85 8f7c2a41dba3194eaefb062327a4b7deaa53d51c6c78e56944df583a380041c3
Өнөөгийн шальдар бульдарчуудын өлөн нүд харагдаж байвал түүхэн зохиол бичихийн утга үгүй...
Зочин:Жалайр овогт Баасангийн Номинчимэд
Нийтэлсэн:
2016-04-22
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Өнөөгийн шальдар бульдарчуудын өлөн нүд харагдаж байвал түүхэн зохиол бичихийн утга үгүй...
Жалайр овогт Баасангийн Номинчимэд

Сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

- Сайхан хаваржиж байна уу? Саяхан нутагтаа очоод ирсэн. Ямар онгодтой ирэв та?

- Сайхан сайхан. Хур чийг ихтэй сайхан хавар болох нь. Удахгүй хөх ногооны униар татаад, үнэр нь хангиад ирэх байх аа. Ер хавар болохоор л нэг сэтгэл гэгэлзээд явчихдаг нь байгалийн яаж ч аргалж боломгүй жам биз. Нүүрэндээ үсгүй хүн бүү хэл үстэй адгуус хүртэл хавар болохоор нутгаа гүйдэг. Би ч бас тэссэнгүй сая нутаг гүйгээд ирлээ. Алтайн сүрлэг сайхан хайрхан уулсынхаа барааг харж, хөх салхинд нь хэд хоног үлгүүлж, уудам их говиудынхаа хээлд тарвалзан хэвтэж, цээж дүүртэл, сэтгэл цэлмэтэл амьсгаа татаж явлаа. Хүйс, Шаргын говь, Нарийн шал, Улаан шал, Бигэр, Халиуны хоолой, Дэлгэр, Гуулин, Өгөөмөр, Толь, Тунгалагийн талаар тоосруулж, Хантайшир, Хар-Азарга, Дарви, Гичгэнэ, Хар бор Сэрх, Хангийн нурууд, Бурхан Буудай, Алаг хайрхан, Цагаан хайрхан, Буурал хайрхан, Буга хайрхан, Сутай хайрхан, Чандмань хайрхан гээд олон сайхан уулсдаа мөргөв.

Нийт 15 сумын нутгаар хөндлөн гулд явсан. 3600 км зам туулан, 100 гаруй хүнтэй уулзан ярилцаж, сонин хачин сайхан яриа ч олныг сонслоо. Ардын өгүүлэн хэлэх нь яндашгүй, бараг хэвээр нь ном зохиолд ашиглачхаж болохоор уран яруу, утга төгөлдөр. Тийм эгэл сайхан хүмүүстэй уулзах бүр нэгийг ухаарч, нөгөөг сэтгэн, ухааны бөглөрсөн олон сүвээс зарим нэг нь нээгдэх мэт болох. Суусан сэцнээс явсан тэнэг дээр гэдэг үнэн дээ.

Бугат сум-нэгдлийн дарга асан БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Оршихын Ядамхүү гэдэг аварга хүн байлаа. Өчнөөн их зүйлийг хийж бүтээж, хөлс хөдөлмөрөө хүн арддаа харамгүй зориулсан тэр сайхан хүнтэй хэсэг зуур ч болов хамт ажиллаж амьдарч байсан маань аз юм. Монгол Улсад Хөвсгөлийн Цагаан-Үүрийн Ү.Аварзэд баатар, Архангайн Р.Минжүүр баатар, Говь-Алтайн Халиуны Г.Лодойхүү баатар, Бигэрийн Ч.Чулуун гээд гарын таван хуруунд багтах домог түүх болсон хэдэн хөдөлмөрийн баатрууд байлаа. Өнөө цагт бол ямар ч томоохон корпорацийг өлхөн аваад явчих чадвартай, хөдөлмөрч шаргуу, шударга, хүн ардаа боддог, маш нарийн мяндсан ухаантай менежерүүд байжээ. Тэдний нэг бол О.Ядамхүү баатар юм.

Мөн О.Ядамхүү даргын хамт тэр их бүтээн босголтын нэгэн гол тулгуур нь болж явсан Бугат сумын намын үүрийн дарга Ч.Бодь хэмээх цөлх мэргэн ухаантай, эгэлгүй хөдөлмөрч, эгэл даруухан, уул Алтай шигээ нөмөр нөөлөгтэй бас нэгэн аварга хүн байлаа.

Энэ хоёр сайхан хүний тухай нэг хөрөг найруулал бичихээр нутагт нь хүрч үр хүүхдүүд, ар гэрийнхэн, хамтран зүтгэгчидтэй нь уулзаж яриа хуучийг нь сонсов. Монгол улсынхаа нэгэн үеийн түүхийг бүтээлцэж, ачааг нь өөрийн үедээ даасан шиг дааж үүрч ирсэн энэ эрхэм хүмүүсийнхээ тухай өнөө бид бичиж, хойчийн залууст танин мэдүүлж, хэлж үлдээхгүй бол боломгүй. Ядахдаа л бахархан дурсаж, үлгэр дуурайлал авч байг ээ. Өнөө цаг үед ийм шударгуу, нуруутай хүмүүс их үгүйлэгдэж байгаа нь мэдрэгддэг.

Хөдөө нутгаар явахад хэдий сайхан ч бас сэтгэл эмзэглүүлсэн зүйл байх юм. Ахуй байдал амгалан ч амьдрал хүнд талдаа. Шүүмжлэн хэлэх зүйл ихтэй, “Шинэ цагийн хуучин хүү” гээд юм бичмээр. Үнэхээр хөдөөгийн байдал шальдар бульдар байна. Ялангуяа сум оронд улс төржиж талцах нь санаанд багтамгүй. Олигтой хүнд бол олон хошин ёж өгүүллэгийн бэлээхэн түүхий эд байна.

- Ингэхэд таны жинхэнэ нэрийг Наминчимэд гэж дуулсан юм байна шүү.

- Тийм ээ, Наминчимэд гэдэг байсан юм. Дунд сургуульд ороход Намин гэдэг нэрэнд дасал болоогүйгээс үү, ангийн хүүхдүүд, багш нар маань Номин гээд бичиж дуудах болсон. Тэгээд л Номин болчихсон юм. Манай ах дүүс бүгд Намин гэж дууддаг. Би ч өөрөө Номин гэдэг нэрэндээ дасаж орхиж дээ. Одоо бараг Номин гэдэг нэр маань утга зохиолын нэр мэт. Намин гэдэг үг нь "Хэзээ ч" гэсэн хүч нэмсэн тэмдэг нэр маягийн үг юм гэсэн. Чимэд нь үхэл үгүй, мөнх наст гэсэн утгатай үг. Тэгэхээр Наминчимэд гэдэг нь "Яагаад ч үхэхгүй нөхөр" гэж байгаа хэрэг, хэ хэ.

- Бичгийн хүнээс анх ямар ном уншиж эргэж буцалтгүй дурласан талаар нь асуухгүй өнгөрч болохгүй санагдаад...

- Уншиж сураад бие дааж уншсан анхны ном маань “Монголын нууц товчоо” байсан гэвэл хүмүүс их гайхах байх даа. Би сайндаа биш юм, нөхцөл байдал тэгж таарсан. Би нэлээд бага, 5 орчим насандаа уншиж сурсан юм. Манай эгч надаас 4 эгч, тэгэхэд эгч маань нэгдүгээр ангид л орж байсан байх. Учир нь эгч 9 настай сургуульд орсон байдаг. Эгчээ дагаад цагаан толгой уншаад сурчихсан. Тэгээд аав ээж, ах эгч нар ажил, сургуульдаа явахаар гэрээ сахиад ганцаар үлдэнэ. Тэр үед ямар зурагт, интернэт энэ тэр байсан биш. Манай номын санд ах эгч нарын сурах бичгүүдээс гадна бор хавтастай, бар зурагтай “Монголын нууц товчоо” байсан юм. Эхлээд тэр номын зургийг хуулж зурдаг байснаа нэг мэдэхэд уншиж орхисон. Юугаа ч ойлгох вэ дээ, гэхдээ л ой санамжинд юм юм үлдсэн байдаг. Дараахан нь үнэхээр шимтэж уншсан ном маань “Эр зоригийн дууль” гээд жижигхээн хөөрхөн тууж, бас нэг амьтдын тухай жүжиг юм. “Аль ч биш газар зорчоод, юу ч бишийг олж ирсэн нь”, “Түн түн пин пан буюу ойн дээрэмчдийн адал явдал” гэх мэт номуудыг их сайн санаж байна. Сүүлийнхийг нь хараахан дуусаагүй байтал ном маань алга болчхоод би хачин их хайж билээ. Тэгэхээр их л дурлаж байж дээ. Нэгдүгээр ангид орж байсан үе юм болов уу, тэр хавьд л санагдана.

- Одоо ямар ном уншиж байгаа вэ?

- Өнөөдөө уншиж базаасан юм алга. Вернадскийн “Монголын эзэнт гүрэн” номыг зав чөлөөндөө сөхөн харах юм. Багашиг боловч багтаамжтай ном. Саяхан Ж.Тэгшжаргал дүүгийн номын нээлтэд очиж Ф.Кафкагийн номыг олж ирсэн. Тэр нөхрийн дотоод ертөнц ер бусын, гэхдээ тэр ертөнцийнхөө үүд хаалгыг нээхдээ их яхир, харам. Арга эвийг нь олоод нэг шагайж орхивол олон зүйлийг үзэж алмайрах болно. Тэгж алмайрах санаатай авчирч тавьчхаад сууж байна. Ойрд улс төржөөд хэрэг алга, гэхдээ ном уншихтайгаа л байна.

- Залуусыг заавал уншаасай гэж боддог номууд бий юу?

- Байлгүй яах вэ. Гэхдээ хүн хүний үзэл бодол адилгүй, өөр өөрийнхөө мэдрэмж, таашаал, үнэлэмжээр л номыг үнэлж, бусдад зөвлөдөг юм шиг ээ. Ингэхэд яах гэж ном уншиж байна вэ гэдгээ залуус эхлээд өөртөө тодорхой болгох хэрэгтэй. Цаг нөхцөөж, уйтгараа гаргаж, таашаал авах гэж буй бол Чэйз энэ тэрийг уншсан нь дээр. Танин мэдэх гэж буй бол арай өөр. Гэхдээ юуг танин мэдэх гэж? гэсэн асуулт бас гарна. Уран зохиолын үндсэн судлагдахуун бол хүн, түүний амьдралын ил болон далд нууц, мөн чанар, дотоод ертөнц, зүрх сэтгэл. Товчхондоо бусдыг болон өөрийгөө танин мэдэх. Хүний ертөнцийг зөв танин мэдэх оролдлого нь явсаар эцэстээ өөрийгөө танин мэдэх үйл явц болно. Хүчирхэг уран бүтээлчид энэ дотоод ертөнц рүү гүн гүнзгий, хайр найргүй цөмөрсөнд л хамаг учир нь бий. Тэгэхээр болж өгвөл томчуулыг, тухайлбал Толстой, Достоевский, Чехов, Флобер, Бальзак, Драйзер гээд хуучин цагийн аваргуудыг унших хэрэгтэй болно. Киплинг, Диккенс, Твен, Хемингуэй ч юм уу. Гэхдээ миний хувьд хүний нугаршгүй сайн сайхан талыг илэрхий дөвийлгөн үзүүлдэг зохиолчдын номуудыг юуны өмнө уншаасай гэж хүүхэд залууст зөвлөмөөр байдаг. Тухайлбал, Тургенев, Айтматов гэх мэт олон олон. Монголын зохиолчдоос Д.Намдаг, С.Пүрэв, Д.Норов гээд нэлээд хэдэн хүний нэрийг дурдаж болно. Дараа нь сэтгэлгээний хандлага давамгайлсан бүтээлтэй танилцвал зөв мэт.

Энд би зохиолын нэр биш дандаа зохиолчийг нь дурдаж буйг анзаарсан байх. Энэ бас учиртай шүү. Нэг хоёрын төдий зохиолоор нь тухайн зохиолчийг бүрэн дүүрэн ухаж ойлгоход амаргүй. Болж өгвөл таалагдсан зохиолчийнхоо овоо хэдэн номыг олоод уншчих хэрэгтэй. Тэгж байж л тэр хүний дотоод ертөнцийн үүд хаалгыг чи овоохон онгойлгож, ахиухан шагайж харах боломжтой болно. Тэгж гэмээнэ өнөөх хүнийг танин мэдэх үйл явцад чинь илүү үр дүн гарна.

Мөн хүүхдийн зохиол унших хэрэгтэй юм гэж сүүл үед бодогдох боллоо. Зөнөж байгаа юм байлгүй. Хүүхдийн зохиолоос гайхалтай цэвэр тунгалаг мэдрэмж, сэтгэлгээг мэдэрдэг. Тайвшрал, амралт, баясал, гэнэхэн хөөрлийг мэдрэх гэж уншдаг. Тухайлбал, “Винни пүү нэрт тэнэгхэн бамбарууш”, “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт”, “Бэмби” гэх мэт. Ингэхэд хүүхдийн тухай өгүүлсэн бүхэн хүүхдийн зохиол шүү. Хүүхдийн тэр цэвэр тунгалаг ертөнцийг нээж чадсан зохиол л хүүхдийн зохиол юм.

- Ном уншдаг арга барил тань ямар бол?

- Тогтсон арга барил байхгүй ээ. Ариун цэврийн өрөөнөөс бусад ямар ч газарт, ямар ч цаг үед уншдаг. Явж буй машин, автобусанд удаан уншихаар дотор муухайрдаг болохоор жаахан тиймхэн. Бусдаар бол хүнтэй ярилцаж суухдаа ч, хооллохдоо ч уншина. Энэ бас их соёлгүйнх юм. Дагаж дуурайх зүйл биш. Хар багаас тэгээд сурчихсан. Заримдаа ч хоолны даруулга болгон ном уншаад ч байгаа мэт. Эхнэр “Ядахдаа хоол идэж байхдаа ном битгий уншаач, ходоодонд чинь халтай. Зарим хүмүүст их эвгүй санагддаг ч хүнтэй ярилцаж байхдаа уншиж байдаг нь одоо дүүрч” гэдэг.

Зарим номыг эхлэл, төгсгөл, адгаас нь нэг нэг сөхөж хараад л хойш нь шидчихнэ. Зарим номыг бүр үг бүрээр нь мөрдөж, мөшгиж, дээр нь тэмдэглэж, баллаж, зурж уншина. Хойш нь тавиад хоёр гурав хоноод дахиад уншина. Номоосоо л шалтгаална. Сайн номыг сар жилээр ч уншина, саар номыг цай оочих зууртаа дуусгана.

- Сард хэдэн ном уншиж байна ер нь?

- Ойрд улс төржөөд номоосоо нэлээн хөндий байна. Хажуугаар нь энэ нүүр хуудсанд ч бас цаг их үрж байна. Гэхдээ л долоо хоногтоо ядаж нэг ном харчих гэж оролдож байгаа. Яг ид уншиж байх үедээ өдөрт багадаа 200 хуудас уншихыг хичээдэг байв.

- Ном унших цаг яаж гаргадаг вэ? Завгүй, цаггүй гээд л номыг ойшоохгүй хүмүүс бий.

- Ном унших хүсэл шунал хэрвээ бий бол ямар ч үед цаг гаргана. Гол нь хүсэл шунал. Тийм юмгүй бол нээрээ “Завгүй” гээд л гүйгээд байж дээ.

- Таны “Хөх илдний очис” хэзээ гарах вэ? Сүбээдэй баатар төрсөн нь хэмээх эхний хэсгийг уншсанаас хойш тэсэн ядан хүлээж буй нэгэн уншигч энэ асуултыг илгээсэн юм.

- Аль 2007 онд эхлүүлсэн, тэгээд их сүрхий бичиж байснаа хойш нь тавьчихсан. Гол шалтгаан нь тэр XIII зуун хэмээх ер бусын цаг үеийг бүхий л утгаар нь мэдрэх шаардлага байгаа санагдсан. Би тэгж ингээд бичээд дуусгачхаж болох л байна. Гэхдээ л тэр цаг үеийн үнэр ханхлахгүй юм бол, цуурай нь хангинахгүй юм бол урамгүй. Тэр үед хүмүүс хэрхэн амьдарч байсан юм, юунд итгэж найдаж байсан юм, юуны төлөө үхэн хатан тэмцэж байсан юм, юу ярилцдаг байв, юунд баясан хөгждөг байв гээд олон зүйлийг мэдрэхгүйгээр бичихэд хэцүү. Бичсэнээс минь XIII зуун ханхлахгүй, харин XXI зуун ханхалж, тэр цагийн баатар эрсийн эрс шулуун харц харагдахгүй, харин өнөөгийн шальдар бульдарчуудын өлөн нүд харагдаж байвал түүхэн зохиол бичихийн утга үгүй санагдана.

Монголын өндөрлөгөөс Тэнгэр уул, Памир, Киндукиш, Кавказ, Карпатын их уулсыг давж, Жейхун, Шейхун, Хар шар, Дон, Днепр, Дунай гэсэн их гол мөрнүүдийг гаталж, Такламакан, Туран, Дундад Азийн их элсэн цөлүүдийг туулж, намаг балчиг гатлан байж, гэхдээ ямагт өөрсдөөсөө хэдэн арав дахин их хүчтэй дайсагнагч ард түмнүүдийн дундуур ямар ч ар талгүйгээр хэдэн мянгаар тоологдох бээрийг туулан дайтан тулалдаж явна гэдэг хэн хүний хүсэх зүйл мөн үү? Чадах уу? Олз омог хайсан хэдэн дээрэмчид ийм адал дайныг өдөөх үү? Тэр цагийн монголчуудад хүний хүчнээс хэтийдсэн тийм их хүчин чадлыг хэн хаанаас, яагаад өгчхөв? Тэдэнд юу, ямар үзэл санаа тийн хүнд бэрх дундуур гатчин ялан дийлэх хүчин чадлыг өгөв? гэх мэт асуултын хариултыг олохгүйгээр XIII зууны тухай бичнэ гэхэд хэцүү. Тэгээд л түүхээ олон талаас нь ухаж эхэлсэн дээ. Бүр бөө, тэнгэр судлаач ч болохыг шахав. Далд ёр совин, түүхийн гүн ухаан, гарцаагүй ба санамсаргүйн учир шалтгааныг ч сөхөж үзэв. Монгол цэргийн хувцас хэрэгсэл, зэр зэвсгээс эхлээд, дайтах арга ухаан гэхчлэн ил байх зүйлс бол яах вэ, түүнийг ямар нэгэн хэмжээгээр дүрсэлж болно, харин сэтгэлгээ, итгэл үнэмшлийнх нь чинад нууцад хүрэх нь л хэцүү юм. Энэ мэт шалтгаанаас болоод их хойшилж байна. Гэхдээ би яарахгүй байгаа. Гончаров “Обломов”-оо 30 жил бичсэн юм гэнэ билээ. Би 10-хан жил бичихэд яадаг юм гэж бодогдоод, өөрийгөө цагаатгаад, өмөөрөөд байгаа. Магадгүй, би сэтгэлдээ хүртэл бичиж чадахгүй бол түүнийг хэвлүүлэх ч үгүй. Ингэхэд болсон болоогүй юм хэвлүүлэх нь чухал биш, бичсэнээс маань хэн нэгэн таашаал авах нь ч чухал биш, харин би өөрөө бүтээж, туурвиж чадсаны бах, цэнгэлийг мэдэрч байвал хамаг сайхан нь болно.

- Тэгвэл та “Монголын түүхийн гайхамшигт агшнууд”-аа үргэлжлүүлэх үү?

- Үргэлжлүүлнэ ээ. Манай түүхийг гайхамшигтай л гэдэг. Юу нь гайхамшигтай гэдэг вэ гэхээр бид ихэнхдээ байлдсан, тулсан, ялсан дийлснээ л дурддаг. Гэтэл яг үнэндээ тэр ялахын үүтгэл шалтгаан болсон нэг юм бий дээ. Түүнийг эрж хайж яваад олсон юмаа л бага багаар гарган бичиж буй маань энэ. Тухайлбал, Саритай хорчийн тухай өгүүлэл дотор бий дээ, дайснаа хэрхэн эгнэшгүй нөхрөө болгосон тухай.

Нөгөө талаар нийтлэг түүхэнд тэр бүр байдаггүй ер бусын онцгой сонин содон, гэхдээ зарим тохиолдолд түүхэн их эргэлтийн эхлэл ч болчихсон байж мэдэх тийм агшнууд манай түүхэнд бишгүй олон бий. Жишээ нь, Айн-Жалудад болсон урвалт байна.

