найдварын “онол”-ын  нэг эзэн нь болж байна гэдгийг л товойлгож өмнөтгөл бичиж байсан санагдана.

Үйлтэй зүйлтэй орчлонд үзэх харах нүдгүй ч өнгийн цэцэг сэтгэлд нь дэлгэрсэн сайхан хүмүүс олон, харах нүдтэй ч харанхуй дотортой нь бас цөөнгүй гэдгийг уран яруу өгүүлсэн, утга агуулга том “бэсрэгхэн” зохиол, өргөж нуруулдах намрын өвсөнд хүртэл өөрийн гоо сайхан, өлзий хээ хүртэл гаргаж баяжуулж бичсэн – “Ноомой эрийн мөрөөр”, “Өлзий хээтэй бухал”, ”Арван сарын тэнгэр дор”, ”Аянгат цагийн тууж” - эгэл нэгэн жижиг зүйлийн учир начир, утга учгийг  дэндүү тод, томруунаар жигтэй уран сүлжиж, бүхэл бүтнийг  үнхэлцэгт нь багтаасан их ухааныг тодруулсан сайхан бүтээлүүд байсан. Энэ зохиолууд дотроос “Аянгат цагийн тууж”-ийн Жанибек өвгөний дүр ихэд таалагдаж билээ... Энэ далимд, цөвүүн цаг дор Жанибек өвгөний үнэнч шударга, цайлган цагаан сэтгэл, ухаалаг зан чанар нь муу муухайг Аянга адил цахилж, цэвэрлэх болтугай гэж ерөөе. 

- Номын сангаа танилцуулна уу. Танд буй хамгийн ховор ном юу вэ?

- Би ч нэг их ном цуглуулаагүй. Мянга гаруй л  ном бий. Үнэтэй эмээл хазаар, эдлэл, чулуун хөөрөг надад  байхгүй ч эрхэмлэн цуглуулсан хэдэн сайхан ном судар дундаа эргэлдэх дуртай. Учир ерөөлийн барилдлага, оюун санааны гэгээрлээр номын садан болсон тэнгэрлэг номч “Хөдөөх эрхэм” В.Распутин, агуу Д.Пүрэвдорж тэргүүтэй эрхмүүдийн “Дүү, ах, Ц.Жаргалсайхандаа” хэмээн сувд адил сайхан үгийг сэтгэлээсээ урласан үнэтэй гарын үсэгтэй 130 гаруй ном миний хувьд юунаас ч үнэтэй алт юм. Миний баялаг тэр. Миний найз нар дотор бол олон сайхан номтой найз нар бий. Ш.Баатар, Д.Мөнх-Очир гээд арваад мянган сайхан номын сантай нөхөд байна. Тэдэнд бол ховор ном нэлээд байдаг. Надад түүх, соёл урлаг, эрүүл мэнд, Өндөр гэгээн, адууны болон Өвөрхангайн холбогдолтой л хэдэн ном бий дээ. Монголын Нууц Товчоо, Марко Пологийн номуудыг цуглуулдаг.

-Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна?

- Соёлын салбарт бас шинэ ажил дээр байгаа болохоор надад өөрт сурч мэдэх, уншиж тэмдэглэх зүйл  маш их байдаг. Үргэлж суралцаж байна.Тийм байхыг ч хүсдэг. 

Судлаачийн хувьд, Хархориноо л нухаж байдаг. Өнөө үед Оросын зарим судлаач, зохиолчид Хархорин Орхоны хөндийд бус Крымын хойгт байсан гэж байгаа зэрэг нь сонирхол татаад, ухаад л  байна. Хүн ер нь нэг зүйлд төвлөрөхөөрөө түүнийгээ маш сайн мэрж, эрж явдаг бололтой. Миний хувьд бол Эзэнт гүрний нийслэл байсан Их Хархүрэм хот мөнхийн сэдэв дээ. Дотоод, гадаадын олон эрдэмтдийн судалгаа шинжилгээний олон бүтээлийг барьж үзэж, Хархориноо л нэмж байдаг. Үүнтэй холбоотой бичиг цаас нухаж орчуулж, зураг, домог сэлт цуглуулж  сууна. Бас эсээ нийтлэл жаахан сонирхдог, үүнээ нэгтгэж нэмж байгаа. 75 эсээ-нийтлэл сонин сэтгүүл дээр хэвлэгдсэн юм билээ.

- Саяхан та хөдөөгүүр, зүүн аймгуудаар яваад ирсэн. Ямар ганзагалаатай ирэв ээ?

- Дорнод аймагт болсон Соёлын ажилтны сургалтад оролцож “Биет бус соёлын өв”-ийн талаар хичээл заасан. Нүүдэлчид соёлынхоо өвийг биедээ тээж явдаг юм. Хөгжимгүй байлаа гэхэд хоолойдоо хөгтэй, олон ном судар тээж ачиж явахгүй ч ой тойндоо цээжилчихсэн л байна. Биет бус соёлын өв гэдэг маань бидний өвөг дээдсийн өнөө хүртэл уламжилж ирсэн оюун санааны илэрхийлэл - утга соёлын өв юм. Энэ их өв маань бидний нэрийн хуудас болохоос гадна хөгжил дэвшлийн амин сүнс, утга учир гэж үздэг. Аман уламжлалаар дамжиж ирсэн нүүдэлчин соёл маань мэдээллийн эрин зуун, соёл иргэншлийн үед нүүдэлчний амьдралын сонгодог хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдон бага багаар устаад байгаа юм. Энэ тухай наран ургах нутагт өв соёлоо түгээж, судалж сурталчилж, хадгалж хамгаалж яваа өвлөн уламжлагчид, соёлын ажилтнууддаа ярьж хэлж явлаа.

- Уншигчдад хандаад ном уншихын ач холбогдлын талаар бодлоосоо хуваалцана уу, ялангуяа хүүхдүүдэд.

- Бид бол ном судраа хүнээсээ ч илүү торгоор “хувцаслаж”, өөрөөсөө ч илүү эрдэнээр бүтээж, хоймроо залж ирсэн Номт ард түмэн. Номын ач тусыг үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй агууг мэдэрсэн ард түмний төлөөлөгч нь чи. Тиймээс хичээн сурч, номоо дээдэлж, номтой нөхөрлөхийг хичээгээрэй. Ном чамайг хавтсаа дэлгэн, хуудсаа сөхөн хүлээн авна, харин чи түүний үг үсэг бүрийг нягтлан уншиж, өөртөө шингээж, өөрөө дэлгэрэгтүн. Нэгэн биеэ эмтэлж бичсэн мэргэдийн номыг шүтэж өөдрөг явахыг хичээгтүн. Наран мэт дэлгэрэх илчит хүчээр нь өөрийгөө үргэлж цэнэглэж явагтун. Номын утга учир ч үүнд оршдог, нөхөрлөгтүн, хайрлагтун гэж хэлье дээ.

- Ярилцлагын төгсгөлд таны өргөх үгийг сонсъё оо. 

- Уншиж ухаарч, улам дэвжихийн ерөөлийг өргөе. Та бүхэн ном дор мөргөж, сайн үйлс дор зүтгэж аз жаргалтай яваарай. ЧҮНДЖ бүлгэмийн сэтгэлээсээ бүтээсэн энэхүү ажил ч монгол түмний сайн сайхан явахад түшиг түлхэц болсон сайхан ажил болж байгаад баяртай байна.Тэр тусмаа өнөөдөр “хаваржиж”,  хүн болгон улс төр ярьж, болсноо болоогүй, бүтсэнээ бүтээгүй, бүтэхгүй хэмээн ярьж байгаа хатуу үеийг зөөллөсөн сайхан ажил хэмээн бодож байна. Номтой ард түмэн нартай сайхан, үргэлж зунаараа жаргаж явах ёстой гэж боддог шүү. Тийм ч байх.

- Цаг гаргаж хөөрөлдсөнд гялайлаа. Таны уран бүтээлд онгод хийморь ерөөе.

Нийт сэтгэгдэл : 4
Picture
2016-05-05 16:58:19

Бага ангид байхдаа Аянгат цагийн туужийг уншаад уйлж байсан юм байна. Үг бүр нь цэцэн цэлмэг, ухаарал бодрол хайрласан ийм сайхан ярилцлага нийтэлсэн та бүгдэд баярлалаа.

Picture
2016-04-24 11:04:57

Эрдэмт хүн даруу гэж, ямар сайхан энгийн хэрнээ эгэлгүй хүн бэ? унших тусам ухааждаг гэж энэ эрхэм дээр л харагдаж байна даа. Амжилт хүсье ээ

Picture
2016-04-22 09:32:39

amjilt

Picture
2016-04-20 00:43:31

Сайхан ярилцлага уншлаа. Нээрээ Японд номын дэлгүүрээс ном авахаар "хавтаслах уу" гэж асуудаг юм байна лээ.