他的國 ТҮҮНИЙ ЭХ ОРОН

Хоёр жилийн өмнө Шанхайгаар явахдаа үеийн Хятад залуусаас юу уншиж байгааг нь асуухад бараг бүгд нэг дуугаар Хан Хан гэж хариулсан юм. Түүний шинэ номыг тэсэн ядан хүлээдэг, блогийг нь даган уншдаг 300 сая хүний нэг болохоо тэд ам уралдан ярьцгаана.

2010 онд “Time” сэтгүүлээс түүнийг хамгийн нөлөө бүхий хүнээр зарлаж байжээ. Өдгөө 33 настай Хан Ханыг зохиолч, уралдааны машины тамирчин, блог хөтлөгч, тэрс үзэлтэн гээд тодотгох зүйл ар араасаа үргэлжилсээр. 1999 онд ахлах сургуулийн эхний жилдээ улсын томоохон бичлэгийн уралдаанд (杯中窺人) эсээгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн нь түүний бичлэгийн анхны шагнал байлаа. Жилийн эцсийн 7 шалгалтандаа унасан түүнийг сургууль нь улиран суралцуулахаар шийдэв. Харин энэ асуудалд Хан Хан дургүйцлээ илэрхийлж, Хятадын боловсролын чанар хийгээд цөм хөтөлбөр гэх мэтийг эрс эсэргүүцэж сургуулиа хаяж энэ явдал хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хөдөлгөөд авлаа. Сургуулиа орхисон Хан Хан зүгээр суусангүй. Хэд хэдэн цуврал эсээ бичиж, тэр бүү хэл Шанхайн сургуульд өнгөрөөсөн он жилүүдийнхээ тухай анхны “Гурвалсан хаалга” (三重門) зохиолоо хэвлүүлсэн нь 20 сая хувь борлогдож Хятадын сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй амжилтыг авчирлаа. Гээд Хан Ханы амжилт ар араасаа хөвөрсөөр. Бүр Холливудын кинонд тоглох урилгаас хүртэл татгалзаж явсан гэнэ.

Хятад маягийн “Дон Кихот” гэх үү дээ. Зохиолыг уншиж эхлэхэд л тээр жил сургуулиа төгсөөд Хятадын Таньшан хотод очиж байсан явдал санаанд орсон юм. Үйлдвэрлэлийн тэр хотод агаарын бохирдлоос эхлээд асуудал зөндөө. Хэлбэр дүрсгүй болсон алим жимсийг нь хараад идэхээс эмээж, оройн хоолонд ирэх тавагтай зүйл юу байх бол гэж хүртэл сэжиглэж байснаа нуух юун. Залуусаа хотдоо үлдээж ажиллуулах гэж, төрийн том бодлогыг тэнд хэрэгжүүлэх гэж найз маань чардайтлаа ажиллана. Харин орой бүр архи ууна. “Намайг архичин хүүхэн гэж битгий бодоорой. Найз нь биеэ л бодож байна. Энэ төсөл дуусахад л би энэ хотоос арилсан байх болно” гэж найз маань ярьж байсныг санаж байна. Хан Ханы энэ зохиол ийм нэгэн хотын тухай өгүүлнэ. Гэхдээ егөөдөж, шоглож, ёжилсон маягийн бичлэг нь уншигч намайг уйдаасангүй.

Зуо Сиао Лонг гэх хорь гарсан залуу халууны шилний үйлдвэрт шалгагчийн ажил хийхээс өөр зүйлгүй. Бас мотоциклоор давхих дуртай. Ажлын ачаалал ихтэй үедээ нэг дор 17 мөнгөн устай халууны шилийг амандаа үмхэж, сугандаа хавчуулж, гартаа барьж, бүр бөгсөндөө шургуулж үзэх чадвартай ч “Хэрэв би эмэгтэй хүн байсан бол 20-ийг шалгах байлаа” гэж хэлж байсан удаатай. Эр зоригтой, эмэгтэй хүний хайрыг татсан хүн болохыг мөрөөдөнө. Уг нь хүн нь их цайлган цагаан юм болохоор бусдад гэм хор гэж үгүй.

Түүний оршин суух Тинлин хотод хэвлэлийн шинэ үйлдвэр нээлтээ хийж, нээлтэд зориулж хотын иргэдийн дунд шагнал өндөртэй урлагийн наадам зохион байгуулахаар болсон нь манай залууд өөрийгөө харуулах том боломж олголоо. Найрал дууны багийн удирдаач болох багын мөрөөдлөө сэтгэлдээ тээсээр Тинлин хотын найрал дууны хамтлагийг байгуулахаар шийдсэн нь тэр. Гэвч түүнтэй хамт амьдардаг настай эр, хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёроос өөр хүн олдсонгүй. Өөрт нь хайртай гэх Ниба гэж сургуулийн охинд сайн хандах уу? Эсвэл явдалтайгаараа алдартай Хуанбаотай дотносох уу? гэсэн бодол ээрсээр.

Хэвлэлийн үйлдвэр шинэ төрлийн цаасаар ном хэвлэж, үйлдвэрээс гарсан бохирдлоо хотын дундуур урсах голд асгаснаар тэр голоор ундаасах амьтдын хэмжээ маш богино хугацаанд эрс томорч эхэллээ. Хотынхон айж гайхсан хэдий ч удирдлагууд үүнийг огтхон ч тоохгүй, бүр ногоон байгалиа бид дээдэлж, төр засгийнхаа бодлогыг алдалгүй дагаж, хүн ард маань соёлжиж, соёлын үрийг хаа сайгүй тарьж байна гэх мэт тархи угаасан яриагаараа намжааж орхилоо. Санаа амарсан ард иргэд зааны хэмжээтэй томорсон үхэр, алганд багтахгүй томорсон загас жараахайгаараа бахархаж, бүгдийг нь идэж орхив. Гэхдээ манай залуу болоод түүний найзууд идсэнгүй. Хэвлэлийн үйлдвэр дахин тийм төрлийн цаас үйлдвэрлэсэнгүй бололтой, амьтад хэвийн байдалтай үзэгдэнэ. Удалгүй Америкийн эрдэм шинжилгээний багийнхан ирж өнөө томорсон амьтдыг судлах гэсэн боловч нэг ч амьтан үлдээгүйд гайхшаа барж “Та нар чинь тийм өлсгөлөнд автсан улсууд уу?” гэж хүртэл асууж үзлээ. Тэгээд “Хэрэв тэр үед томорсон амьтдаас үлдсэн аваас 20.000$-оор худалдаж авна” гэж зарласнаас болж хотын иргэд хэвлэлийн үйлдвэрийн гадаа эсэргүүцлээ илэрхийлэн нөгөө хортой цаасаа дахин үйлдвэрлэхийг шаардан жагсах нь тэр. Гэвч энэ арга нь бүтсэнгүй. Өнөө өндөр шагналтай уралдаанд харин хотын даргын найрал дууны баг түрүүлж, манай залуугийн урмыг хугаллаа. Түүний бүтэлгүй явдлууд ар араасаа хөвөрсөөр.

Инээдтэй ч гэсэн эмгэнэлтэй тэр нэгэн хот, гол дүрийн баатар, хотын иргэд бүгд өрөвдөлтэй. Үйлдвэржилт, улс орны хурдацтай хөгжил өнө удаан жил үе дамжин амьдарч ирсэн хүн ардын амьдралд ямар аймшигтай нөлөөлдгийг Хан Хан зоригтой өгүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *