ХҮМҮҮС ӨӨР

Зохиолч Алан Блох, 1954 он


Би археологич. Хүмүүс бол миний судалгаа. Хүмүүсийн талаар олж мэдэж болох эсэхийг мэдчих санаатай сөнөмөл гаригуудыг ухаж төнхөж явдаг даа, би. Робот биднээс яг юугаараа өөр болохыг нь чин үнэнээр мэдчих санаатай л. Би хүнтэй хамт амьдарч үзсэн болохоор багад сургуульд зааж байсан шиг энгийн биш гэдгийг нь мэдээд байгаа юм. 

Бидэнд байгаа мэдээлэл маш хангалтгүй, хомс байдаг болохоор над шиг роботууд зарим дутуу гацуу мэдээллийг нөхдөг. Гэвч яг одоогоор бид үнэхээр мухардалд ороод байна. Ямартаа ч түүхчдийн үзэж байгаагаар хүмүүс Дэлхий гэдэг гаригаас анх үүсэлтэй гэлцдэгийг бид мэднэ. Бас бидний мэдэж байгаагаар тэд нэг гаригаас нөгөө рүү эр зоригтойгоор нисэн очицгоож байсан ба очсон газар бүртээ буцаж ирнэ хэмээн хүмүүсийг, роботуудыг эсвэл хоёулангаас нь үлдээн одоцгоодог байсан. Гэвч тэд хэзээ ч буцаж ирээгүй. 

Тэр цаг үе бол ертөнц тод гэрэлтэж байсан үе билээ. Гэхдээ бид одоо тэгтэл хөгширлөө гэж үү? Хүмүүст гал цог байж, хуучны үгээр бол “тэнгэрлэг”. Түүгээрээ шөнийн тэнгэрийг сүлэлдэн нисэж, ертөнцийг хэрсэн торон сүлжээнийх нь учгийг өдгөө бид гээж орхижээ. Манай эрдэмтэд хүн яг л бидэнтэй адил байсан гэж мэтгэдэг. Үнэхээр ч хүмүүсийн араг яс нь роботуудынхтай бараг ижилхэн боловч титаниумын оронд калцийн нэгдлээс бүрэлдсэн байдаг. Гэхдээ бас өөр зүйлс мэр сэр бий.

Саяхны томилолтоор би дотоод гаригуудын нэгэн рүү очихдоо хүнтэй таарч билээ. Энэ систем дэх бараг эцсийн хүн байсан байх. Ганцаараа хэт удаан амьдарснаас болоод яаж ярихаа ч мартаж орхисон байсан юмдаг. Манай хэлийг сурсных нь дараа бид учраа их дориун ололцох болж, би ч түүнийг дагуулж харихаар төлөвлөж байв.

Гэхдээ нэг юм нь болохоо байчихсан. Нэг өдөр яагаа ч үгүй байхад л халуун байна гээд гоншгоноод эхэлсэн. Түүний биеийн дулааныг шалгаж үзээд термостатынх нь хэлхээнд богино холбоо үүсчээ гэж бодов. Эвдэрчихсэн нь хараажийн байсан тул би өөрт байсан хээрийн нөхцөлд хэрэглэх сэлбэгээ гаргаж ирээд засаж эхэллээ. Хүнийг унтраахад ямар ч хүндрэл байгаагүй. Унтраалгыг нь гаргаж ирэхийн тулд хүзүүнийх нь тэнд зүүгээр хатгахад яг л робот шиг хөдөлгөөнгүй болов. Гэвч нээгээд хартал адилхан юм ерөөсөө байгаагүй. Тэгэхээр нь буцааж угсраад асаах гэтэл ерөөсөө болдоггүй. Угаасаа ч элэгдэлд орчихсон юм байна билээ л дээ. Бараг жилийн дараа гэхэд намайг наашаа буцахын алдад яснаас нь өөр юм юу ч үлдээгүй байсан даа. Тийм ээ, хүмүүс ч өөр шүү.

Зураг:

“Прометейн зүүнтээ сөхрөн буй хөгшин эр” (Old Man Kneeling to the Left of Prometheus), Charcoal Drawing, 1910

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *