Нийтлэл

Жозеф Конрадын онцлох бүтээл ‘Харанхуйн зүрх’

Английн модернист урсгалын эцэг, тухайн цаг үеийнхээ хамийн олон уншигчидтай ЖозефКонрадын онцлох бүтээл “Харанхуйн зүрх”-ийг Монголчууд маань эх хэл дээрээ унших боломжтой боллоо.

1899 онд Конрад Бельгийн колони Конго улсад очсон бодит туршлаган дээрээ үндэслэн уг туужаа бичсэн юм. Тэрээр Английн худалдааны хөлгийн ажилтны хувиар колоничлолд гар бие оролцож байсан ч тухайн үеийн ихэнх европчуудын адилаар сөрөг талыг нь хараахан олж хараагүй байлаа. Харин 1890 онд Бельгийн нэгэн худалдааны компанитай гэрээ байгуулж Бельгийн колони Чөлөөт Конго улсад уурын онгоц дээр ажиллахаар болжээ. Хэдийгээр Конрад дөрөвхөн сар л Конгод амьдарсан ч колоничлолын үнэн төрхийг олж харсан юм. Тухайн үед Конго улсыг Бельгийн засгийн газар бус Леопольд II хаан захирч, уугуул ард иргэдийг тамлан хэрцгийлж, хөдөлмөрийг нь мөлжиж байсан билээ. Өөрөөр хэлбэл Европ даяараа колоничлолыг соёлжуулан иргэншүүлэх ажил хэмээн харуулдаг ч үнэн хэрэгтээ эрх мэдэл, эд баялгийн төлөө колони улсыг дээрэмдэж, өнгөт арьст нутгийн иргэдийг харгис хэрцгийгээр дарангуйлж буйг тэрээр өөрийн нүдээр харсан юм. Үүнээс хойш найман жилийн дараа үзэж харснаа зохиол болгон буулгаж Харанхуйн зүрх хэмээх хагас намтарчилсан туужаа бичих сэтгэл зүйн бэлтгэлтэй болов. Өдгөө тус тууж Английн уран зохиол дотроос хамгийн олон хүн уншиж, цаашлаад хамгийн ихээр тайлбар хийгдэж, хэлэлцэгдсэн зохиол болжээ. Харанхуйн зүрх туужийг зүгээр нэг унших хангалтгүй. Түүнийг тайлж тайлбарлах, идэвхтэйгээр эргэцүүлэх шаардлага гардаг. Гарчгийн хувьд л гэхэд олон янзаар тайлбарлагддаг. Өнгөц харахад Африк тивийн гүнд орших нэгэн газрыг хэлж буй мэт санагддаг. Европчуудын хувьд найдвартай газрын зураг ч байхгүй, таньж мэдэхгүй элдэв аюул үүрлэсэн, алс хол орших, уугуул иргэдийнх нь арьс зүс ч бараан, бүхэлдээ харанхуй газар юм. Гэхдээ унших тусам зохиолын өгүүлэмж Кафкагийн адилаар улам бүр бэлгэдлийн, хар дарсан зүүдний шинжтэй болж өнгөрдөг. Тиймээс энэ нь хүний сэтгэлийн гүн харанхуй тийших аяллыг төлөөлсөн байж болох тухай өөр нэгэн тайлал бий. Уг тууж XX зуунд туйлын их нөлөөтэй болсонд өөр нэгэн шалтгаан бий. Учир нь түүний бичсэн шиг Европын империализм, колоничлолыг шүүмжилсэн, гэрчилсэн ийм хүчтэй зохиол одоог хүртэл бичигдээгүй бөгөөд нэг зуун жил өнгөрсөн ч энэхүү зохиолыг хүмүүс шимтэн уншсаар л байна. Конрадыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хэмээн зарим нь шүүмжилдэг бол зарим нь тийм биш хэмээн өмгөөлдөг. Учир нь тус зохиолд нутгийн уугуул иргэдийг европчуудаас бүхий л талаар доогуур, соёлгүй бүдээлэг, хоцрогдмол хэмээн дүрсэлсэн. Түүнийг буруутгагчид түүний зохиолоос эргэлзээгүй арьсны өнгөөр ялгаварлах үзлийг олж хардаг бол өмгөөлөгчид нь тухайн үеийн зохиолчдыг одоогийн зохиолчдыг үнэлдэг үнэлэмжээр дүгнэж болохгүй хэмээдэг.

One Comment on “Жозеф Конрадын онцлох бүтээл ‘Харанхуйн зүрх’

Leave a Comment