98 11b2aa9328bb74d5d9742e9cbae77632216bc1befd5de37b7b925fd56d4358ce
Яруу сайхан монгол хэлээрээ зөв бичиж, цэгцтэй сайхан ярьж байхын тулд буурал зохиолчдынхоо зохиол бүрийг шимтэн уншаарай.
Зочин:Сайн усныхан овогт Нямсүрэнгийн Энхсайхан
Нийтэлсэн:
2016-04-23
Picture
Их уншигдсан
Сүүлд нэмэгдсэн
Их сэтгэгдэлтэй
Яруу сайхан монгол хэлээрээ зөв бичиж, цэгцтэй сайхан ярьж байхын тулд буурал зохиолчдынхоо зохиол бүрийг шимтэн уншаарай.
Сайн усныхан овогт Нямсүрэнгийн Энхсайхан

Зохиолч, сэтгүүлч, орчуулагч Н.Энхсайхантай ярилцсанаа хүргэе. Өөрөө зохиол бичихээс гадна хятад, англи хэлнээс дуун хөрвүүлдэг чадварлаг орчуулагч гэдгийг нь онцлохыг хүсэж байна.

- Дэлхийн номын өдрийн мэнд хүргэе. Номд анх дурласан түүхээ эргэн дурсвал ямар вэ?

- Баярлалаа, танд бас баярын мэнд. Аав ээжийн захиалж өгдөг байсан орос сэтгүүлээр л анх номтой танилцсан даа. “Маргад Эрдэнэ хотын шидтэн Оз” номыг ангийнхаа хүүхдээс гуйж авч уншчихаад буцаагаад өгч чадахгүй, сайн найзаасаа салах гэж байгаа хүн шиг дурлаж билээ. Тэр цагаас хойш хаа явсан газраа ном шагайж суудаг охин болжээ. Нэг хэсэг урлаг уран сайхан гэж гэртээ ч орох завгүй гүйсэн. Харин 5-р ангийн зунаас эхэлж нагац ахынд хүүхэд харах албанд томиглогдож ирээд номын амтанд эргэлт буцалтгүй орсон доо. С.Пүрэв баавайн “Усны гудамж”-ийг халуурч хэвтсэн хэр нь дэрэн дороо нууж уншиж байгаад ахдаа загнуулж байлаа. Тэр зунаас эхэлж нагац ахын номын сан бид хоёр сайн найзууд болсон доо. Одоо цагаан сараар золгох гэж очих бүртээ өнөө хэдэн номыг эргүүлж хүүхэд насаа дурсах дуртай.

- Одоо ямар номтой найзалж байна?

- Одоо Эрих Фроммын “The Sane Society”, Н.Банзрагч “Улирах цагийн аяс” уншиж байна. Гайхалтай сайхан найз нарын нөлөө гэх үү, санал болгосон, хорхой хүргэсэн, худалдаж авчхаад уншиж амжихгүй яваа ном олон байна.

- Ямар төрлийн номд илүү дурладаг бол?

- Уран зохиолын номоос гадна сүүлийн үед шинжлэх ухаан, гүн ухааны ном түлхүү уншиж байна.

- Өөрийн чинь номуудад гадаад оронд суралцахаар явах залууст хандсан, сургамжтай гэхээр сэдэв их хөндөгддөг. Яагаад ийм сэдэв сонгосон юм бэ?

- Амьдрал тэр чигээрээ асуудал. Гэтэл асуудлыг бас тойрч гарч, бусдын алдаанаас суралцаж болдог юм байна гэдгийг миний зохиолыг уншаад ойлгоосой гэж хүсдэг. Жишээ нь, өнгөрсөн жил “Гүнж” төвтэй хамтарч бүтээсэн өсвөр насандаа ээж болсон охидын амьдралыг өгүүлдэг “Би нисдэг охин” монолог жүжиг, “Дүүлэн нис охин минь” тууж маань амьдралын их далайд хөл тавих гэж яарч байгаа олон охид хөвгүүдэд үнэнийг өгүүлж чадаж байгаа гэж боддог. Энэ нийгмийн төлөө, ирээдүй хойчийн төлөө хичээж байгаа маань энэ. Ганц чаддаг зүйл болох үзэг цаасаа нийлүүлж сууна.

- Залуучуудад заавал уншихыг зөвлөмөөр санагддаг номуудаа нэрлэж болох уу?

- Хүн бүрийн хүсэл сонирхол, зорилго өөр болохоор заавал энэ номыг унш гэхээс жаахан цааргалдаг. Амьдралын агшин бүрийг, өнгө бүрийг сэтгэлдээ ургуулан цаасан дээр буулгах тэр сонин ертөнцийг улам бүр судалмаар санагдаад, бичсэн ном болгоныг нь шимтэн унших зохиолч ч бас байна. Гэхдээ залуучууддаа хандаж хэлэхэд, яруу сайхан монгол хэлээрээ зөв бичиж, цэгцтэй сайхан ярьж байхын тулд буурал зохиолчдынхоо зохиол бүрийг шимтэн уншаарай. Тэгээд дээр нь хос морьтой хүн хол явдаг шиг сурч мэдсэн гадаа хэлээрээ уншиж, орчлон хорвоогийн олон өнгийг олж хараасай гэж хүсдэг дээ.

- Сайтын маань уламжлал болсон бас нэг асуулт асууя. Ном уншдаг арга барилын талаар?

- Арга барил юу байх вэ. Амьдралын минь нэг хэсэг юм. Яг л хоол иддэг шиг, шүдээ угаадаг шиг, дасгал хөдөлгөөн хийдэг шиг л зүйл шүү дээ.

- Сард хэдэн ном унших вэ?

- 5-6 ном унших үе байхад 10 гаруй ном уншсан үе ч байна. Аль болох тогтмол уншихыг хичээдэг.

- Ном унших “зав”-ын талаар хүмүүс янз бүрийн л бодолтой байх юм...

- Хүмүүс бид эрүүл хооллолт, амьдралын зөв хэмнэлийн тухай ярих болохоор “Мөнгөгүй” гэдэг. Ном, унших боловсролоо дээшлүүлэх болохоор “Цаг завгүй” гэж цааш нь тавьдаг.  Өөртөө цаг зав зарцуулна гэдэг амьдралын хамгийн зөв хэв маяг юм болов уу. Зурагт харж, утас шагайх цагаа л ном уншихад зарцуулчихвал болно шүү дээ.

- Номын сангаа танилцуулвал?

- Дэлхийн олон орноор явахдаа тухайн орны номын дэлгүүрээр заавал ордог зантай. Орон орны зохиолчдын англи хэлээр хэвлэгдсэн, олны таашаалд хүрсэн зохиолуудыг цуглуулж унших дуртай даа. Дэлхийг бүтэн тойрох боломж хүн бүрт байдаггүй ч, ном биднийг олон сонин газраар аялуулж, олон сайхан хүнтэй уулзуулж чаддаг. Миний номын сан орон орны зохиолчдын номоор баян.

- Ном уншихын ач тусыг юу гэж дүгнэх вэ?

- Хүүхдүүдэд үгээр биш үйлдлээрээ үлгэрлэх шиг зөв арга гэж үгүй болов уу. Олон аав ээж “Хүүхдээ яаж ном уншдаг болгох вэ?” гэж асуудаг. Хүүхдээ номтой орчинд өсгөж, хажууд нь ном уншдаг л байхад болно шүү дээ. Ном уншлаа гээд ухаантай мундаг болчихгүй шүү дээ. Харин амьдралыг ойлгож, хүн чанарт л суралцдаг юм болов уу гэж би боддог.

- Ямар уран бүтээлээр уншигчдаа баярлуулах гэж байна даа?

- Сүүлийн  үед найзуудынхаа номд хамтран ажиллаж байна. Өнгөрсөн оны сүүлээр сэтгүүлч Н.Нандинцэцэгийн “Нандин” номын редактораар ажилласан. Одоо бас удахгүй хамтарч ажилласан нэг ном маань нээлтээ хийх гэж байна. Ардын дууны тухай ном. Өөрөө бас нэг шинэ номоо эхлээд явж байгаа.

- Үг нь мэргэн, үзэг нь хурц байг ээ. Цаг гаргаж сайхан ярилцсанд баярлалаа.

- Дэлхийн өнцөг булан бүрээс хол ойрыг үл хамааран, ном гэдэг гайхамшигтай зүйлээр нэгэн зорилго дор нэгдсэн найзууд маань ийм сайхан гэгээлэг хуудас нээн, залуусыг номын амтанд оруулж байгаад баяртай байна. Яг л миний нагац ахын хуучин номын сан шиг ЧҮНДЖ хуудас маань, вэб сайт маань олон хүнийг номтой нөхөрлүүлээсэй гэж хүсье.

Нийт сэтгэгдэл : 5
Picture
2017-01-06 07:47:25

Илүү их амжилт хүсье.

Picture
2016-08-30 04:08:32

Amjilt egchdee~

Picture

Minii bas negen gaihaltai nziin mine nuluu namaig nomond durtai bolgoj bn shuu tand amjilt husey web site n ih taalagdlaa

Picture
2016-04-24 14:00:12

Баярлалаа

Picture
2016-04-24 11:11:22

үлгэр жишээ авмаар хөдөлмөрч, дайчин зохиолчдоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Олон олон ном бичээрэй.