БАО ЯН “МУУХАЙ ХЯТАД ХҮН”

Миний хүний мууд дурлаж дуусах үе Хятадын тэргүүн айлчлах үетэй давхцдаг нь ч юу билээ. Айхтар усархаг бороо орж ард түмэн хүртэл тэнгэр хилэгнэлээ гэх. Ерөөс Хятад хүн гэхээр зарим залуус ихэд хилэгнэнэ. Яагаад гэж асуухаар яг тэр гэх шалтгаан хэлж чадахгүй нь олон. Таарсан газраа зодчихъё, харсан газраа нүдчихье гэх хүмүүс ч байх.

Миний бие олон жилийн өмнө тэдний оронд зорчиж эрдэм өвөртлөхөөр явсан юм. Уулзсан учирсан хүн бүр, тэдний үг үйлдэл хийгээд бүдүүлэг байдал, заваан амьдрал, гутранги үзэл, огт инээмсэглэдэггүй шавар царай, чихэн дээр шаагилдах чанга яриа, өмхий самхай гээд л болохгүй бүтэхгүй бүр Хятад хүнээс гараад байна уу даа гэж бодогдож билээ. Хэдэн сарыг ардаа орхиж, ангийн охидтой дотносож ирэх үед харин өнөө байдалд дасаад тэр үү эсвэл хэдэн найздаа итгээд тэр үү нөгөө бүхэн огт хачин санагдахаа болисоор. Их Сургуулийн Япон хэлний ангийн хэдэн оюутан охид надад их тус болсон доо. Мэдэхгүй чадахгүй бүхэнд тусалж, орж гарч гүйсээр нэг мэдэхэд өвөр түрийдээ орсон найзууд болж билээ. Гэхдээ бүгдтэй тийм сайн найз болсонгүй. Анги дотор ар хударгаар муулах, нүүрэн дээр долигнож араас бол хутга шаахаар нөхөд мэр сэр гарч ирсээр. Атаархсандаа болж шээс нь гоожих шахсан зарим нөхөд дээш доош хэл ам татаж гүйх нь бас бий. Одоо бодохнээ тэр үед энэ номыг олж уншсан бол гэж өөрийн эрхгүй санагдсан шүү.

“Жантай ганд ялзарсан өт” гэдэг зохиогчийн үг яг голыг ньолж хэлсэн гэлтэй. 5000 жилийн түүхтэй энэ улсын шоргоолж шиг язганах ард түмэн яагаад “Жантай ган”-д ялзрах болов? Хүлцэнгүй хэр нь хувиа хичээсэн өчүүхэн үзэл яагаад өдий болтол байна? Яагаад Хятадууд олуулаа нийлээд амжилт гаргаж чаддаггүй? Өнгөрсөн түүхээ хэтэрхий шүтэж, асуудал тулгарах тэр мөчид өвөг дээдсээсээ хариултыг хайдаг зан хэнд хэрэгтэй? гэх мэт олон асуултын хариултыг зохиолч өгчээ. Түүний энэ бүтээл анх гарсан даруйдаа (1980д он) түүхэн амжилтыг эвдэхээр олон хувь борлогдож байжээ. Хятад хүн бүрийн унших ёстой ном ч гэж хэлж болохоор…

Энэ нүсэр том улс хийгээд ард түмнийг эрхшээлдээ оруулж, ялан дийлж явсан Монгол ухааны гайхамшгийг хүртэл зохиолч цохон тэмдэглээд авсан байна лээ. “Монгол бол их гайхалтай үндэстэн шүү. Хятадыг байлдан эзэлсний дараа Хятадын уламжлалт соёлыг авахаас шийдэмгий татгалзжээ. Ерэн жилийн өмнө ямар л соёлтой хятад нутагт орж ирсэн, яг тэр байдлаа хадгалсаар ерэн жилийн дараа хятад нутгаас гарч явсан байдаг. Өөрөөр хэлбэл хятадын уламжлалт соёлоос өөртөө хир халдаагаагүй гэсэн үг” гэж бичсэн байна.

Гэхдээ зарим хэсгийг нь уншиж байх үед яагаад ч юм өнөө манай хэн, нөгөө тэрний найз гэх мэт ойр дотныхон хийгээд өөртөө байх алдаа дутагдлыг хүртэл олж харсан шүү.

Нэг зүйлийг хэлэхэд орчуулгын хувьд үнэхээр сайхан, үгийн тайлбар хийгээд зарим хэсэгт зүүсэн утгын тайлбар хүртэл уншихад торох зүйлгүй дөхөмтэй санагдсан.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *