Wedding dress

Хуримын зочдын хөл хөгжөөн карнай, сурнай хөгжмийн хангинах дууг ч нам даран, дээд цэгтээ хүрчээ. Найган ганхаж, нааш цааш холхилдон бужигнасан томчуудын хөлд томолдох жаалууд хуримын бялуу хуваахыг хүлээнэ.

Цахилгаан гэрэлд умбах саруулхан хашаанд энэхүү найр хурим ид дундаа өрнөж байв. Сүйт хархүү бүсгүйн хамтаар олон гийчдийн харцан доор баахан ичингүйрсэн байдалтай явж, голын ширээ өөд хүрээд, суудлаа эзэллээ. Алга ташиж байсан улс чимээгээ аядав.

Category:

Хуримын зочдын хөл хөгжөөн карнай, сурнай хөгжмийн хангинах дууг ч нам даран, дээд цэгтээ хүрчээ. Найган ганхаж, нааш цааш холхилдон бужигнасан томчуудын хөлд томолдох жаалууд хуримын бялуу хуваахыг хүлээнэ.

Цахилгаан гэрэлд умбах саруулхан хашаанд энэхүү найр хурим ид дундаа өрнөж байв. Сүйт хархүү бүсгүйн хамтаар олон гийчдийн харцан доор баахан ичингүйрсэн байдалтай явж, голын ширээ өөд хүрээд, суудлаа эзэллээ. Алга ташиж байсан улс чимээгээ аядав.

Бүсгүйн өмссөн хуримын даашинзыг цугаараа алмайран ширтэнэ. Илбэдүүлсэн мэт. Арай ахимаг настнууд харц солилцох даруйдаа биширсэн янзтай толгой дохиж байсан бол нөхөрт гарах нас нь нэгэнт болсон бүсгүйчүүд атаархсандаа амьсгаа давчдан байв. Нимгэхэн торгоор урласан, цасан цагаан өнгөтэй энэ даашинзыг алтан утсаар хавж мэтгэсэн нь өчүүхэн төдий гэрэлд ч нарны цацраг мэт гялтганаж, чичгэнэн гялбалзах нь хараа булаам. Сийлбэр адил уран гуалиг галбирыг очтон гэрэлтэх туяагаар бүрсэн лугаа адил нэн ч үзэмжтэй.

Гээд олонх зочид тэгтлээ их гайхаагүйг хэлэх хэрэгтэй. Хархүүгийн эцэг нөлөө ихтэй, хэмжээлшгүй баян хүн болохоор залуу хосын ямар ч адын хүслийг биелүүлж цөхөх юмгүйг зочид мэдэж л байлаа. Хуримын ёслол ч үүнийг гэрчилнэ. Алдар нэртэй дуучид, хөгжимчид, хэдэн зуун зочид энд уригдан иржээ. Хөтлөгч нь хошин шогийн том жүжигчин. Зурагтаар залхтал харсан мөртлөө яг ингээд амьдаар нь учрахдаа зочид их л дуртай байцгаав. Тэрээр хуримын үдшийг эрчимтэйхэн нээлээ.

– Эрхэм зочид оо, бид өнөөдөр Олимхан-акагийн гэрт Уктамхан, Севарыхон нарын хурим найранд оролцохоор хүрэлцэн ирээд байна…

Хөтлөгч их удаан ярьжээ. Хэлсэн үгэнд нь зарим хүн нулимс дусааж, ихэнх зочдын сэтгэл уясан бүлээцэв гэнэ.

Сүйт бүсгүй нүүрээ халхалсан торон унжуурганы цаанаас хайрт залуу өөдөө уярангуй харц шидлээ. Аз жаргалд умбан суусан залуу энэ харцыг мэдэрмэгцээ бүсгүйн гарыг энхрийлэн атгав.

Тэгтэл бүсгүй юу юугүй ухасхийн боссоноо огцомхон чарлаад явчихлаа. Амьсгалж чадахгүй байна уу гэлтэй дуу нь тасалджээ. Толгойгоо хоёр тийш сэжин, хүн хайгаад байх мөртлөө гэнэт сохорч орхив уу гэмээр ч харагдана.

Хархүү эхэндээ учраа олохгүй балмагдан арагш үсэрснээ, удахгүй эхнэр нь болох хүнээ тайвшруулах санаатай чанга тэврэн авав. Севара цочин тэврээс нь мултраад, нөхрийнхөө улаан нүүрэн дундуур тасхийтэл алгадсанд Уктам гуйван тогтлоо.

Зурагтаар ч ийм юм олж хараагүй жаалууд элгээ тэврэн хөхрөлдөж гарахад, “Пээ, нүдний булай!” гэж дуу алдах эмэгтэй хүний хоолой ч сонстов.

Улангассан ааг нь дорхноо намдаж, тамираа барсан бүсгүй аажуухан доош суухад нагац эгч нь гүйн ирж түшээд, хэдэн эмэгтэйн хамт түшсээр гэрт оруулжээ.

Хадам эх нь харин ховорхон буянтай, боловсон хүн таарсан ажгуу. Худын талынхныгаа сэтгэл гарган үдэж өгөхдөө:

– Манай бэрийг цагаан хэл ам дайрах шиг боллоо. Та бүхэн санаа бүү чилээгтүн. Бид сувилж эдгээнэ. Хэрэггүй, хэрэггүй… Түргэн дуудах шаардлага байхгүй. Маргааш зүв зүгээр босоод ирэх ч магад шүү дээ, тийм үү? – гэжээ.

Бэрийн эцэг эх худынхаа гүн хүндэтгэлийг бишрээд, талархал дүүрэн салах ёс гүйцэтгэн гэдрэг одов гэнэ.

Харин нагац эгч нь орон дээр тэрийн хэвтээ, охин тэнгэр лугаа адил гил хархан үстэй зээ дүүгээ хараад:

– Ээ, бурхан тэнгэр минь, хэн хэндээ таарсан хос юм сан… Жаргалтай амьдрах төөрөг үгүй юм болов уу? Одоо яах болж байна? Севара ухаан цэлмэхгүй бол худууд салгана гэвэл яах билээ? – хэмээн шивнэж зогсов.

Севарагийн биеэс салахгүй наалдсан мэт хуримын даашинз Хидоятхон эгчид нь одоо бол тун ёозгүй, муу ёрыг зөгнөж үзэгдсэнд сэжиглэж, инжинд дагалдан ирсэн бөөн хувцас хунарыг ухаж байгаад унтлагын хослол олжээ.

Севара гүн нойронд дарагдсан хэвээр.

Нагац нь эвлэгхэн хөдөлж, дүү бүсгүйнхээ даашинзыг тайлаад унтлагын хувцас өмсүүлэн, толгой доор нь жинтүү ивж, хөнжлөөр хучив. Севара хөшсөн мэт хэвтсээр л.

Энэ үед хаалга зөөлөн тогших чимээ гарав. Хидоятхон үүдний хөшгийг ярвал шилэн хаалганы цаана сүйт хархүү зогсож байсанд дотогш оруулаад, хажуугийн өрөөнд суугаа хүүхнүүд рүү орж очжээ.

Уктамжон хөдөлгөөнгүй хэвтэх Севарагийн зүг түгшсэн харц чулуудаад, өрөөний голд хэсэг зуур гөлрөн зогсов. Тэгээд хананд өлгөөстэй том толь руу өөрийн мэдэлгүй явж хүрлээ. Ширээний бүдэг гэрэлд өрөөн доторх харагдахтай үгүйтэй агаад Уктам толинд туссан дүрээ олж харжээ. Толин чанадын ертөнцөд Уктамын тод хар хослол бүүдийн сааралтаж, энэ өрөөний манантсан хувилбар тэр чигээрээ тусаж харагдана. Бүх юм ийм бүдэг бадаг атал хүүхэн болгонд тааламжтай харагддаг Уктамжоны эрэмгий бардам, эгэлгүй сайхан царай л толин доторх харуй бүрийг нэвтлэн тодоос тод гэрэлтэж байжээ.

Чанх ард нь сүр сархийх чимээ Уктамын сонорт гэнэт дуулдав. Толин дотор хачирхалтай гэхэд ч багадам зүйл өрнөж эхлэх нь тэр ээ. Өрөөний голд, сандлын түшлэг дээр цавцайн цайрч асан хуримын даашинз хөдөлж, үл үзэгдэх хүн өмссөн юм шиг өндийгөөд иржээ. Тэгснээ нэвсгэр хормой нь хивсэнд шүргэн хөвсөөр Уктамжоны зүг хөдөллөө.

Залуу эр толины хүйтэн шилнээс харц салгаж чадахгүй хөшиж орхив. Эргэж харах тэнхэл бүр ч алга. Бугуй хэсгээрээ дэрвэгэр урт ханцуй дээш өргөгдөн, Уктамжоны хүзүүгээр тэврэн авлаа. Сүнс нь зайлах дөхсөн эр хашхирах гэсэн боловч хоолой нь таг, хамраараа гунганан гиншсэнээс цаашгүй юм болов.

Гэтэл үл үзэгдэгч цэв хүйтэн гар түүнийг арагш харуулаад, сандал чиглүүлэн захирангуй түлхжээ. Уктамжон дуулгавартай нь аргагүй хэд алхаад, сандал дээр суув. Хоёр алхмын зайд залуу эхнэрийнх нь даашинз хөвсөлзөн дүүжигнэнэ.

Энэ хоромд танил дуу хадаж, гашуудсан өнгөөр:

– Ахиад л уулзлаа даа, Уктам-ака минь. Гэрлэсэнд баяр хүргэе… – гэлээ.

Хархүүгийн амьсгаа дээрдэж, уруул амаа эвлүүлж цөхөн, ээрч муурсан дуугаар:

– Сайера юу? Үгүй, энэ чинь Сайера чи гэж үү? Чи л байна шүү дээ… Гэхдээ ийм байж боломгүй… – гэв ээ. – Би үхсэн, тэр бол үнэн. Гэхдээ чи харж байгаа биз дээ? Хуримын даашинз өмсөх азтай өдөр надад ч бас ирдэг л юм байна. Сайерад чинь зохиж байна уу? Чи хэлээд аль! Дүлий дүмбэ царайлахын хэрэг юун? Хуримын даашинз маягтай сайхан зохино гэж чи намайг ятгадаг байсан биз дээ?

Ингэж хэлээд даашинз бүжих янзаар ганхан өрөөг хоёронтоо тойроод, алмайрч хоцорсон Уктамжоны өмнө эргэн ирлээ.

– Та юунд ингэтлээ дагжина вэ? Таны хамаг үйлс бүтэмжтэй байгаа бус уу? Гэхдээ байзнаарай… Энэ нүгэлт хорвоод таныг өвчиж дуурайсан баатар эр мэндлэх ёстой байсан нь тун саяхан шүү дээ, – гэснээ мөнөөх хоолой зангирч, – Танаас болоод төрөөгүй, – гэлээ. – Юу гэнэ ээ? Миний буруугаас болсон гэж чи сая хэлэв үү?! – Өө, нээрээ тийм л дээ… Бид хоёулаа буруутай гэж та бодож яваа. Биеэ галд өргөх тэр мөчид… – Яах гэж тэгсэн юм бэ, Сайера?! – Бурхан минь, та чинь… миний хойноос харуусаад байна уу даа? Та л өөрөө “битгий замд гай бол, би өөр хүүхэнд хайртай” гэсэн биш бил үү?

Даашинз татвасхийх шиг болоод, үл харагдах алхаан тоогоор займчин дайвсаар хана налаад зогсов.

Уктамжон сандал дээрээс өндийх гэсэн хэдий ч юу нь мэдэгдэхгүй нэгэн хүч ер хөдөлгөхгүй таг барьжээ. Тэгэхэд нь Уктамжон ахин хамаг чадлаа дайчлан зүтгээд босож чадсангүй, тэнцвэрээ алдан унахдаа орны хөлд нуруугаа айхавтар нидрээд, ёолон хашхирах гэсэн ч хоолой багалзуур нь агшаад дуу үл гарав.

– Мянгантаа харамсдаг, – гэж даашинз хэллээ. – Би тарчилж гүйцсэн шүү дээ…

Уктамын шар үс босох шиг болов.

– Миний тавиланд та эцсийн цэг тавьж орхиод явсан тэр шөнө… Үүр цайхыг би арайхийж тэсэн хүлээсэн. Хэвлийд үр минь тийчигнэх бүрийд тэвчиж үл болом гаслан төрж, огиудас цутган, зүрх сэтгэлийн тэртээ доод ёроолоос шаналал оргилж арга тасарсан сан… Өглөө болоход миний сэтгэл нэгэнт шулуудсан байлаа. Хөөрхий ижий минь амилж босоод гуйлаа гээд ч намайг зогсоож дийлэхгүй л байх сан. Эцгийнхээ, хахир хойт эхийнхээ нэрийг шившиглэвэл цаашид яаж амьдрахаа мэдэхгүй горь тасарсан. “Өнөөдөр л гүйцээе. Алгуурлах хэрэг алга” гэж бодов. Эцгийнхээ тэргэнд явж хүрэхэд хөл минь чичирч байлаа. Түлшний сав авч, бие дээрээ бензин нэвт асгаад харсан зүгтээ алхаж гарсан юм. Хашаанаас гараад гол руу зүглэснээ санаж байна. Ямар учраас усанд татагдаад байснаа мэдэхгүй. Гэхдээ “шатах ёстой, энэ бол цорын ганц гарц мөн” гэсэн бодол уснаас намайг холдуулсан юм даг.

Энэ л таарна гэсэн газрыг олж зогсоод, хормойндоо шүдэнз асааж тавьсан. Галын дөл нүүр өөд асан хуйлрахад тэвчих аргагүй өвдөж, газар тийчилж унаад хашхирч гарлаа. Мянга мянган жил үргэлжлэн өвдөх шиг санагдсан сан. “Эзэн тэнгэр минь, нүгэлт намайг өршөөн хэлтрүүлээч…” Ингэж л бодож амжсан даа.

Нэг мэдэхэд өвдөхөө байж, би дээш хөөрч явлаа. Тэртээ доор мушгиран хэвтээ нүүрс болсон цогцос саяхан минийх байв гэж итгэмгүй. Сүнс маань хаашаа ч юм бэ шалавлан дүүлнэ. Доош харвал улаан цөл харагдав. Удалгүй нэг л хачин, сөөнгөдүү дуу хоолой гарлаа. Хэн ч алга. Тэгтэл бодлыг минь уншив уу гэлтэй:

– Газар дэлхийн эм чи юунд махан биеэ галдав? Танай нутгийн хүүхнүүд яагаад ингэдэг юм бэ? Уг нь мэдэх ёстой юмаа мэддэг сэн бол яавч амь биеэ егүүтгэхгүй дээ, – гэлээ.

Хачирхалтай нь, би айхгүй байх юм. Сүнс болоод нисэж яваагаа ч гайхахаа болилоо. Тэгээд хэлэв:

– Яах гэж та намайг авраа вэ? Би амьд явмааргүй байна!

Өөдөөс инээлдэж байна. Арай зөөлөн, эмэгтэй хүнийх болов уу гэмээр өөр нэгэн хоолой:

– Бид чамайг авраагүй. Сүнс үхэшгүй мөнх шүү дээ! Та нарын үхэл гэж нэрлэдэг зүйл чинь хүн оршин байх төлөвөө өөрчилж буйг л хэлдэг юм. Ийм хялбархан үнэнийг чи мэддэггүй хэрэг үү? Танай мэргэд олон мянган жилийн өмнө нээчихсэн юм сан! – гэв.

Хэлэх үг олдсонгүйд би дэмий л дуугаа хураалаа.

– Цочирдчихож, – гэж бас нэг нь тоомжиргүй хэлснээ надад хандаж, – Тайвширч үз. Чиний дөнгөж сая үзэж туулсан ийм тарчлалаас танай гарагийн хүмүүсийг бид хамгаалах учиртай. Иймд чи хэрэг болно. Тусална гэдгээ л амла. Бусдыг нь заагаад өгөмз, – гэж хэллээ.

Би зөвшөөрсөн юм. Хоёр биедээ хайртай хүмүүст аюул занал нүүрлэвэл очдог болов. Эмэгтэй, эрэгтэй ямар ч хүний оюун санаанд нэвтэрч би чадна. Хайр сэтгэл, амь амьдрал гээч хэчнээн сайхан зүйл болохыг, хэзээ ч хэрэлдэж маргах хэрэггүй гэдгийг ойлгуулдаг гэх үү дээ.

“Аан гээд, уун гэж бай. Ямар ч үед битгий муухай хэрэлдэж бай” – гэж би хэлдэг. Хүнтэй харьцахад даашинз хэрэг болдоггүй л дээ. Зүгээр л… Битгий уурлаарай… Түр ч атугай таны сүйт бүсгүй мэт байж үзэх гээд. Хуримын энэ даашинзнаас өнөөдөр цацраад байсан гэрэл бол урьд өмнө танд орхигдож шаналсан сэтгэлийн минь өчүүхэн хэлтэрхий гийж байсан нь тэр юм. Анзаарч мэдэрсэн хүн харин байгаагүй.

Севарагийн гарыг халуун алгаараа атгах мөчид тань гэнэтхэн миний хар хөдлөөд… Намайг өршөөгөөрэй. Хар хорын сэтгэл оволзоод, золтой л сүйт хүүхнийг үнсэн товрог болгочихсонгүй. Ингээд л түүний бие муудсан хэрэг. Буян үйлдэх агуу хэрэгт намайг сонгосон ТЭД аз болж дундуур оржээ. Намайг тайтгаруулж, тантай ийнхүү ярилцах боломж олгосон. “Хөөрхийлөлтэй нэгэн бүсгүй, орчлонд мэндэлж амжаагүй хүүхэд хоёрын аминд хүрснээ санаж яваарай” гэж танд хэлүүллээ. Энэ нүглээ наминчилъя гэвэл эхнэрээ үргэлж хайрлаж, халамжлах ёстой юм шүү. Ингээд хагацъя даа…

Уктам орилъё гэж санатал өдийг хүртэл хөдлөхгүй хэвтсэн Севара хөрвөөлөө. Уктамжон айсан нүдээр хайрт бүсгүйгээ нэг хараад, хуримын даашинз руу бас хяламхийв. Даашинз сандлын ар дээр тохоостой харагдана.

“Энэ яг юу вэ? Нүдэнд хий юм үзэгдэв үү?” – хэмээн Уктам бодлоо. Гэтэл үүнийг нь сонссон юм шиг, холдон одож буй сарниу бөглүү дуу:

– Хагацъя даа… Санаж яваарай. Жилийн дараа танайд охин төрнө. Тэр үед би Дэлхий дээр эргэж ирнэ ээ… – гэж шивнэх дуулджээ.

Үүр цайх дөхөж, Севара ч сэрэв. Өчигдрийн явдал ой тойнд нь үлдсэнгүй. Сониуч сэргэлэн нүдээр эргэн тойрноо гүйлгэн харснаа, толгойгоо барин тонгойж суугаа нөхрийнхөө зүг ухасхийн очжээ.

– Ямар муухай хар дарав аа! Яривал та итгэхгүй дээ. Унтаж амрах ч үгүй шөнөжин хоёулаа хэрэлдэв гэж зүүдэллээ.

Уктам Севарагийн мөрөөр зөөлөн тэврээд, нүдийг нь хайрлан ширтэж:

– Энэ зүүд чинь хэзээ ч биелэхгүй… – хэмээн шивнэжээ.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Wedding dress”