Би энэ цувралыг бичих санаагаа “Оросын түүхийн 100 өгүүлэл” бил үү дээ, нэг тийм бор номоос олсон юм. Хүүхэд байхдаа их хорхойсон уншдаг байсан ном. Тэгээд Монголын түүхэнд ч бас ийм сайхан түүхэн агшнууд бий дээ, байх байхдаа зуугаар тогтохгүй олон бий дээ гэж бодогдсон юм. Гэтэл би өөрөө болохоор 100 байтугай 20 ч хүргэж чадахгүй сууна. Хожим авьяас билэгтэй залуус зуу зуугаар нь илрүүлэн нээж бичнэ биз ээ.

- “Game of Thrones”-оос шинэ номдоо ашиглана хэмээсэн. Энэ талаараа тайлбар өгч болох уу?

- Ашиглах ч юу байх вэ, суралцах, санаа авах гэх юм уу даа. “Хаан ширээний тоглоом” гэдэг энэ номоор хийсэн киног үзэж байхад олон зүйл бодогддог. Ид шид, бодит ахуй хоёрыг чадварлаг холбосон, хаана ч байхгүй мэт атлаа яг дэргэд байдаг, маш сайн мэдэх мэт тийм сонин хачин ахуй, улс орнуудын тухай өгүүлэх. Урвалт, далд давхар тооцоо, эр зориг, хатуу ширүүн золиос дунд хүмүүс хэрхэн өсөж өндийж, тэсэн тэвчиж, уруудан унаж байгаа тухай, хамгийн гол нь маш өвөрмөц, давтагдашгүй дүрүүд олон гарах юм. Баатруудынх нь үг хэллэг хүртэл хоорондоо тэс өөр өөр, оновчтой хэлц ихтэй. Уран сэтгэмжийн хязгааргүй боломжийг маш өргөн ашигласан. Ийм хэмжээнд биш юм гэхэд жаахан дөхүүлэх юмсан л гэж бодсон.

- Номын сангаа танилцуулж болох уу? Ямар ямар ховор нандин номууд байна?

- Олон удаагийн нүүдэл, суудал, өөрийн гэсэн орон гэргүй гэх мэт учир шалтгаанаас номоо бат найдвартай арвижуулах боломж хомс байлаа. Гэхдээ л боломжоороо арвижуулсан. Арвижуулах гэж ч арвижуулсангүй. Нэгийг уншмаар болно, нөгөөг хүн өгнө, ингэж тэгж зөөсөөр овоо хэдэн юм болчхож. Тоолж байсангүй. Багцаагаар 3000 орчим болов уу. Түүхийн талын номууд ихэнхдээ. Уран зохиол, тэр дотор хүүхдийн уран зохиол нэлээн түлхүү бий. Мөн шашин, гүн ухааны номууд, баримтат зохиолууд ч бий байх. Хэдэн бор төгрөгтэй болвол түүнээ хармаалж аваад номын дэлгүүр зорих нь ихэнхдээ, заримдаа ар гэртээ талхгүй ч сугандаа номтой ирэх.

Надад сүйдтэй хуучны ховор ном бараг үгүй дээ. Харин миний хувьд их ховор үнэ цэнтэй ном нэлээд бий. Дурсгалтай, надтай олон жил хамт явсан номууд. Тухайлбал, А.Герцений “Туулсан замд төрсөн бодол” байна. Би 1989 онд хоньчин байхдаа энэ номыг их ч нухаж уншиж билээ. Энд тэнд нь хоолны тос дусчихсан, тэмдэглээд эрээн алаг болгочихсон. Одоо эргээд харахаар тэр цөхрөлтгүй эрж хайж байсан залуугийн минь эрэл, гуниг хоёрыг тэр номын хуудас бүр нь хуучилж буй мэт санагддаг. Бас Добролюбовын “Түүвэр зохиол” байна, гэх мэт.

- Ном уншихын ач холбогдол гэж таныхаар юу вэ?

- Хорвоо ертөнц хэмээхийг ямар нүдээр харна, тийм л байдаг. Тийм ер бусын мөн чанартай. Гайхалтай гэж харвал үнэхээр гайхалтай, хогийн новшийн гэж харвал үнэхээрийн новшийн л байна. Төсөөлшгүй гайхалтайгаар ч харж болно, боломж нь хязгааргүй. Тэгэхээр товчхондоо ном унших нь энэ хорвоо ертөнцийг, ялангуяа хүмүүний ертөнцийг аугаа гайхамшгаар харах боломжийг нэмж өгнө. Хүмүүний энэ хязгааргүй боломжит ертөнцөд төрчхөөд түүний тэр их гайхамшгийнх нь өчүүхэн хэсгийг ч харж чадахгүй харанхуй будангуй өнгөрөөвөл мөн хайран аа? Хайран чиг нэгэн насны амьдрал аа, тийм ээ?

Өөрөөр хэлбэл номгүй байна гэдэг битүү харанхуй өрөөнд хоригдож буйтай адил юм. Эсвэл нэг жижигхээн шагайвчнаас өөр юмгүй өрөөнд. Харин чи ном унших хэрээр тэр шагайвчны чинь хэмжээ томрох болно. Унших бүр томорсоор, чи хаа нэгтээ шувууд шулганаж, цэцэгс алаглаж, янзага тоглож, амьдрал буцалж байгаа орчлон ертөнцийн олон гайхамшгийг улам улмаар харах болно. Эцэстээ чи өрөөнд хашаатай, хүлээтэй, гавтай бус уудам орон зайд эрх чөлөөтэй жигүүрээ дэлгэн шунган дүүлж яваагаа мэдрэх болно. Ингэхэд хүний оюун санаа, сэтгэлгээ чинь зөвхөн эрх чөлөөний төлөө л оршдог юм шүү дээ.

- Ярилцлагын төгсгөлд уншигчдадаа хандаад та юу хэлэх бол?

- Сүүлийн жилүүдэд залуус номд шимтэх болсон нь урамтай сайхан хэрэг. Эрт гарсан чихнээс сүүлд гарсан эвэр гэдэг дээ. Өнөө залуусын сэтгэлгээ, хараа зарим талаар биднээс хол тасраад явчихжээ. Үүнийг мэдрэхэд нэг талаас ичмээр ч, нөгөө талаас баярлан тайвширмаар байдаг. Ингэхэд амьдралын утга учир гэдэг зүйл зөвхөн ирээдүйд л байдаг. Ард мөр үлдээд, урд итгэл найдвар асаж байх ёстой. Тийм үгүй бол мөр үлдэхийн утга үгүй болно. Залуус маань уншиж, бодож, бүтээж, эрж хайж байгаа нь бидний хувьд өмнө минь гэрэлтэж байгаа итгэл найдвар болно. Тиймээс залуус та нарт баярлаж явдгаа л хэлье. Гэхдээ зөвхөн унших хангалттай биш, сэтгэ, бүтээ, тэмүүл. Та нар дараачийн үеэ өөрсдийнхөө өмнөх гэрэлт бамбар болгохын төлөө хичээн хөдөлмөрлө л гэж хэлэх байна. Өнөөдөр, цаг зууртаа улс орны маань нийгэм, эдийн засагт ихээхэн хүндрэл бэрхшээл байна. Түүнийг анхаарахгүй, бидний хэрэг биш мэтээр хөндий хандаж бас боломгүй. Шинэ эрин үе та нартай хамт ирж байна. Тэр эрин үеийнхээ үнэ цэн, зарчим, үзэл санааг та бүхэн өөрсдөө тунхаглан гаргаж ирэх шаардлага бий. Тэгж байж цаг үедээ эзэн нь болно. Бидний алдааг бүү давтаасай гэж хүснэ. 

Албан ёсны сайтаа нээж байгаа ЧҮНДЖ бүлгэмийн залуустайгаа хамт байгаа шүү.

- Танд гялайлаа. Уран бүтээлийн олз омог арвин дэлгэр байхын ерөөл өргөе.

Нийт сэтгэгдэл : 2
Picture
2016-04-24 10:54:22

Сайхан ярилцлага байна. Зөвхөн унших биш сэтгэ, тэмүүл бүтээ гэж яг онож хэлжээ.

Picture
2016-04-20 15:24:48

сайхан ярилцлага байна.